Comment.mn

О.БААСАНХҮҮ: УИХ-ЫН 30 ГАРУЙ ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЖ ШАЛГАХ ЁСТОЙ

УИХ-ын гишүүн асан, хуульч О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгуулийн талаар яриагаа эхэлье. Таны хувьд байнга хагаралдаад байдаг Ц.Нямдоржтой нэг тойрогт өрсөлдлөө. Үүнээс гадна эрдэнэтчүүдийн хувьд ч мөн сонин сонголтыг хийлээ. Сонгууль ямархуу болж өнгөрөв?

-Сонгууль дуусчихсан байхад сонгуулийн талаар ярих нь утгагүй асуудал.

-Та тэгээд сонгуулийг шударга болсон гэж дүгнэж байгаа юм уу?

-Монгол Улс даяар шударга бус болсон шүү дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. УИХ-ын гишүүд ч зөвшөөрч Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийг сольсон гэж би ойлгож байна. Гэхдээ шударга бус болсныг хүлээн зөвшөөрсөн атлаа 76 нэр дэвшигчийг яагаад УИХ-д өргөн барьсныг гайхаж байна л даа. Сонгуулиар зохион байгуулалттайгаар нэг хүнийг унагаахын төлөө ажилласан. Үр дүндээ хүрсэн. Одоо нэгэнт сонгууль дууссан. Тиймээс гоншгонож байгаа юм шиг энэ талаар яримааргүй байна.

-Та сонгуулиас өмнө яагаад АН-д орсон юм бэ?

-Би АН-д орсон юм биш шүү дээ. Хүмүүс намайг АН-д шинээр орчихсон юм шиг бараг С.Эрдэнээгийн гэрт амьдарч байгаа мэтээр яриад байдаг. Үгүй. 1994 онд оюутан байхдаа анх АН-ын гэрчилгээ авсан. Түүнээс хойш 2011 он хүртэл энэ намын гишүүн байсан. Харин 2011 онд Н.Энхбаяр даргыг өмгөөлөх асуудал гарсан. Мөн тухайн үеийн УИХ-ын гишүүн байсан Ц.Шинэбаяртай нийлж шинээр МАХН-ыг байгуулсан. Тэр цагаас эхлэн найман жил МАХН-ын гишүүнээр байж байгаад сая АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн төдий. Тэгээд ч МАХН-аас урваж шарваад АН-д орсон юм биш. Би МАХН-д байхдаа бие даасан гуравдагч хүчнийг бүрдүүлье, нэг хүний хараат бус, гэр бүлийн нам шиг байхыг болиулъя гэж тэмцэл өрнүүлсэн. Хувиасаа 127 сая төгрөг гаргаж намын их хурлаа хийсэн. Харамсалтай нь миний энэхүү тэмцэл олон эрх ашгийг хөндсөн бололтой. Ялангуяа Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй зарим хүмүүсийн уурыг үнэхээр барсан гэж би боддог. Учир нь хурал хийгдсэн цагаас эхлээд яагаад энэ хурлыг хийв, хэн санхүүжүүлэв гэх зэргээр хууль хүчний байгууллагууд намайг шалгаж дарамтлах, байж суухын аргагүйгээр гүтгэн доромжлох, зохион байгуулалттайгаар хэвлэл мэдээлэл, сошиал орчинд гутаах, амь насанд илт заналхийлэх зэрэг зохисгүй үйлдлүүд олноор гарч байсан. Ямар сайндаа л аргаа барьж нутгийн ах Т.Бадамжунай дээр очин архи ууж, мөнгө олж өгөөч гэж бичлэгдүүлж байхав дээ. Би тэр бичлэгээс Монгол Улсад хууль үйлчилдэггүй юм байна, УИХ-ын гишүүнийг дураараа тагнах, мөрдөх нь хэвийн үзэгдэл юм байна гэж ойлгосон.

Магадгүй зарим хүмүүс намайг тэр бичлэг болон гутаан доромжлолоос болоод ялагдсан гэж бодох байх. Гэхдээ би өөрийгөө тэгж боддоггүй. Би УИХ-д найман суухдаа шударга үнэний талд зогсож, авлига албан тушаалын хэргийг зогсоолгохын төлөө тууштай ганцаараа тэмцэж ирсэн. Энэ нь олон хүний эрх ашигийг хөндсөн учраас зохион байгуулалттайгаар миний эсрэг бүгд хөдөлсөн гэж би боддог. Би тэдний эрх ашгийг хөндсөн олон хэргийг ярьж байсан. Жишээлбэл, “Жи-Тайм”-ын сүлжээний хэрэгт хууль хүчний байгууллага нарийн зохион байгуулалттай оролцсон асуудал бий. Стандартад банкинд 40 сая ам.долларыг төлсөн асуудалд бас л үл ойлгогдох зүйлүүд ихээр явсан. Эрдэнэт үйлдвэрт онц дэглэм тогтоосоны дараа хийгдсэн нэг их наяд орчим төгрөгийн шууд худалдан авалтын гэрээний асуудал. Цаашлаад Оюу толгой, Таван толгой, нүүрсний хулгай гэх мэт зүйлийг илээр бүр хүмүүсийн нэрийг нь хэлж ярьдаг байсан. Ингэж ярьж байгаа хүн нам шинэчлэх, гуравдагч хүчнийг амилуулах зэрэг ажлуудыг бодитой болгочих юм бол тэдний хэнд нь тааламжтай байх билээ дээ. Тиймээс ганцаараа зүтгэвэл хол явахгүй юм байна гэдгийг би өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд маш сайн ойлгосон.

-Та Т.Бадамжунайг МАНАН-ийн хүн биш гэх гээд байна уу, эсвэл…?

-Би чамд МАНАН-ын талаар ярьж өгөх хэрэгтэй юм шиг байна. МАНАН гэдэг нэрийг анх Баабар гаргаж ирсэн. МАНАН буюу зохион байгуулалттай эрх мэдэл албан тушаалын бүлэглэл байдаг уу гэвэл байдаг. Загалмайлсан эцэг нь Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж хоёр гэж боддог. Энэ мафийг хөгжүүлэхэд нь Х.Баттулга, Т.Бадамжунай, У.Хүрэлсүх нар онцгой үүрэг гүйцэтгэсэн. Би хуульч хүнийхээ хувьд МАНАН гэдэг нэршилд дургүй. Эрх зүйт нийгэмд гэмт хэрэгтэн, гэмт хэрэгтэн биш л гэж байх ёстой. Гэмт хэрэг хийснийг нь шүүх тогтоогоогүй байхад хардах сэрдэх, доромжилж нэр хүндгүй болгох ёсгүй.

Миний үеийнхэн бүгд хуулийн байгууллагад томоохон алба хашдаг болж. Би тэдэнд хандаж “Заа найзууд аа, та нарыг ядарч зүдэрч явбал би тусална. Хэрвээ би гэмт хэрэг хийчихвэл намайг та нар шорондоо хийгээрэй. Би та нарыг гуйж сэтгэл санааг чинь зовоож ажил төрлийг чинь баллахгүй шүү. Харин хуульч хүнийхээ хувьд МАНАН-гийнх, МАНАН-гийн биш гэж хуваагдаж тэнэг үйлдэл битгий хийгээд байгаарай. Гэмт хэрэг хийсэн бол хэнийг ч шударгаар шийтгэх ёстой шүү. Хэзээ нэгэн цагт та нар гэмт хэрэгтнийхээ хамтрагч болсон гэж ариун сайхан нэр хүндээ гутааж уландаа гишгүүлэв. Саяхан төрийн нарийн бичиг авгайгийн арын өрөөнд хайрцагтай мөнгө байна гэсэн сураг дуулдсан шүү. Мөн саяхан нэг эрх мэдэлтний туслахыг чөлөөлж бусдад нь хэрэг үүрүүлж байгаа харагдсан шүү. Тэр бүү хэл Монголд хулгай ярихаа болиод дэлхий рүү гарсан байна шүү. Ганнам дүүрэг, Хонконг, Сингапур, Арабын тухай яригдаад байна шүү. Үнэн эсэхэд хариулт өгөөч” гэж зөвлөдөг.

-Та Т.Бадамжунайгаас 100 сая төгрөг авсан юм уу?

-Т.Бадамжунайгаас юу авсан уу гэж, би Т.Бадамжунайгаас юу ч аваагүй шүү дээ.

-Ц.Хурц, Т.Бадамжунай та гурвын ярьж буй бичлэг задарсан. Та ч сая ярилаа шүү дээ?

-Тэр бичлэг дээр би Т.Бадамжунайгаас мөнгө олоод өгөөрэй л гэж ярьсан байгаа биз дээ. Бүр инээдэмтэй нь 200 сая төгрөгтэй бол намаа босгоод алаад өгнө гэж хэлж байгаа биз дээ. 200 сая төгрөг чинь 100 мянган ам.доллар болно гээд нэлээн согтсон хүний яриа байгаа биз дээ.

-Тэгэхээр мөнгө аваагүй гэсэн үг юм уу?

-Мэдээж аваагүй. Авсан бол ингээд өөр намд ороод сууж байх уу. Би чамд Т.Бадамжунай гэдэг хүний талаар товчхон ярьж өгье. Энэ хүн чинь Архангай аймгийнх. Архайнгай аймгийн бүх улстөрчид түүнтэй холбоотой байдаг. Үүгээр ч зогсохгүй Булганаас сонгогдсон Ц.Анандбазар, Баянхонгорын Г.Занданшатарын, Хэнтийгээс гарсан У.Хүрэлсүх нар миний хажууд бол жинхэнэ нягт, ойр дотно гэдгийг би мэднэ. Тэр өвгөнийг гадаадад байлгаад байх хэрэг байгаа ч юм уу. Би биш дүү нар нь тэр хүнд санаа тавьсан нь дээр. Ер нь улс төрийн хувьд тэтгэвэрт гарсан өвөө нарын духан дээр МАНАН мафи, авлигын загалмайлсан эцэг гэх мэт нэр хоч өгчихөөд өөрсдөө хөшигний ард ариун цагаан амьтан шиг суудгаа болих хэрэгтэй. Тэд нар ч гэсэн. Жишээлбэл, С.Баяр гэдэг ил гарч дүү нартаа хандаж ил тодоор нөхцөл байдлаа хэлэх хэрэгтэй. Миний бичлэг гээд байгаа юм бол уг нь хоёр цагийн бичлэг. Намын санхүүжилт дууссан учраас миний дайсны дайсан миний найз гэсэн утгаар уулзаж байсан төдий. Гэтэл дөрвөн минут болгож эвлүүлээд олон нийтэд цацсан. Хальт харахад муухай л юм билээ. Гэхдээ Тагнуул, Эрүүгийн цагдаа, Прокурор, Шүүх яваандаа солигдох биз дээ. Аливаа юм эргэдэг. Нэг л өдөр бодит үнэн ил болно.

-Орон нутгийн сонгуульд АН, МАХН, Шинэ нам эвсэж оролцохоор боллоо. Та энд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бүх зүйл хуулийн дагуу л яригдах ёстой. Мэдээж сөрөг хүчин нэгдэн эрх баригчдад хяналт тавьж, ялах нь зөв. Харамсалтай нь санаатайгаар орон нутгийн сонгуульд ялагдуулах зорилгоор ийм эвсэл байгуулагдлаа гэж би харж байна. Учир нь эвсэх хуулийн хугацаа нь өнгөрчихсөн. Тэгэхээр нам бүр орон нутгийн сонгуулийн төлөөлөгчийн тооноос цөөн хүнийг дэвшүүлж таарна. Өрсөлдөгч чинь төлөөлөгчийн тоотойгоо ижил бүтэн нэр дэвшигч өрсөлдөнө. Өрсөлдөж байгаа намууд нь цөөхөн хүнийг дэвшүүлнэ. Тиймээс шууд утгаараа ялагдсан байгаа биз дээ. Жишээлбэл, МАН 40 хүнийг нэр дэвшүүллээ, АН 25 төлөөлөгчийг дэвшүүлсэн гэж бодъё л доо. МАН-аас 25 төлөөлөгч яллаа гэж тооцохоор АН 12-оос дээш суудал авахгүй шүү дээ. 50 хувийн боломжоор тооцоолоход ийм дүн гарахаар байгаа биз дээ.

Шулуухан хэлэхэд, орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшсэн хэн ч гарахгүй. Тэр дундаа манай Эрдэнэт хотод бүр гарахгүй шүү. Бараг цагийн гарз болно. Тэгэхээр энэ тоглоом лав АН-д ашиггүй. Зөвхөн “хаантанд” л ашигтай байлгүй дээ.

-Та АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэй хэр ойр байна?

-Монголд улс төр нь том, улстөрч нь цөөхөн шүү дээ. Саяхан би Ерөнхийлөгчийнхөө хамгийн дотны найзыг эмнэлэгт хэвтэж байхад нь эргэлээ. Одоогийн Ерөнхийлөгчтэй ах дүү шиг явсан хүний хувьд ч, Ерөнхийлөгчийг төрийн тэргүүний хувьд зөв, шударга яваасай гэж боддог. Хүний хувьд түүнд хэдэн үг хэлчихмээр санагдаж байна. Найзуудыгаа, дүү нараа эргэж тойрч бай Ерөнхийлөгч өө. Мэдээж шударга байлгүй л яахав. Энэрэнгүй байж шударгыг үйлдвэл энэ жинхэнэ шударга ёс юм шүү. “Дээлийн шинэ, хүний хуучин нь дээр” гэсэн монгол үг бий. Магадгүй дараагийн сонгуульд Х.Баттулга дэвшээд ялалт байгуулж болох юм. Оросууд ядарч яваа нэгнийхээ шархан дээр нь давс хүргэдэггүй. Ямагт нэг л зангаараа байдаг эр хүнийг жинхэнэ “мужик” гэж тэд нэрлэдэг. Энэ бол оросуудаас суралцах гоё чанар.

-Та одоо юу хийж байна?

-Би хуульч хүн. Сая хуульчийн тангаргаа өргөлөө. Есдүгээр сарын 17-нд өмгөөллийн эрх олгодог байгууллага нээгдэхээр өмгөөллийн гэрчилгээ маань сэргээгдэх байх. Би чинь тэргүүний өмгөөлөгч хүн. Тиймээс хийдэг байсан ажлаа хийгээд явж байна. Олон улсын хэмжээнд зүүн хойд Азийн чиглэлээр төрийн бус байгууллага байгуулъя гэсэн бас болохгүй гэнэ. Тиймээс төрөө, ард түмнээ эвгүй байдалд оруулаад яах вэ, харъя гээд сууж байна. “Ковид-19”-өөс болоод гадны хөрөнгө оруулагчид маш хүнд байдалтай байна. Байхгүй үед нь хөрөнгийг нь хулгайлаад байна шүү дээ. Нөгөөдүүл нь цар тахлаас болоод ирж чаддаггүй. Иймэрхүү байдалтай байгаа хүмүүс надаас тусламж гуйгаад хуульчаа та туршлагатай, мэдлэгтэй, шударга хүн хөрөнгө мөнгийг минь хулгайч авчих вий дээ хуулийнхаа хүрээнд хөрөнгийг минь хамгаалаад өгөөч гэсэн олон хүн байна.

Би Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Тэр хүн тэнэг биш учраас муу өмгөөлөгч авахгүй биз дээ. Маш их мөнгөтэй, Монголын хаан байсан хүн чинь хамгийн сайн гэж бодсон өмгөөлөгчийг авна биз дээ. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр өмнөхөө хараад хийх зүйлээ хийгээд явна. Харин манай эрдэнэтчүүд сонгосон гишүүдээрээ амласан ажлуудыг нь хийлгэх хэрэгтэй. Тэд эрдэнэтчүүдийг хувьцаатай, үйлдвэртэй, орон байртай байх боломж олгоно гэж амласан. Ийм боломж олдож байхад өөр сонголт хийж болохгүй биз дээ.

-УИХ-ын сонгуулийн үеэр олон нэр дэвшигчийг яллагчаар татлаа. Та энд ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Би одоо улстөрч биш хуульч хүн. Хуульч хүн улс төрийн дүгнэлт гаргадаггүй, зөвхөн хууль зүйн дүгнэлт гаргах ёстой. Тиймээс хавтаст хэргийг нь үзээгүй, яллах дүгнэлтийг нь уншаагүй байж янз бүрийн үнэлэлт, дүгнэлт өгмөөргүй байна. Харин Эрдэнэтээс сонгогдож байсан, мөн хэвлэл мэдээллээр зарим нэг нотлох баримтыг нь гаргаж байхад нь харсан хүний хувьд ярья. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн асуудлаар шүүхээс ял авсан этгээдүүдийг эрүүдэн шүүсэн гээд ТЕГ-ын хэдэн залуучуудыг шоронд хорьсон. Үүнийг би хэтэрхий туйлширсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, таван хүн алсан алуурчинтай бүдүүлэг харьцсан гэж шоронд хийж байгаа юм шиг харагдаж байна шүү дээ. Одоо бүгдээрээ нэг үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой. С.Зориг агсныг энэ хүмүүс хөнөөгөөгүй юм бол хэн амь насыг нь бүрэлгэсэн юм бэ. МАН дийлэнх олон буюу 72, 45, 65 суудалтай байхдаа алуурчныг илрүүлэх талаар яагаад ярихгүй байгаа юм бэ. Одоо ч гэсэн 62 гишүүн сууж байна. Тэр битгий хэл 72 суудалтай байхад нь ардчиллын бас нэгэн алтан хараацай, Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсны амиа алдсан асуудлыг хэн ч сөхөж ярьдаггүй. Энэ хэргээс хойш өчнөөн олон аймшигтай хэргүүд гарсан. Хэн ч тэр талаар дурсахгүй байгаа нь сонин. Жишээлбэл, 1998 оны арванхоёрдугаар сард нэг хүүхэд насанд хүрсэн хүнийг 30-40 удаа хутгалж алсан хэрэг гарч, 2018 онд тэр нь илэрсэн. Энэ хэргийг 20 жил яагаад илрүүлээгүй юм бэ. Домог болсон мундаг мөрдөгчид байсан л гэдэг. Гэтэл ердийн нэг эрүүгийн хэрэг, тэр дундаа насанд хүрээгүй хүний үйлдсэн хэрэг 20 жилийн дараа илэрч байна. Үүнийг ил болгосон нь дээр, хүн бүр хармаар байна. Юуг нь нуудаг юм бэ. Мөн энэ хэргээр халхавчлан улстөрчид бие биенээ намнадагаа болих хэрэгтэй. Тэр дундаа авлигатай тэмцэж байсан хүмүүсээс өшөө авах гэдгээ больцгоо. Авлигатай тэмцэнэ гэдэг чинь амархан юм биш. АТГ-ын өмнөх удирдлагууд шүүгчдийн авлигын хэрэг, Ерөнхийлөгч болоод Ерөнхий сайдын ахлах зөвлөхийн хэрэг гэх мэт нийгмийг донсолгосон олон хэргийг шийдэж байсан. Одоо ч гэсэн янз бүрийн хэргийг шийдэж байгаа байх. Тиймээс эрх мэдэлтний эсрэг явж байгаа төрийн албан хаагч, хууль хүчний байгууллагын хүмүүсээ өмгөөлж хамгаалах нь төрийн журамт үүрэг гэж боддог.

-Та хоригдож байгаа хүмүүсийг эргэж очдог юм билүү гэж жиргэсэн байсан. Хэн хэнийг очиж эргэв?

-Да.Ганболд, С.Баяр, Ц.Хурц, Ж.Эрдэнэбат, Н.Номтойбаяртай уулзаж байсан.

-Сонгуулийн үеэр үү. Ямар учраас уулзсан юм бэ?

-Би заримтай нь парламентад нэг анги, бусадтай нь ажил төрөл, улстөрчийнхөө хувьд уулзаж байсан нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, С.Баярцогт, С.Бат-Үүл, Ц.Элбэгдоржоос бусадтай нь өмнө болон саяхан таарч уулзаж байсан. Би өмнө нь хэлсэн шүү дээ. Би одоо улстөрч биш, хуульч хүн. Хуульчийн зарчим тодорхой. Та тэр хүнийг хулгайч гэж бодож байгаа бол хөдөлшгүйгээр нотол. Хэрвээ нотолж чадахгүй бол хэлмэгдүүлэлт, гүтгэлэг гэж үзнэ. Хэдийгээр би хуульч ч гэсэн харин Үндсэн хуулийн 6.2-ыг эсэргүүцэж байгаа байгууллагыг би дэмжинэ. Үндсэн хуулийн зөрчил алдаа болсныг ил тод хэлж л байсан. Ард түмэнд ухаарах цаг өгье. Тэд Дарханы зам, түгжрэл, сонгосон гишүүдийгээ худалч гэдгийг нь хараад бодох ёстой. Ард түмэнд эргэцүүлэх хугацаа өгөх ёстой гэдэг үүднээс сонгуулийн талаар ярилцлага өгөх нь зохимжгүй гэж бодож байна. Булхайтай байх хамаа алга. Энэ бол ард түмний сонголт шүү дээ. Тэд 60 тэрбум, ЖДҮ, концесс, хүн амины, хүчингийн хэрэгт холбогдож байсан зарим гишүүдийг буцаагаад сонгочихлоо. Нэг талаар онцгүй л санагдаж байна. Гэхдээ энэ бол ард түмний сонголт. Өнөөгийн парламентад байгаа 27 гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж Ерөнхийлөгчийн хэлсэн нь үнэн. Хуулийн байгууллага шударга ажиллавал 30 гаруй УИХ-ын гишүүний бүрэн эрх дахин хөндөгдөнө гэж би харж байна. Харин хуулийн байгууллага шударга ажиллах эсэхийг хэлж мэдэхгүй юм даа. Та сая Ц.Нямдорж гуай бид хоёрыг харьцуулж асууж байна. Би бол Ц.Нямдорж гуайг муу хүн гэж боддоггүй. Хувь хүнийх нь, хуульчийнх нь хувьд хүндэлдэг. Тиймээс Ц.Нямдорж гуайтай өрсөлдөж байгаагүй. Зүгээр зарим хүмүүс цаг үеэ мэдрээсэй л гэж хүссэн. МАН-ын харьяалалтай Архайнгайн залуучууд Ц.Нямдорж гуайд дургүй гэдгийг би мэднэ. Тэр хүмүүс хиймлээр бид хоёрыг өрсөлдүүлээд байдаг юм. Үүн шиг Ерөнхийлөгчийг найзуудаас нь салгах гэсэн урт хошуутнууд, дүүгээс нь хөндийрүүлэх гэсэн хорон санаатнууд их бий гэж боддог. Амьдрал баялаг шүү дээ.

Р.ХИШИГЖАРГАЛ

dnn.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.