Comment.mn

Газрын төлбөр их хэмжээгээр нэмэгдсэнийг иргэд мэдээгүй байна

УИХ, Засгийн газар коронавирусийн цар тахлын улмаас орлого нь буурсан аж ахуй нэгж, иргэний орлогын татвар болон Нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сараар тэглэсэн. Энэ “өршөөл” үр дүнгээ өгч хувийн хэвшил, түүнд ажиллагсдын орлого тодорхой хэмжээгээр нэмэгдсэн нь сайшаалтай.

Харин аж ахуй нэгжүүдэд газрын төлбөр төвөг учруулж мэдэхээр байна. Энэ нь Засгийн газраас баталсан газрын үнэлгээний тойрог, бүс, төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тогтоолтой холбоотой. Засгийн газар 21 жилийн дараа төрийн, нийтийн өмчид хамаарах газрын төлбөрийг нэмсэн нь энэ бөгөөд улсын төсвийн орлогыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой юм. Засгийн газраас 2018 онд баталсан тус тогтоолоор аймаг, нийслэлийн төвийн болон бэлчээрийн газрыг үнэлж төлбөрийг нэмж тогтоосноос гадна уул уурхай, аялал жуулчлал гээд бүхий л салбарын бизнест хамаарах газрын төлбөрийг нэмсэн. Тухайлбал, 1997 оноос нийслэлийн газрыг таван бүс, 10 төрлөөр тогтоож нэг ам метр газарт 440 төгрөгийн төлбөр авч байсан бол 2018 оноос эхлэн бүс, төрлийн тоог нэмсэн юм. Үүний дагуу аймаг, дүүргүүдийн ИТХ тогтоол гаргаж, газрын албадаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг баталжээ. Нийслэлд л гэхэд төвийн зургаан дүүргийг 16 бүс, Налайх дүүргийг 12, Багануурыг ес, Багахангайг хоёр бүстэй байхаар тогтоож, газар эзэмшигч, ашиглагч нийт 21 мянга орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчилж, газрын төлбөрийг нэмэгдсэн дүнгээр авч байгаа юм. 

УИХ-аас 2020 оны төсвийн тухай хуулийг батлахдаа Засгийн газраас өргөн барьсан газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, ААН-ийн газрын төлбөрийн орлогыг бүрэн хураадаг болох зорилтыг дэмжсэн. Энэ хүрээнд газрын төлбөрийн орлогоор 107.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх учиртай. Тэр дундаа нийслэлийн бүсээс нийт орлогын хагасыг буюу 48.5 тэрбум төгрөг хуримтлуулахаар хуульчилсан юм. Тухайлбал, Нийслэлийн Өмчийн ашиглалт удирдлагын газар 77.6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс газрын төлбөрөөр 48.5 тэрбум, үлдсэнийг нь газрын дуудлага худалдаанаас олохоор төсөвлөжээ. Газрын төлбөрийг нэмэгдүүлсэн дүнгээр авах болсноор хувийн хэвшил, иргэдийн орлогоос тодорхой хэмжээгээр хасагдах нь ойлгомжтой. Харин энэ талаар олон нийт бага мэдээлэлтэй байсан нь хүнд рэлийн энэ үед мэдрэгдэж эхэлжээ. Тэр дундаа нийслэлд газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэд, аж ахуй нэгжийн эздэд илүүтэй мэдрэгдэж байгаа аж. Мөн зуслангийн газар эзэмшигч иргэд төлбөр яагаад нэмэгдсэн талаар газрын албаныхныг байцаах болжээ. Засгийн газраас баталсан тогтоолоор нийслэлийн төвийн зургаан дүүргийн газрын бүсчлэл, үнэлгээг тогтоохдоо иргэдийн эзэмшиж буй зуслангийн газрыг бүсээс хамаарч 18-818 сая төгрөг, ААН-ийн эзэмшиж, ашиглаж буй газрын төлбөрийг бүс болон төрлөөс хамаарч 192 саяас 1.4 тэрбум төгрөгөөр үнэлсэн байгаа. ААН-ээс авах газрын төлбөрийг аймаг дүүргийн ИТХ-аас баталдаг учир харилцан адилгүй. Харин иргэний эзэмшиж буй зуслангийн газарт төлбөр ноогдуулахдаа 90 хувийг нь хөнгөлж 10 хувьд нь татвар авч байгаа аж. 

(Нийслэлийн газрын бүсийн үнэлгээ)

Зуслангийн газар эзэмшиж буй иргэн бүсийн үнэлгээний дагуу 10 хувийнтөлбөрийг жил бүр төлнө. Энэ нь 15 жилээр үржвэл чамгүй мөнгө болох юм. Мөн хүснэгтээс харвал нийслэлд газар эзэмшиж буй үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж газрын төлбөр өндөр дүнтэй төлөхөөр байна. Үүний цаана хувийн хэвшлийн орлогоос чамгүй мөнгө зулгаах нь тодорхой байгаа юм. Жишээлбэл, нийслэлийн нэгдүгээр бүс буюу хотын төвд худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуй нэгж эзэмшиж, ашиглаж буй газартаа нэг метр тутамд 1096 төгрөг төлнө. 100 метр квадрат буюу 10 мянган метр газрын төлбөрт 10 сая төгрөг төлөх юм. Бизнесийн орлого нь буурсан, ажилчдынхаа цалинг арай ядан төлж байгаа аж ахуй нэгжид энэ хэмжээний мөнгө газрын төлбөрт өгнө гэдэг хүндрэлтэй. Газар эзэмших нийт хугацаагаар тооцвол дунджаар 200 гаруй сая төгрөгийг төлөх нь бизнесийн үр ашигт ч муугаар нөлөөлж мэдэх юм. Хэдийгээр татварын байгууллага газрын төлбөрөө төлөхийг шаналгаж эхлээгүй боловч төсвийн орлогоо биелүүлэхийн тулд шаардах нь тодорхой. Өмнөх онуудад газрын төлбөрийг тухайн орон нутгийн газрын алба төвлөрүүлдэг байсан боловч өнөө жилээс татварын байгууллага авахаар болжээ. Энэ нь иргэн, ААН-ийг улсад өр төлбөртэй гэдгийг тодорхойлох хэмжүүр болох юм. Цаашилбал иргэн, аж ахуй нэгжид бас нэг дарамт болох нь ойлгомжтой байна. 

Тиймээс коронавирусийн эдийн засагт үзүүлж буй хүндрэл, иргэн, аж ахуй нэгжийн орлогын бууралт зэргийг харгалзан эдийн засаг сайжирч хүндрэлээс гартал газрын төлбөрийг хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гаргавал нүдээ олсон шийдвэр болохыг хэн хүнгүй хэлж байгаа юм. Тэгээд ч сая МАН-ын сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт орсон заалтуудтай уялдах учраас хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, “Үндэсний аж үйлдвэрийн салбараа хөгжүүлж, 150,000 ажлын байр шинээр бий болгоно”, “COVID-19 цар тахлаас үүдсэн нийгэм, эдийн засгийн хүндрэлийг арилгах, үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагааг сэргээх тусгай төлөвлөгөө гарган хэрэгжүүлж, орлогын хомсдолд орсон аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн амьжиргааны орлогыг нөхөх арга хэмжээ авна” гэсэн заалтуудтай бүрнээ нийцнэ. Мөн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамруулдаггүй юм гэхэд ажил үйлчилгээгээр солих боломж ч байгаа. МАН 2020 оны мөрийн хөтөлбөртөө нийслэлийн Богд хан уул, Баянзүрх, Сонгино, Чингэлтэй, Дамбадаржаа хайрхан, тахилга шүтээнт уул толгодын орчныг иргэд, төр хувийн хэвшлийн түншлэлээр ойжуулахаар тусгасан. Энэ ажлын хүрээнд иргэн, аж ахуй нэгжийг газрын төлбөрөөс чөлөөлж, ойжуулах ажлыг орлуулж болох юм.

ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.