УИД-ийн барилгад гарсан галын шалтгааны талаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Р. Отгонжаргалаас тодрууллаа.
-Галын шалтгаан, нөхцөл тодорхой болоогүй гэсэн. Урьдчилсан таамаг бий юу?
-Улсын Их дэлгүүрийн долоон давхрын дээвэр дээр засварын үйл ажиллагаа явуулж байсан. Тус компанийн ажилтан хар цаас халааж байх явцад дээврийн завсар хөөсөнд гал өгч, хөөс шатсанаар галын дэгдэлт ихэссэн гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.
Гэхдээ эцсийн дүгнэлт албан ёсоор хараахан гараагүй байна. ОБЕГ-аас шинжээч томилсон байгаа. Галын голомтын шалтгаан нөхцөл, аюулгүй ажиллагаа, хөдөлмөр аюулгүйн байдал зэргийг тодруулахаар нарийвчилсан шалгалтуудыг хийхээр 20 гаруй мөрдөгч шалгах ажиллагаагаа явуулж байна.
-Хэргийн газрын үзлэг, шалгалт аль шатанд явж байна вэ?
Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж байна. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хорин шинжээч, хорин прокурор, “Номин холдинг” ХХК-аас томилогдсон ажлын хэсэг харилцагч ажилтнуудтай хамтран хэргийн газрын үзлэгийг зургадугаар сарын 8-ны өглөө эхлүүлсэн. Таван давхар хүртэлх үзлэг шалгалтыг хийж, бүрэн бүтэн эд зүйлсийг холбогдох эзэнд нь хүлээлгэж өгсөн. Нийтдээ зургаа, долоон давхрын 240 түрээслэгчийн 220 цэгт шалгалтыг явуулж дуусч байна. Үзлэгявуулах явцад хүндрэлтэй байгаа зүйл нь угаарын хий бүрэн арилаагүй, их хэмжээний тогтсон ус байна.
Т.Номин
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин