“Их Дөрөв” хэмээн тодотгох зэс, алт, газрын тос, төмрийн хүдрийн зах зээлийг онцоллоо. Дэлхийн эдийн засаг агших болсноор эдгээрийн заримынх нь эрэлт буурч, нийлүүлэлтэд илүүдэл үүссэн. Огцом өсөлт, огцом уналт аль аль нь давтагдаж байна.
Зэсийн үнэ эргэн сэргэж байна
Улсын төсвийн орлогын гол эх үүсвэр зэсийн ханш уналтын бүсээсээ гарлаа. Тодруулбал, сүүлийн нэг сарын хугацаанд зогсолтгүй дээш мацсаар өсөлтийн мөчлөгт шилжив. COVID-19 цар тахлын уршгаар оны эхний улиралд зэсийн ханш огцом унасан бөгөөд 4609 ам.долларт хүрч буурсан. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод түвшин юм. Тэгвэл хоёрдугаар улирал эхэлснээс хойш зэсийн үнэ эргэн сэргэж, Bloomberg-ийн мэдээлснээр, баасан гарагт 5376 ам.долларт хүрэв. Дэлхийн зэсийн эрэлтийн тал хувийг дангаар бүрдүүлэх БНХАУ-ын үйлдвэрүүдийн үйл ажиллагаа сэргэж, тус улсын зэсийн импорт өссөн нь улбар металл аажмаар сэргэхэд нөлөөллөө.
Алтны үнэ зугуухан чангарч эхэллээ
Дэлхийн эдийн засагт хямрал, хүндрэл, тодорхой бус байдал үүсэхтэй зэрэгцээд алтны ханш огцом өсдөг. Тэр жишгээр энэ оны эхний улиралд алтны ханш 6.9 хувиар өсөж, зургаан улирал дараалан өсөлт давамгайллаа. Эдийн засгийн хүндрэл удаашрах хэрээр алтны ханш зугуухан чангарах талтай. Харин дэлхийн нөлөө бүхий эдийн засгууд уналтаас тогтвортой байдалд даруй шилжиж чадвал алтны үнийг “хазаарлах” боломжтой. Эдийн засгаа дэмжих арга хэмжээг улс орнууд гуравдугаар сард шийдэмгий авч эхэлснээр алтны ханш 1500 орчим ам.долларт хүрч огцом уруудсан. Гэвч АНУ, Европын эдийн засаг, бизнесийн орчинд COVID-19 цар тахлын нөлөө гүнзгийрч, алтны ханш 1753 ам.долларт хүрэв. 2019 онтой харьцуулахад алтны үнэ 32 хувиар өсжээ.
Газрын тосны үнэ сарын дотор 80 хувиар өсжээ
Газрын тосны үнэ түүхэндээ байгаагүйгээр анх удаа хасах руу орсон нь олныг алмайруулсан. Гүн уналтын дараах сэргэлт ч огцом биш байна. Ёроол руу уруудаад, эргээд сэргэх “хар алт”-ны үнийн төсөөлөл сулхан. Дэлхийн банк газрын тосны үнийн таамгаа бууруулж, энэ онд 35 ам.доллар орчим байна гэж тооцоолсон. Bloomberg-ийн мэдээлснээр, Brent төрлийн тос баасан гарагт 37 ам.долларт хүрч, энэ өдөр 0.26 хувиар буурав. Оны эхэнд АНУ, Ираны зөрчлийн улмаас 70 орчим ам.долларт хүрч байсан бол одоо хоёр дахин хямдарчээ. Зарим улс хориг арга хэмжээгээ сулруулсан нь газрын тосны эрэлт буцаж сэргэхэд нөлөөлж байна. Сарын өмнөх хамгийн доод түвшин 20 ам.доллартай харьцуулахад 80 хувиар өсжээ. Цар тахлын дэгдэлтээс болж дэлхийн аялал жуулчлал, тээврийн салбарын үйл ажиллагаа хумигдсан. Үүнийг дагаад түлш, шатахууны эрэлт буурч байна. Үүнээс гадна томоохон газрын тос нийлүүлэгч ОХУ, Саудын Араб зэрэг улсууд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх шийдвэр гаргасны улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны илүүдэл үүсэж, гуравдугаар сард уг бүтээгдэхүүний үнэ тасралтгүй буурсан билээ.
Төмрын хүдрийн үнэ тогтвортой байна
Төмрийн хүдрийн үнэ энэ оны эхний сард 95 ам.долларт хүрч, огцом өсөлтийг “үйлдвэрлэсэн”. Харин цар тахлын нөлөөгөөр төмрийн хүдрийн үнэ хоёрдугаар сард 15.3 хувиар унаж, 78.3 ам.долларт хүрсэн бол дөрөвдүгээр сард харьцангуй тогтвортой байлаа. Харин өнгөрсөн сард нийлүүлэлтэд бэрхшээл тулгарч, улмаар төмрийн хүдрийн ханш 11 хувиар чангарч, 91.1 ам.долларт хүрсэн билээ. Дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ тогтвортой байна.