Comment.mn

Дэд сайдаар шагнуулах хүмүүс хэн бэ?

Баяр наадмын өдрүүд үргэлжилж, аялал зугаалгын улирал эхэлсэн  ч улс төр амарсангүй. Албан тушаалд горилогчдын хөдөлгөөн улам идэвхжиж, хөшигний арын яриа хөөрөө ид өрнөж байгаа аж.

Сонгуулиар ажилласныхаа шагналыг хүртэх гэсэн хэсэг хүний хүлээлт Төрийн ордон хавьцаа өрнөдөг байсан бол энэ өдрүүдэд энд тэндхийн наадмын дэнж, найрын ширээний ард хөвөрч буй бололтой.

У.Хүрэлсүхийн Засгийн газар наадмын өмнөхөн “бүтэн” болж, Засгийн газрын тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд сайдуудынхаа нэрийг уншсан. Түүний оруулж ирсэн нэрийг өөрчлөх эрх хэнд ч байхгүй. Өөрөөр хэлбэл,Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхий сайд дур мэдэн танхимаа бүрдүүлэхээр болсон нь энэ юм. Тэгвэл өнөөдрөөс эхлэн дэд сайд нар ажлаа өгч байна. Ингэснээр дараагийн дэд сайд хэн байх вэ гэдэг нь яригдаж эхэлнэ. Мөн эхнээс нь томилгоогоо өвөртөлсөн хүн ч бий. Тодруулбал, наадмын өмнөх өдрийн Засгийн газрын хуралдаанаар  сонгуульд нэр дэвшээд унасан Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг чөлөөлж, түүний оронд Батсүмбэрийн Мөнхжинг  томиллоо. Б.Мөнхжин 2005 онд Монгол Улсын их сургууль, 2015 онд Оксфордын их сургуулийг төгссөн Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт мэргэжилтэн, 2009-2011 онд мөн яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт атташе, 2011-2014 онд Элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Гадаад харилцааны яамны  Бодлого төлөвлөлтийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2016-2017 онд МАН-ын Гадаад харилцааны албаны дарга, 2017 оны намраас Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан байна. 

Тэгвэл яамдын шинэ дэд сайдууд хэн байх вэ гэдэг марафон наадмын өдрүүдэд өрнөжээ. Угаас дэд сайдын суудал шагнал маягаар очно. Их хурлын сонгуулиар сайн ажилласныхаа шагналд дэд  сайдын суудалд очихыг санаархсан хүмүүс санаснаас олон байгаа гэнэ. Одоогоор аль яаманд хэн очих нь тодорхойгүй. Таамаглахад хэцүү байгаа ч тухайн салбарын сайдаар очсон хүний юм уу эсвэл МАН-ын удирдлагуудын сонгуульд хичээл зүтгэл гаргаж ажилласан хүмүүсээ гомдоохгүйн тулд дэд сайдын суудлаар шагнахаар ярьж байгаа аж. Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын сонгуульд онцгой үүрэг гүйцэтгэсэн хүмүүс дэд сайдаар очих хувилбар бий гэнэ. Үүний дагуу шинэ хүмүүсийн нэр өнөө маргаашгүй тодорч, ирэх долоо хоногт томилогдох юм байна.

Гэтэл үе үеийн Засгийн газрын бүтэц, томилгоо яригдахад дэд сайдуудыг цомхотгох асуудал хөндөгддөг ч тэгэсхээд намждаг. Өмнөх жишгийн дагуу энэ удаа ч УИХ-ын гишүүн Т. Доржханд “Засгийн газрын бүтцийн шаардлагагүй орон тоог цөөлмөөр байна. Дэд сайд, агентлагийн дэд дарга нарыг цомхотгож өгөөч. Хүнд байгаа энэ үед үр ашиггүй албан тушаалыг цомхотгох хэрэгтэй. Дэд сайд, орлогч дарга нарын орон тоог байхгүй болговол 200 орчим тэрбум төгрөг хэмнэхээр байна” гэсэн саналыг хэлж байсан. Гэсэн ч эрх баригч намынхан дэд сайдыг цомхотгох удаа дараагийн санал, шаардлагыг авч хэлэлцдэггүй. Боломжгүй гэсэн хариу өгдөг. Түүнийгээ дэд сайд бол төсөл хөтөлбөрүүдийг удирддаг хийх ажил ихтэй албан тушаал хэмээн тайлбарладаг юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Сүүлд нэмэгдсэн

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.