УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрх баригчдыг шүүмжилж байгаад чуулганаас хөөгддөг болсон. Энэ сарын дундуур тэрбээр чуулганы хуралдаан болон байнгын хороодын хуралдаанд оролцох эрхээ долоо хоногоор хасуулсан билээ.
Учир нь УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн хуралдааны дэг зөрчсөн тохиолдолд хурал даргалагчийн зүгээс сануулга өгөхөөс гадна байнгын хороо, чуулганы хуралдаанд оролцох эрхийг нь хасахаар тусгасан. Тус заалтын дагуу УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж чуулганы хуралдаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр “Энэ бол улстөржсөн төсвийн тодотгол. АН-ыг 100 сая гэж балбачихаад та нар төсвийн мөнгөөр ард иргэдийн саналыг худалдаж авсан гэдэг нь өдрөөс өдөрт ил болж байна” хэмээн мэдэгдэхэд чуулганыг даргалж байсан УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан баримттай ярихыг хүсээд, Дэгийн тухай хуулиа баримтлахыг сануулсан. Гэвч эрхэм гишүүн зогсохгүйгээр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг үг хэлэх үеэр дундуур нь орж “Би гүтгэлэг яриагүй” хэмээн ярьж эхэлсэн нь хурал “үймүүлсэн” шалтгаан болж долоо хоногийн хуралд оролцох эрхээ хасуулсан билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн чуулган дээр Б.Пүрэвдорж гишүүн мөн л эрх баригчдад таалагдсангүй. Тэрбээр Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга юм байна. Чуулган дээр төсвийн бодлогын байнгын хорооноос бэлдэж, өөрөөр нь “Энэ илтгэлийг л зөвхөн чуулган дээр уншина” гэж гарын үсэг зуруулан баталгаажуулсан илтгэлийг нь тэрбээр чуулган дээр уншсангүй. Албан ёсны үгээр бол Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2019 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Монгол Улсын Их хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулсан талаарх Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлтийг тэрбээр байнгын хорооноос бэлдэж өгснөөр уншиж танилцуулах ёстой. Гэвч Б.Пүрэвдорж гишүүн санал дүгнэлт уншихаар индэрдээ гарахдаа, Төсвийн бодлогын байнгын хорооноос бэлдэж өгсөн тайланг гишүүдэд харуулж байгаад цааш нь тавихдаа “Би эрх баригчдын бэлдэж өгсөн энэ дүгнэлтийг уншихгүй. Энэ дүгнэлтийг унших юм бол МАН-ын эрх баригчид та бүгдийн улсын төсвийг хэрхэн будлиантуулсныг талархан дэмжигч болж хувирах гээд байна. Би сөрөг хүчний үүргээ биелүүлж өөрийн зүгээс бэлдсэн дүгнэлтээ уншина аа” гэснээр зүүн энгэрийн дотоод халааснаасаа өөрийн бэлдсэн санал дүгнэлтээ гаргаж уншиж эхэллээ. Чуулган шууд дамжуулалттай байсан нь эрх баригчдыг багагүй сандаргав. Харин чуулган үзсэн иргэд, олон түмэн бол түүний танилцуулсан 2019 оны улсын төсвийн гүйцэтгэлийн талаарх санал дүгнэлтээс эрх баригчид улсын төсвийн мөнгөөр сонгуульд зориулж хэрхэн тоглож, гараа угаасныг ойлгож авав бололтой. Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Б.Пүрэвдоржийн илтгэлээс наад зах нь гэхэд Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 11.7 их наяд төгрөгт хүрч урьд онуудаас огцом нэмэгдсэн. Төсвийн орлого нэмэгдэх тутам төсвийн зарлагаа нэмдэг байдал сүүлийн жилүүдэд хэт хавтгайрч байгааг бодит тоон дүнгээр ойлгов. Улмаар Засгийн газар Төсвийн ерөнхийлөн захирагчдаас төсвийн саналд ирүүлсэн 5.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 2248 төсөл, арга хэмжээг хассан хэрнээ тэдний саналд тусгаагүй 262.4 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 266 төсөл, арга хэмжээг нэмж, УИХ-д өргөн барьсныг мэдэв. Мөн Засгийн газрын 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар зээл тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд бий болсон хөрөнгийг санхүүгийн тайланд бүрэн тусгаагүй, дампуурсан банк, хадгаламж зээлийн хоршооноос авах болон дамжуулан зээл, Засгийн газрын тусгай сангуудын хугацаа хэтэрсэн авлагын үлдэгдэлтэй, зарим байгууллагууд гадаад зээлийн өглөгийг санхүүгийн тайландаа өглөгөөр бүртгээгүй зэрэг зөрчлүүд байсан нь “хязгаарлалттай дүгнэлт” өгөх үндэслэл болсон байна гэдгийг мэдэгдлээ.
Түүний төсвийн талаарх санал дүгнэлтийг ерөнхийлөн тоймлоход ийм. Чуулган дээр бол Б.Пүрэвдорж гишүүн “Та нарын төсвөөс шамшигдуулсныг зөв гээд сөрөг хүчний төлөөлөл би сууж байх юм уу, жишээ нь, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн ажлын өрөөгөө 380 сая төгрөгөөр тохижуулан тансаглаж суусан төсвийн дампуурлыг би хамгаалаад сууж байх уу. Та нар алга ташуулаад сууж байхыг хүсч байгаа бол чадахгүй” хэмээн шууд хэлсэн нь чуулган дээр улаан хэрүүл болж Б.Пүрэвдорж гишүүнийг дахиад л “барьж идэх” дөхлөө. Улмаар түүнийг чуулганы танхимаас дахин хэд хоног хөөх шалтгаан болох шахлаа.
Яаж ч бодсон Б.Пүрэвдорж гишүүн юу гэж эрх баригчдын бэлдэж өгсөн төсвийн гүйцэтгэлийн дүгнэлтийг уншиж зогсох юм бэ. Ямар утсан хүүхэлдэй, өөрийн толгойгүй амьтан байгаа биш дээ.
Чуулганд оролцсон гишүүд Б.Пүрэвдоржийг индрээс буухтай зэрэгцэн түүн рүү бөөлж, цамнаж өглөө. Даргадаа сүрхийгээ харуулах гэсэн коммунистууд яадаг байлаа, ямар зан араншин гаргадаг байсныг түрүү үеийнхэн гадарлана. Яг л тэр уралдаан, цамнааныг Б.Пүрэвдоржийн эсрэг МАН-ынхан, зарим коммунистууд үзүүлэв. Хуучин цагийн МАН-ын өвгөн коммунистууд гэж ямар айхавтар хүмүүс байлаа. Хурал дээр зүүрмэглээд сууж байдаг. Намынх нь эрх ашиг хийгээд өөрсдийнх нь үзэл бодлын эсрэг өчүүхэн төдий зүйл, үг өгүүлбэр танхимд илэрвэл сэрхийтэл босч ирээд, нүдээ гялалзуулан эсрэг үг хэлсэн хүний өөдөөс хорвоогийн хамгийн хоржоонтой хатуу, зэвүүн үгээр дайрч, дахин сэхэхгүй болтол нь намнадагсан. Яг тэд нарын араас шил даран, шинээр замнан гарч ирж буй архаг коммунистууд өнөөдрийн УИХ-д төрөн гарч ирж байгааг Б.Пүрэвдорж руу дайрах дайралтаас сая Монголын ард түмэн харлаа, бэргэлээ. Энэ чигээрээ бол хууччуулаасаа давж гарах хортой, зуумхай коммунистууд Их хуралд бий болж байгаа бололтой.
Архангайн Засаг дарга байгаад буусныхаа дараа шорон гяндангаар ээрэгдэж ээрэгдэж гэнэт Их хурлын гишүүн болоод орж ирсэн, Н.Энхбаярыг “хаан” байхад туслахаар нь ажиллаж байсан Ё.Баатарбилэг гэж залуу эхлээд Б.Пүрэвдорж руу дайрлаа, “Ёс зүйн хорооноос асуух ёстой юм уу, хаашаа юм. Энэ хурлын дэг чинь юу болж байна. Төсвийн байнгын хороон дээр олонхиороо шийдээд баталсан дүгнэлтийг Дэд хорооны дарга нь өөрчлөөд, өөрийнхөө дүгнэлтийг хэлж байгаа чинь болж байгаа юм уу. Ийм жишиг тогтоож байгаа юм уу. Ер нь энэ Төсвийн зарлагын дэд хороонд чинь ямар гишүүд байдаг юм. Тэд нар энэ даргынхаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна уу. Бид энэ Б.Пүрэвдоржийн санал хүсэлтийг хэлэлцэх нь зөв үү. Дэгийн хууль чинь хаачив…” хэмээн бууж гарлаа. Б.Пүрэвдорж гишүүн шууд л “Баатарбилэг гишүүнийг арай эрүүл гэж бодож явсан юм. Тэгсэн үгүй бололтой. Та нар дэргэдээ сөрөг хүчинтэй, дээрээ ард түмэнтэй гэдгээ үргэлж санаж яв. Дараачийн гишүүд дахиад иймэрхүү асуулт асуух юм бол би хариулахгүй” хэмээн хэлсэн нь эрх баригчдын уур хилэнг улам хүргэлээ.
УИХ-ын гишүүн С.Чинзориг тэндээс шазав татасхийн үгээ зуулттай хэлж эхэллээ. Сонгуулийн өмнөхөн хүүхэд нь Нийгмийн хамгааллын сайд эцгийнхээ нэрээр гадаадад хүмүүс гаргана гэж их хэмжээний мөнгө залилаад, тэр нь олон нийтэд илрээд амь наана там цаана гүйж явсан сайд асан гишүүн маань одоо тайвширчихаж. Сүрхий өнгө орчихож. “Б.Пүрэвдорж хариулахгүй гэсэн болохоор түүнээс асуухгүй. Тамгын газрынхнаас асууя. Төсвийн бодлогын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлт дээр Б.Пүрэвдорж гарын үсгээ зурж, би уншина аа гэчихээд, чуулган дээр өөрийнхөө дүгнэлтийг уншчихаж байгаа нь болж байгаа юм уу. Ингээд цаашид явах юм уу. Байнгын хороон дээр цөөнх болсон гишүүний үгийг дүгнэлт дээрээ оруулаад уншчихдаг. Гэтэл нөхөр Пүрэвдорж байнгын хорооны дүгнэлтийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад унших болохоороо өөрийнхөө дүгнэлтийг уншина гээд хармаанаасаа нэг юм гэв гэнэтхэн гаргаж ирээд уншдаг ийм хууль хаана ч байхгүй. Өнгөрсөн долоо хоногт Пүрэвдорж ёс зүйн алдаа гаргалаа гээд чуулганд суух эрхээ долоо хоногоор хязгаарлуулсан, тэгсэн дахиад бүр ч тодорхой Дэгийн тухай хууль зөрчиж байгаа юм биш үү. Үүн дээр одоо ямар хариуцлага тооцох ёстой вэ. Цаашдаа цөөнх нь би өөрийнхөө дүгнэлтийг л уншина гээд явдаг тийм практик руу орох юм уу” гэхчлэн хариуцлага тооцохыг нэхэж эхэллээ. Их хурлын дарга Г.Занданшатар бас дуугүй байж чадсангүй “Б.Пүрэвдорж гишүүн анхаарна уу, Дэгийн хууль зөрчсөн гэж үзэн Ёс зүйн хороонд таныг шилжүүлнэ шүү” хэмээн заналхийлэв.
Төв аймгаас “мянгантаа” сонгогдоод байгаа Н.Энхболд гишүүн бүр ч заналтай хүн юм. “Заавал Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал дүгнэлтийг сонсоно. Тэрнээс Пүрэвдоржийн энэ хувийн сэтгэгдэлд надад хэлж ярих юм байхгүй. Их хурлын дарга та хуулиа баримталж дэд хорооны санал дүгнэлтийг албан ёсоор танилцуул. Пүрэвдоржийн үгийг тойруулж бид нар санал хэлэх ёсгүй. Дэд хорооны санал дүгнэлтийг тойруулж санал хүсэлтээ хэлмээр байна. Ажлаа явуулахад хэцүү байна. Дуртай хүн нь индэр дээр гараад санал сэтгэгдлээ илэрхийлдэг. Байнгын хороо гэж хуралдахын хэрэг юу байна” гэхчилэн зүхэж гарлаа. Б.Пүрэвдорж гишүүн “Та нар засгаа магтсан, зарлагаа нэмсэн, ард түмний халааснаас авч үрэн таран хийж буй тэр сайхан төсвөө хэлэлц, надад өөр хэлэх юм байхгүй” гэлээ. Н.Энхболд гишүүн “Их хурлын түүхэнд хэзээ ч ийм юм болж байгаагүй шүү…” ч гэх шиг… Н.Алтанхуяг гишүүн тэссэнгүй цаг аваад “Ард түмнээс авч байгаа татвараа жаахан хайрлаач. Энэ Цагдаагийн барилга, Тагнуулын барилга гэж хүчний байгууллагуудын барилга гэж ямар аварга юмнууд босч байна. Тэр дотор орох ширээ савнаас эхлээд ямар их хөрөнгө төсвөөс орох уу. Ийм үрэлгэн битгий байгаач л гэж сая хэллээ. Та нар чинь ямар эмзэг байна аа” хэмээн толгой сэгсрэв.
Сүүлдээ өнөө Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны найман гишүүний нэг гэж өөрийгөө танилцуулсан Х.Булгантуяа гэж гишүүн ах нарынхаа араас орж ирж “Пүрэвдорж гишүүн ёс зүйтэй байгаач, мэргэжлийн байгаач” хэмээн ярилаа. Илүү л харагдаж байна лээ дээ. Залуу гишүүнд зохихгүй үе гэж бас байх юм аа. Пүрэвдорж гишүүний зүгээс “Та ч уншсан, би ч уншсан ауидитын дүгнэлтийг би сая танилцууллаа шүү дээ…” хэмээн тайлбарлах. Чуулган энэ хэвээр цааш үргэлжилбэл Б.Пүрэвдорж гишүүнийг эрх баригч намынхан эр эмгүй, хөгшин залуугүй “барьж идэх” нь тодорхой болов. Энд тэндээс эрх баригч гишүүд “Дэгийн хууль зөрчсөн Пүрэвдоржид ямар хариуцлага тооцох ёстой юм бэ” хэмээн шаардсаар байлаа.
Энэ Их хуралд бараг хамгийн залуу гишүүний нэг нь Х.Булгантуяа байх. Энэ эмэгтэй санал хураалт явагдаж байхад л “Горимын санал” байна гэж цаг авч таслаад “Танхим дотор задгай ярьж үймүүлээд байх юм…” гэхчлэн Пүрэвдорж гишүүн рүү хандах нь бас л нэг уламжлалаа хадгалж ирсэн хурган коммунист Их хуралд нэгээр нэмэгдсэнийг нотлов. Х.Булгантуяа залуу хүн, шинэ гишүүн. Эл доль болсон ах нараа дагаж далдганах хэрэггүй. Төрийн түшээ хүнд байх нэг эрхэм чанар бол юмыг өнгөрөөж сурах байдаг юм. Тэртэй тэргүй сөрөг хүчний нэг гишүүнээ “барьж идэхээр” улайрч байгаа ах нар чинь ард түмэнд муухай харагдаж байхад залуу түшээ та давхиж орж ирж үг нэмэрлэх чинь харьцангуй төсвийн мэргэжилтэн гэж хэлж болох таныг далдгануур харагдуулж байна лээ. Ялангуяа тэр Б.Пүрэвдоржийг чуулганаас дахин хөөлгөхөөр улайрч байгаа чинь.
Ямар ч байсан чуулган завсарлалаа. Үнэний талд үг хэлсэн, сөрсөн гишүүдийг чуулганы танхимаас хөөдөг жишиг Б.Пүрэвдорж гишүүн дээр л лав тогтлоо. Мань гишүүн цаашид хичнээн удаа хөөгдөхийг нь бүгдээрээ хараад л сууж байя даа..