Өмнөговь аймгийн Гурвантэс суманд орших Овооттолгой нүүрсний уурхайд олборлолт явуулж байгаа “Саусгоби Сэндс”-ийн толгой компани болох “Саусгоби Ресурс” шинэ удирдлагатай болжээ. Энэ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Shougao Wang албан тушаалаа өгч, оронд нь БНХАУ-ын иргэн А.Далангурав /Dalanguerban/ томилогджээ.
А.Далангурав нь уул уурхайн салбарт 35 жил ажиллаж байгаа. 1990-ээд оноос хойш Монголд ажиллаж, амьдарч байгаа хүн юм байна.
Тэрээр өөрийгөө Боржигон овогт А.Далангурав хэмээн танилцуулдаг бөгөөд Монгол Улсын бизнесийн орчин тийм ч таатай бус гэж үздэг. Хятадын өнгөт төмөрлөгийн зураг төсөл, барилга байгууламжийн компанийн Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байхдаа “Эдийн засгийн мэдээ” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “…Монгол Улсын сонгуулийн үр дүнд сонгогдсон УИХ нь Хөрөнгө оруулалтын тухай хууль эрх зүйн актаа ойр ойрхон сольж байгаа нь тогтвортой үйл ажиллагаа явуулах гэсэн бизнес эрхлэгчдийн урмыг хугалдаг тал бий” гэж ярьжээ.
А.Далангурав нь 1994 онд “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд үйлдвэр барьж ашиглалтад оруулсан. Одоо ажиллаж байгаа. Сүхбаатар аймгийн Төмөртэйн овооны цайр, хар тугалганы үйлдвэрийн анхны бүх зохион байгуулалтыг хийсэн. Энэ талаараа “…Монголд хэрэгтэй ганц хоёр үйлдвэр барьж өгөх гээд явахаар даанч янз бүрийн шалтгаанаар бүтэхгүй юм” гэж ярьсан нь бий.
Үнэнийг хэлэхэд энэ нөхрийн ярьдаг, хийдэг хоёр тэс өөр, хоорондоо зөрчилддөг гэхэд болно.
Өөрийнх нь хэлснээр 1994 оноос Н.Багабандийн үед “Эрдэнэт” үйлдвэрт бараа таваар шахдаг. Бас албан тушаалтнуудад авлига, хээл хахууль өгч асуудлаа шийдүүлдэг, гэмт хэрэгт холбогдсон хүмүүстэй нэр нь холбогдоод л явж байдаг гээд А.Далангуравтай холбоотой тааруухан түүхийг сөхвөл багагүй юм гарч ирнэ.
Өөрөөр хэлбэл, А.Далангуравын Монголд бизнес хийдэг арга нь энэ гэсэн үг.
Мөн хувь хүний биеэ авч явах байдлын хувьд монголчуудын дургүйг хүргэх шалтгаан, баримт сэлтүүд нэлээд бий.
Хамгийн гол нь ийм хүн “Саусгоби Ресурс”-ийн захирал болох нь Монголд үйл ажиллагаа явуулж буй Торонто, Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, удирдахад халгаатай. Өөрийнх нь ярьдгаар Монголд орж ирэх хөрөнгө оруулалтад таагүй нөхцөл үүсгэнэ.
Учир нь А.Далангурав дээр хэлсэнчлэн хувийн байдал, өнгөрүүлсэн тааруухан намтартай. Дээрээс нь олон улсын нээлттэй компанийн захирлаар томилогдож байгаа атал англи хэл мэддэггүй.
Тэр ч байтугай “Саусгоби Ресурс” компанийн захирлын албан тушаалыг авангуутаа Монгол Улсын шүүхээс эрүүгийн хэрэгт ял шийтгэл авч байсан хүмүүстэй нийлж, тэднийг компанийнхаа үйл ажиллагаанд оролцуулж эхэлсэн байгаа юм. Тиймээс эдгээр нь “Саусгоби Ресурс” компанийн нэр хүндэд шууд муугаар нөлөөлнө. Бизнесийн зарчим угаасаа ийм билээ.
З.Болд
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин