Фантастик продакшний хамгийн сүүлийн бүтээл болох “37-р точка” олон ангит уран сайхны кино дэлгэцнээ гарч үзэгч олныг байлдан дагуулсан билээ.
Тус киноны оюуны өмчийг эзэмшиж буй Скайтел компанийн зүгээс Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт цахим орчинд ззөвшөөрөлгүй тараасан этгээдүүдийн талаар гомдол гаргаснаар хууль зөрчсөн этгээдүүдийг олж тогтоон хууль хяналтын байгууллагад шилжүүлэн эрүүгийн хэрэг нээн шалгаж байна. Цахим орчинд уг бүтээлийн зөвшөөрөлгүй тараасан иргэд нь хууль, эрх зүйн мэдээлэлгүйгээс ийм үйлдэл гаргасан хэмээн тайлбар өгчээ.
Сүүлийн үед цахим орчинд бусдын оюуны бүтээлийг санаатайгаар болон санамсаргүйгээр түгээж байгаа хууль бус үйлдэл маш ихээр гарах болсон. Нэг уран бүтээлийн ард асар олон хүний хөлс, хүч, хөдөлмөр, санхүү, цаг зав явж байдгийг залуус бид ойлгох хэрэгтэй.
Тухайн уран бүтээлийг зохиогчийн болон эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр олон нийтэд түгээж байгаа үйлдэл нь Монгол улсад мөрдөгдөж байгаа “Эрүүгийн тухай хууль”, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хууль, “Зөрчлийн тухай хууль”-ийг зөрчиж байгаа хууль бус үйлдэл юм.
Иймд цахим орчинд бусдын оюуны өмчийн эрхтэй аливаа уран бүтээлийг түгээхгүй, шэйрлэхгүй байх, лайв видеогоор үзүүлэхгүй байхыг нийт залуустаа уриалж байна!!!
Эрүүгийн хуулийн 18 дугаар зүйлийн тусгай ангийн зүйл заалтыг дурдвал:
18.17 дугаар зүйл.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчих
1.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг зөрчиж бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, худалдсан, түгээсэн, улсын хилээр нэвтрүүлсний улмаас зохиогч, эрх эзэмшигчид их хэмжээний хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.байнга тогтвортой үйлдсэн;
2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.