Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны ээлжит мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
2020 оны зургаадугаар сарын 3-нд улсын хэмжээнд гурван лабораторид 469 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ.
Энэ хүн тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн. Шинжилгээнд орсон сорьцуудыг тодруулбал,
- Тандалтын зорилгоор 13 хүний сорьц /Орхон, Улсын нэгдсэн төв эмнэлэг, ХУД, СХД, БГД-ийн нэгдсэн эмнэлгээс санамсаргүй түүврийн аргаар сонгосон/
- Орхон, Сэлэнгэд тусгаарлагдсан 235 хүн
- Ачаа тээврийн 45 жолоочоос коронавирус илрээгүй.
Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч байна. Тэднийг дараагийн ажиглалтад шилжүүлнэ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
“COVID-19 өвчлөл дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн өвчлөөд байна.
Тавдугаар сарын 30-нд коронавирусийн халдвар авсан хүний тоо зургаан сая хүрлээ гэж байсан бол ердөө тав хоног 6.5 сая болж, 500 мянга гаруйгаар нэмэгдлээ.
Өөрөөр хэлбэл, өдөрт 100 мянга шахам хүн шинээр халдвар авч, 3,000-4,000 мянган хүн нас барж байгаа юм. COVID-19-ийн эдгэрэлт бага, өвчтөний ор хоног урт байна. Манай хөрш ОХУ-д сүүлийн 24 цагт 8,536 хүн шинээр халдвар авсан. Манайхтай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өвчлөл нэмэгдсээр байгаа. Тухайлбал, Эрхүүд 120 тохиолдлоор, Тувад 60-аар халдварын тоо нэмэгддээ” гэв.
Түүнчлэн тэрбээр “Манай улсад нэг хүн шинээр ажиглалтад орсон. Одоогийн байдлаар 1,780 хүн байгаагаас 116 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 43 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Төмөр замын эмнэлгийн 11 эмч 14 галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн.
Шуурхай 119 аппликейшнд АНУ, Швед, БНСУ-аас гурван монгол иргэн холбогдож, COVID-19-ийн эмнэл зүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж авсан.
Иргэд мөн автобусанд гар ариутгагч байрлуулаагүй, автобусын хяналт, цэвэрлэгээ үйлчилгээ хангалтгүй байна гэх шүүмжлэл ирүүлж байна” гэв.