Comment.mn

Морьд эргэлээ

Жил жилийн сонгуулийг өнгөлдөг цээжний хэд энэ жил уяа сойлго, идэш ууш нь хэр тохирсныг яв цав хэлэх аатай уяач алга байна. Өнгөрсөн дөрвөн жил цаг агаар тийм ч сайнгүй байсны дээр уралдааны өдрүүдэд бүрхэгдүү байгаа учир бараан зүсмийн битүү морьд энэ жилийн наадамд тоосоо өргөнө гэсэн таамгийг олон сонгууль үзэж доль цохьсон хашир сонгогчид хэлж байсан ч уралдаан эхлэх дөхөх тусам цээж баян уяачдын сүржигнээн, тэжээл, тарианы хөөрүү морьдын туурайн төвөргөөнд дарагдаад, сонгогчид алийг нь дэмжих учраа олохгүй болох тийшээ хандаж байна.

Одоогоор гарааны зурхайд зэрэгцсэн хэдээс яг тэр өнгөлнө гээд хэлчих юм алга. Яадаг ч байсан морьд эргэлээ. Уралдаж сурсан хэд нь урдаас эргэчих санаатай янз бүрээр үзэж буй ч түрүүлж давхилаа гээд түрүүлнэ гэсэн үг бас биш билээ. Хойноос чинь зуузай холбож, хошуу өлгөх шандастай хүлгүүд уралдаан бүрт үргэлж байдгийг эс мэдэх биш.

МУУ ЮМ Л БАГАХАН ҮЗЭХ СЭН

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос үнэмлэхээ авч, өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа албан ёсоор эхэлнэ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийг зургадугаар сарын 24-ний өдөр зохион байгуулах бөгөөд энэ удаагийн сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл болон бие даагчид гээд нийт 600 гаруй нэр дэвшигч өрсөлдөхөө мэдэгдсэн. Энэ нь олон намын тогтолцоонд шилжиж, ардчилсан чөлөөт сонгууль явуулах болсноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болоод байна. Гарааны зурхайгаас дээрх нам, эвслүүдийн  600 гаруй нэр дэвшигч тоос татуулж, гийнгоо хадаан эргэж, уралдаан эхэллээ. Гэвч шинэ цагийн морины уралдаан ямар болдог билээ. Уралдаж сурсан морь, хүүхэд хоёр аюултай. Уралдаж сураагүй ч орчин цагийн уралдааны арга техник, заль мэх, будилааныг судалж, сурсан нь бүр ч хорон. Зэрэгцэж яваа нөхрийнхөө нүүрийг ташуураар ороолгох араншин тэднээс л гардаг. Давхил дундаа хазах, хайрахыг ч үгүйсгэхгүй. Ер нь сонгуулиас сонгуулийн хооронд тэдний муу муухай чадвар, хорон зан чанар хөгжсөөр байгаа юм.

Хэрвээ та яриад байгаа шигээ ёс зүйтэй боловсролтой, төр түшилцэхээс аргагүй ухаан, чадвар тэгширсэн хүн юм бол нийтийн сэтгэл зүй рүү ялгадас цацаж, бохирдсон дээр нь бохирдуулж суухаасаа ичих л байсан даа

Ар гэр, авгай хүүхний хэрүүл, хөнжил, түрийвч гээд сөхөхөөс цээрлүүштэй бүхэн энэ өдрүүдэд ил болно. Нэгнээ өчүүхэн ч хайрлах сэтгэлгүйгээр дэвслэх, үнэт зүйл, үнэлж болох бүхнийг нь үрж тарж дуусгах өдрүүд ирж байна. Хэчнээн хүний огт олж харамгүй дүр төрх ил болж, бузар булай нь илчлэгдэх бол. Бас огт хийгээгүй үйлдлийнхээ буруутан хэд нь болох бол. Итгэхэд бэрх бичлэг, эвлүүлгүүд ар араасаа цуварна гэж бодохоос хүрэл зүрх хайлж байна. Хэнийг яаж доромжлохоо хөөр болгон ярилцсан, өөрийгөө мундаг пиарч гэж нэрлэсэн нөхөд хаа сайгүй хөлхөлдөж байна. Товчхондоо, нийгмийн сүлжээ УИХ-ын гишүүн болохоор горилогч, тэдний пиарч болохоор горилогчдоор дүүрч, бүр хахаж, цацаж байна. Тэднээс юу л гарч ирдэг бол. Ингэж бодох нь нэг талаар сонирхолтой, нөгөө талаар айдастай. Хамгийн харамсалтай нь, илчлэгдсэн дүр төрх үнэн байлаа гэхэд сонгуулийн шуугиан, ар араасаа дэлгэгдэх бичлэгт дарагдаад юу ч биш болж, үнэн, худал нь ялгагдахгүй үлдэнэ. Нийгэмд огтхон ч хэрэггүй, хүнийг юу ч биш болгодог ийм бохир пиар бага гараасай. Муу л юм бага үзэх сэн.

НИЙТИЙН СЭТГЭЛ ЗҮЙ РҮҮ ЯЛГАДАС ЦАЦАХГҮЙГ ХИЧЭЭГЭЭРЭЙ, НЭР ДЭВШИГЧИД ЭЭ

Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн зардал 20 тэрбум орчим төгрөг. Нам, эвсэлд нэр дэвшигчдийн  цахим орчинд сурталчилгаа явуулах хуулийн заалт өмнөх хуулиас илүү тодорхой болсон. Нэр дэвшигч болон намуудын сурталчилгааны цахим хуудас, олон нийтийн цахим сүлжээ ашиглан сурталчилгаа явуулах боломжтой. Гэхдээ ямар сайт, ямар цахим хуудас ашиглаж сурталчилгаа явуулах вэ гэдгээ нэр дэвшигчид  үнэмлэх авснаас хойш гурав хоногийн дотор аймаг, нийслэлийн сонгуулийн хороонд заавал мэдэгдэж, бүртгүүлнэ. Хэрэв бүртгүүлээгүй бол цахим хуудсаар сурталчилгаа, явуулах боломжгүй. Харин бүртгэсэн цахим хуудсаар явж байгаа зар сурталчилгааг албан ёсны сурталчилгаа гэж үзэх бөгөөд зар сурталчилгааны хэдэн хуудастай байх тоог нарийн зааж өгөөгүй юм.

Тиймээс энэ удаагийн сонгуулийн гол өрсөлдөөн сошиалд өрнөнө хэмээн нэр дэвшигчид троллчдын баг бүрдүүлж, олон гишүүнтэй, худалдаж авч болох цахим группүүдийг худалдаад авчихсан. Өөрөөр хэлбэл, хамгийн бохир, ёс зүйгүй өрсөлдөөнөө тэнд хийж, иргэдийн тархи толгой руу угаадас цацах бэлтгэлээ хангаад буй. Энэ янзаараа хар пиар өмнөх жилүүдийн сонгуулийнхаас давна уу гэхээс дутахгүй нь. 

Улсаа хөгжүүлнэ, иргэдээ жаргаана гэсэн бурханлаг зүйл сурталчилгааны сонин дээрээ нийтэлчихээд, нидэр дээрээ хамгийн бохир заваан аргаар сонгогдох гэж үздэгээ болих сон. Хэрвээ та яриад байгаа шигээ ёс зүйтэй, боловсролтой, төр түшилцэхээс аргагүй ухаан, чадвар тэгширсэн хүн юм бол нийтийн сэтгэл зүй рүү ялгадас цацаж, бохирдсон дээр нь бохирдуулж суухаасаа ичих л байсан даа. Нэгийг бодож, хоёрыг тунгааж, бодлого, боловсрол, ухаан, ур чадвараараа өрсөлдөхийг тань хүлээж байя.

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.