Сэвлэгнийх нь үнэр арилаагүй есхөн настай балчирхан охин минь ээ, үртэй бүхэн үрийнхээ оронд дүрийг чинь амилуулан бодож, үүрч одсон тарчлаан бүхнийг чинь нүд, сэтгэлийнхээ өмнө зураглан бодсоор зүрх, тархиа шархируулан нулимсаа залгицгааж байна. Чиний минь турьхан гар, хөлийг “аав” гэх алдар зээлж, хүний хорвоод амьд яваа араатан хэрхэн суран бүсээр ороолгож, хэдэнтээ өшиглөн, занчсаныг ээж чинь ч хэлж чадахгүй, мэддэг бүхнээ залгин байна. Охин минь чиний үүрч гэтэлсэн яргын төлөөсийг үйлийн үрийн бурханд даатгаад орхих хэтэрхий харамсалтай байна. Алгын чинээхэн булбарай хацар, шанаа, дух, нүүр, нүдийг чинь хавдаж, шархалтал алгадаж, хана, шал өөр юу руу ч юм савж, дэвсэлсэн гэдгийг шүүх эмнэлэгийнхэн нотолж байна. Бэхжиж амжаагүй, нялххан бие чинь юутай их зүдэрч, аврал эрэн уйлж, өвдөн шаналсныг хугарч, бороолсон 4-5 хавирганы чинь зураг баталлаа.
12 хуруу гэдэс няцарсан, бүдүүн гэдэсний чацархай урагдсан гээд хөхөрч, бяцарсан эд эрхтэн бүхэн чинь аймшигт орчинд амьдрах гэж хэрхэн дагжин чичирч, бүлтэлзэн, навтасхийж хорвоогийн өдрүүдийг бардаг байсныг илчилж байна. Бурхан минь, юутай их тамлал вэ. Есхөн настай нялххан охин минь дээ, сэвлэгний чинь үнэр сэнхийх шиг болов. Божин борхон гарт чинь барби бариулаад, томоогүй, сахилагагүй хэрнээ ухаалаг, хэрсүү яриаг чинь дэмжин инээх сэн. Зуу зуун есөн настан дунд чамайг оруулж, өдөржин тоглоомын талбайд өнжих танхил охидын адил хөөрч, баясахыг чинь харах сан.
Даанч чи явжээ. Ээждээ, аав гэх араатанд, эргэн тойрны хөршүүддээ, залбирлыг нь сонсоогүй бурханд, хуурмаг нь дэндсэн хувь заяаны тохуурхалд, худал амлаж, хяналтгүй тогтолцоог бүтээгчдэд, хүүхдээ хайхардаггүй, харалган төрд, үрсийнхээ амьдарч байгаа орчныг үнэлж чаддаггүй хороо, нийгмийн ажилтанд, хүчирхийлэгчийн өмнө хүчин мөхөс цагдаад, төрийн түшээ ээжүүдэд, архи үйлдвэрлэгчдэд, худалдан борлуулагч, хундага руу өнгийж, хувь заяагаа уугсдад, үнэнийг дэнслэлээ ч үрээ хамгаалж чадахгүй дальдчих ээждээ, гээд бүхэнд гомдоод, тэнгэр болжээ.Ивий дээ. Хэчнээн удаа 40 хүрч яваа эрийн гарт жанчуулж, бархиран, хашхирах дуунд нь дэрсэнд хярах бөжин адил биеэ хураан далдичсан бол доо.
Зангидсан гар, зандарсан багалзуурын өмнө хэчнээн удаа дагжин чичирч, өшиглөх, алгадах бүрд нь эвхрэн унасан бол. Ивий хонгор үр минь. Ийм хүчирхийллийн өмнө чи минь даанч балчирджээ. Эсэргүүцье гэвч уйлахаас өөрийг чадахгүй, зугатъя гэвч очиж, ховлох газаргүй олны дунд бяцхан үр дэндүү гарцаардаж, яахаа мэдэхгүй явсаар эцэст нь бурхан болчихлоо. Уртаас урт жагсаалт гаргаж, буруутан бүхнийг тодруулж, хүүхдийн төлөө за гэж хэлэх учиртай бүхний чихэнд хонх уяхаас өөрийг хийх боломж даанч үлдсэнгүй дээ.
ХОРОО, ДҮҮРГИЙН НИЙГМИЙН АЖИЛТАН, ЗАСАГ ДАРГА, ХЭСГИЙН АХЛАГЧ, ЦАГДАА БУРУУТАН НЭГ.
Энэ хэрэг өнгөрөгч ням гарагт, Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарлаа. Хойд эцэгтээ удаа дараа зодуулдаг, хүчирхийлэл дунд амьдарч байсан талийгаач Э 36 настай Б гэгчийн гарт амиа алдсан байх магадлалтайг албаныхан хэлж байгаа юм. Талийгаач охин ээж, хойд аав, 12 настай эгч, хоёр настай эрэгтэй дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг байжээ. Ээж нь өдгөө давхар биетэй бөгөөд цагдаагийнханд “Миний хань охинд ганц нэг удаа гар хүрдэг байсан. Манай гэрт хүчирхийлэл байдаггүй” гэх утга бүхий мэдүүлэг өгч, хэд хэдэн цахим сайтад энэ тухайгаа дэлгэрүүлэн ярьсан байгаа юм. Ийм эх хүн байх уу.
Үрийг нь эрийн сүг болсон араатан тамлан зовоож, шүүслэн тарчилгасаар алчихаад байхад “Манай гэрт хүчирхийлэл үйлдэгдээгүй” хэмээн гэмтнийг өмгөөлөн ярих тулгар биетэй ээжийн яриа сэтгэл эвгүйцүүлнэ. Нөгөө талаараа хүчирхийлэл дунд удаан амьдарсан эмэгтэй хүн бүхнийг илчлэх, үнэний талд бат зогсох, өөрийгөө хамгаалах чадваргүй, айдастай, зориггүй болсон байх нь бий. Тэгэхээр үрийнхээ тамлалыг мэддэг энэ ээж яагаад бүхнийг илчлэхийг хүсэхгүй байгааг сэтгэл зүйчид анхаарч ажилламаар байна. Учир нь, охины ээж давхар биетэй төдийгүй, 12 настай том охин нь хөгжлийн бэрхшээлтэй, хоёр настай хүү нь нялх. Тиймээс амьдралын ачааллаас гадна, өөртөө итгэх итгэлгүй орчин нөхцөлд олон жил айдас, дарамттай амьдарснаас болж, эмэгтэйд бүхнийг илчлэх зориг, зүрх дутуу байх шиг. Тэгэхээр хүчирхийллийн голомтод түгшүүр дунд хэтэрхий удаан амьдарснаас үүдэлтэй сэтгэл зүйн доройтолд талийгаач охины ээж орчихсон байхыг үгүйсгэх аргагүй юм аа.
Яг ийм “түгжээ”-нээс нь Э охины ээжийн зүрх сэтгэл, тархи, ухамсрыг чөлөөлж байж бүсгүй үрсээ өмгөөлж, хамгаалах итгэл олж авч ч болох юм аа. Тиймээс бүхнээс урьтаж, ээжийг буруутгахгүй, уриа лоозонгийн шинжтэй болоод удсан хүүхэд хамгааллыг сайжруулахын төлөө хороо, дүүргийн нийгмийн ажилтан, Засаг дарга, хэсгийн ахлагч, цагдаа нарын нүд, чихийг онгойлгоё. Мөн айл бүрийн хаалганы цаана хүчирхийллийн ямархан хэлбэр нуугдаж байгааг мэргэжлийн ур чадвартай, тусгай сэтгэл зүйчдийг дайчлан илчлэе. Тэгэхгүй бол нялх, балчирхан үрс минь томчуудын гарт тарчилсаар хорвоогоос буцдаг тохиолдол нэмэгдсээр л байна.
ХОЙД ААВ, ЭЭЖИЙГ БҮРТГЭЕ ХОЁР.
Ямар хүнийг жинхэнэ эр хүн гэж үнэлэх ёстой вэ гэсэн асуултыг нэгэн эрхэм надаас лавлаж байсныг ер мартдаггүй юм. Хариултад нь “Мужик, гүндүүгүй, шударга, булчинлаг, албан тушаалтай, боловсролтой…” гэх мэтээр байж болох хувилбарыг хэлсэн ч өнөөх эрхэм “Оносонгүй” гээд ёжтойхон инээвхийлж суусан сан. Гэтэл хэдэн өдрийн өмнөөс өрцөнд гомдол, айдас, бухимдал зэрэгцэн, шархиран байсан бүхэнтэй зэрэгцэн өнөөх эрхмийн хэлсэн хариулт яагаад ч юм зурсхийн, бодогдоод болдоггүй ээ. “Дэргэд нь хүүхэд, бүсгүй хүн хоёр айж, эмээхгүй байж болдог хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм аа. Хүүхэд, эмэгтэй хүн хоёрыг айлгадаг, сүрдүүлдэг, дарамталдаг, зоддог, хүчирхийлдэг, сэтгэлийг нь түгшээдэг бол эр хүн биш, араатан юм шүү дээ” хэмээсэн эр хүний талаарх тодорхойлолт яв цав энэ цагт таарч байх юм.
Тэгэхээр хүний амьдралын алдаа оноо бүрийг дэнсэлж байх боломж хомс энэ цагт хойд аав, ээжийг бүртгэе. Тодруулбал, хэрэв та хүүхэдтэй ч хэн нэгнийг хамтран амьдрагчаар болон амьдралынхаа ханиар сонгосон бол хороо, дүүрэгтээ бүртгүүлж, мэдэгддэг байя. Ингэснээр тухайн дүүрэг, хорооны нийгмийн ажилтнаас эхлээд Засаг дарга, нийгмийн ажилтан, хэсгийн цагдаа нар бүртгэлтэй өрхөө шалгаад, ам бүлийнх нь чухал гишүүн болох хүүхдээс хойд аав, ээжийнх нь талаар “шалгалт” авдаг байя. Хэрэв энэ ажил хууль, дүрэм, журмаар баталгаажаад эхэлбэл хамтын амьдралаас үүдэлтэй, хойд аав, ээжийн дарамт, харгислал, хүчирхийлэл багасахаас гадна хүүхэд, эмэгтэйчүүд хаана хандахаа төвөггүй мэддэг болно. Мөн энэхүү ажлаар дамжуулж, сэтгэл зүйчид олноор ажилтай болно. Учир нь, хүүхэд, эмэгтэйчүүдтэй харилцах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө, мэдээлэл өгөх боломжтой болно. Энэ үйлчилгээг хороо, дүүрэг бүрд хэрэгжүүлж чадвал хүүхэд нэг удаад нь бус юм аа гэхэд дараагийн удаад асуудлаа дэлгэдэг болно.
Мэдээж энэ ажлыг бүрэн, бие даасан эрхтэй болгохын тулд судалгааны багийнхан буюу сэтгэл зүйчдийн илрүүлж, олсон бэрхшээлтэй гэр бүлд туслан, зөвлөх, аврах цогц үйлчилгээг үзүүлэх боломжоор хангах ёстой. Тэгэхээр зүгээр л бүртгэл хийчихээд, “Бидэнд хуулийн дагуу арга хэмжээ авах эрх байдаггүй. Бид зөвхөн танайх хүчирхийллийн голомт мөн үү гэдгийг л тогтоож, бүртгэж авах үүрэгтэй” хэмээгээд буцдаг байвал энэ ажил хэзээ ч үр дүнгээ өгөхгүйгээс гадна, хаалганы цаадах хүчирхийлэл буурахгүй. Харин ч харгислал, доромжлол, өш хонзогнолыг гааруулна.
ЦААЗЫН ЯЛЫГ СЭРГЭЭЕ
Хүүхэд, эмэгтэйчүүдийг хэрцгийгээр зодож, амь насыг нь хохироосон гэмт хэргийн тоо буурдаггүйн шалтгаан нь юу вэ, Ерөнхийлөгч өө. Хууль нь хүний амины үнэгүй, хямд учраас хүүхэд, эмэгтэйчүүдийг яргалж, эцэст нь амийг нь хөнөөдөг үйлдэл гаарсаар байна. Мэдээж он гарсаар юм уу энэ оны эхний есөн сарын байдлаарх хүний амь нас эрсдсэн тоог хармааргүй байна. Дотор эвгүйрч, зүрх чичрэм тоо гарах нь лавтай. Тиймээс зөвхөн ойрын өдрүүдэд гарсан дуулиант, эмгэнэлт хэргийг энд онцлоё.
-Энэ сарын 14-15-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 26 настай, эмэгтэй Х нөхрийнхөө автомашинд дайруулан нас барсан хэрэг гарсан. Хохирогч эмэгтэйн нөхөр болох 28 настай иргэн Ц нь түүнийг хэрцгийгээр зодон, гарч зугатаахад нь араас нь автомашинаараа хөөн дайрсан гэх мэдээ биднийг сэртхийлгэсэн.
-Сүхбаатар дүүрэгт хойд эцгээ, ээжийнхээ хамт хөнөөсөн ноцтой гэмт хэрэг гарсан.
Тодруулбал, энэ сарын 15-нд СБД-ийн XX хорооны нутаг дэвсгэрт тус хороонд оршин суух 30 настай, эрэгтэй Э согтуурсан үедээ гэр бүлийн маргааны улмаас өөрийн ээж 56 настай Т, хойд эцэг 49 настай Б нарын амь насыг нь хохироосон байлаа. Энэ мэт согтуу үедээ аав, ээж, эхнэр хүүхдийнхээ аминд хүрсэн үйлдэл тасрахгүй байна. Тэгэхээр хүүхдийн хүчирхийлэл, амь насыг хохироосон, хэрцгийгээр зодож, тамлан амийг нь хөнөөсөн бол цаазын ялыг хэрэглэе. “Цаазын ялыг сэргээе” гэх бүрд хүний эрх ярьдаг “ухаантнууд”-д хандахад гэм, зэмгүйхэн балчирхан үрс минь айх айдасгүй, эрүүл, аюулгүй амьдрах бүрэн эрхтэй шүү. Томчуудын эрх хүүхдийн эрхээс дээр байж боломгүй.
үндэсний шуудан сонин