Улсын онцгой комиссын хуралдааны дараа нийслэлийн Онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд коронавируст цар тахлын халдварын нөхцөл байдал болон товчоодод эрүүл мэндийн хяналт явуулж байгаа мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх мэдээллийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар хүргэлээ.
Тэрбээр “Монгол Улсад сүүлийн 24 цагт дөрвөн шинэ тохиолдол бүртгэгдсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодод өнөөдрийн байдлаар ЭМБ, НОБГ, ЦЕГ, НМХГ, мал эмнэлгийн нийт 60 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Нийслэл рүү болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгслээр зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, зорчигч бүрийн биеийн халууныг хэмжиж, асуумж авч зөвлөмж тараан ажиллаж байна. Мөн өнөөдрийн 08 цагийн байдлаар 8 товчоодоор орсон 9290, гарсан 9974, нийт 19264 тээврийн хэрэгсэл байна. Сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй” гэж мэдээлэв.
Дараа нь коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үйл ажиллагааг нь түр зогсоосон аж ахуйн нэгж байгууллагуудыг нээх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал танилцуулсан юм. “Улсын Онцгой комиссын 2020 оны 24 дүгээр хурлаас өгсөн үүрэг чиглэл болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны үндсэн дээр олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, баар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан нээх саналтай байна” гэлээ.
Хуралдааны төгсгөлд нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Улс, нийслэлийн эдийн засаг, хувийн хэвшлийн байгууллага, ажиллагсдын үйл ажиллагааг дэмжих талаар Улсын Онцгой комиссоос өгсөн үүрэг чиглэл болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагын санал хүсэлтийг судалсны дагуу олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, спортын арга хэмжээ, PC тоглоомын газар, диско баар, бүжгийн баарнаас бусад бүх төрлийн хүүхдийн тоглоомын газар, биллиард, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газрын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээнэ. Гэхдээ манай мэргэжлийн байгууллагууд Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхэд хяналт тавьж ажиллана. Ажлын хэсэг гарч хяналт шалгалт хийгээд болж байна гэсэн тохиолдолд үйл ажиллагааг нь нээнэ. Харин жагсаал цуглааныг хатуу хориглоно. Олноор цуглардаг спортын арга хэмжээг мөн зохион байгуулахгүй” гэдгийг хэлсэн юм.
Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо
Мөн Нийслэлийн үерийн хамгаалалтын байгууламжид холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран үзлэг шалгалтыг явуулж, далан сувгийн засварлалт, хог хаягдал бусад шалтгаанаас үерийн ус чөлөөтэй нэвтрэх боломжийг алдагдуулж байгаа зөрчил дутагдлыг арилгаж шаардлагатай арга хэмжээг зохион байгуулж ажиллах, Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мэргэжлийн байгууллагуудын ажиллах хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, ажлын уялдаа холбоо, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, үерийн гамшгийн үед шуурхай арга хэмжээ авч ажиллах бүхий л боломжийг хангах ажиллахыг холбогдох байгууллагуудад онцгойлон анхааруулав.
Цаашлаад амралт зугаалгын улирал үргэлжилж байгаа тул иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, бага насны хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, голын эрэг дагуу хүүхдийг явуулахгүй, тоглуулахгүй байх, аян замд явахдаа сайн мэдэхгүй гол мөрний усанд орохгүй байх, тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам, гүүрээр зорчиж гол усанд унах, осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллага иргэд, олон нийтэд анхааруулж ажиллахыг үүрэг болголоо.
Түүнчлэн борооны улиралд хөрсний усны түвшин дээшилж ус гардаг газруудад баригдсан орон сууцны барилгын суурийн давхрын хана, бетон шалны баганатай нийлсэн заадас, хийц бүтээцэд эрсдэл үүссэнийг тооцож, нэгдсэн төлөвлөлт зохион байгуулалт болон гарц шийдлийг Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулж, шийдвэрлүүлэхийг нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын албанд үүрэг болгов.
Нийтийн эзэмшлийн гудамж, авто замд борооны ус тогтож замын хөдөлгөөн удааширч түгжрэл үүсэж байгаа байршлын судалгаа, замын хөдөлгөөний төлөвлөлтийг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран гаргаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг мөн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газарт даалгасан юм.