ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа хүмүүсийн талаар болон шинжилгээний хариуг мэдээллээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Зургаадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 374 хүний шинжилгээг хийсэн. Үүнд коронавирусийн халдвар илрээгүй. Бүгд сөрөг гарсан. Үүнд:
- Тандалтын зорилгоор Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хоёрдугаар эмнэлэг, СХД-ээс ирүүлсэн найман сорьц
- Зэвсэгт хүчний үүргийн онгоцоор ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан найман хүний давтан шинжилгээ
- Алтанбулаг боомтоор орж ирсэн 209 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
- Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 22 жолоочид шинжилгээ хийхэд мөн коронавирус илрээгүй” гэлээ.
Түүнчлэн тэрбээр “Германы Росфирм иммуналогийн бүрэн автомат анализатораар хүний ийлдэс ба сийвэн дэх САРС, Коронавирус-2 вирусийн эсрэг биетийг илрүүлэх 99.8 хувийн өвөрмөц, 100 хувийн мэдрэг чанар бүхий оношлуурыг гаргасан. Үүнийг ХӨСҮТ-д ашиглан шинжилгээ хийх бэлтгэл ажил дууслаа.
Уг оношлуураар хүн амын дундах коронавирусийн тархалт, дархлааны хариу урвал, дархлал тогтцыг шинжлэх боломж нээгдэж байна. Ингэснээр ХӨСҮТ-д коронавирусийг оношлох гурав дахь лаборатори өнөөдрөөс эхлэн шинжилгээ хийх боломжтой боллоо” гэв.