Comment.mn

М.Энхсайханы “Ганц худаг”-т бичсэн тэмдэглэл

Ерөнхий сайд асан М.Энхсайхан 461 дүгээр хорих ангид цагдан хоригдож байх үедээ дараах тэмдэглэлийг бичжээ.

2020.04.23

Шүүхийн шийдвэрээр хоригдохоор боллоо. Шийдвэр бичиг цаас болтлоо уддаг бололтой. Умгар нэгэн өрөөнд 8-9 хоригдолтой бараг 10 цаг болов. Энэ хооронд тэдэнтэй танилцаж юу эс ярихав. Ганц нэгээс бусад нь 20-30 насны залуус. Сонсоод байх нь ээ тэд алджээ. Харамсалтай нь, хохирогч нь гомдолгүй гээд байхад яллачихдаг бололтой юм. Хүмүүсийг эвлэрэлдье гэхээр нь хагаралдуулчихдаг хуулийн заалтууд байгаа бололтой дог.

Харанхуй бүрий боллоо. 461 рүү авч явахаар болов. Бүсэлхийгээр гинжилж, гарт хэлхээтэй даавуун бээлий углаж гавлав. Тээр нэгэн жил Хойт Солонгос Хятадын хилийн хот руу оргон зугтаасан гэмт хэрэгтнүүдээ өөрсдөө авъя гэсээр авч явахдаа бүгдийнх нь гарыг төмөр утсаар сүлбээд авч явснаас дипломат будлиан үүсч байсан явдал санаанд буув. Тэрэнтэй харьцуулбал Монгол маань хамаагүй ардчилсан юм аа. Журам юм чинь журмаараа л байг. Машинд суулгах зуур гадаа олон цагаар хүлээсэн эхнэр маань шүүхэд ирэхдээ өмссөн бажаанкийг пүүзээр сольж өгөв. Хармаа руу шүдний оо хийв. Түүнийг нь шалга гэсний дагуу цагдаа нэг үзсэн болоод хармаа руу шургуулав.

+ + +

461-т биднийг авчирлаа. Шинэчлэгдсэн зүйл гэвэл хашааны хаалганаас шорон хүртэлх явган замын хоёр талаар өргөст төмөр тор татжээ. Эмчийн үзлэгт оров. Даралт бага зэрэг өсчээ. Зүгээр ээ л гэлээ. Нэгэн камерт оруулсан нь өмнөхөөсөө ялгаатай нь хана туурга дээр бичсэн бичвэрүүдийг будаж янзалжээ. Даралт бууруулах эм өгөв. Өөрт байнга авч явдаг өвдөлт намдаах эмтэй цуг зооглож давсанд явлаа.

Охидууд маань цочролд орчихоогүй байгаа гэсэн бодолтой сэрэв. Хэд хоногийн өмнө аавыг чинь шоронд хийх гээд байгаа гэж палхийтэл нь хэлсэн юм. Өөрөөр яаж хэлэлтэй билээ. Эхлээд цочоод дараа нь дуугаа хураагаад, шөнө дөлөөр интернэтээс шорон гэж юу байдаг тухай үзээд ээждээ ярьсан байна лээ. Маргааш нь надаас “Яагаад” гэж асуусан. Сайн, муу хүн гэж байдаг юм аа. Тэд л тэмцэлдэж байгаа юм гэсэн товч хариу л өгсөн. Одоо ойлголт нь бүр сайн болоо байлгүй.

Өчигдөр урьдчилан хорих байранд байхад англи хэл дээр гурван ном ирлээ. Хоёр номыг нь хоёр хоригдол гарын үсэг зуруулаад авчихдаг байгаа. Нас тогтсон хоёр хоригдолд орчуулбаас “Хүн ба Бурхад” утгачилбал, “Хараал хэлэхгүйгээр амьдралаа өөрчлөх ид шид” гэсэн номоо өгөв. Нэгийг нь уншсан, нөгөөг нь уншаагүй юм байв. Хэл усгүй ч номын гарчиг харчихаад ямар гоё ном бэ, заавал уншина аа, орчуулж уншсанаа танд явуулна аа гэв. Бусдад хэрэгтэй ном бол болж л байна гэж бодов.

+ + +

Нэг хоригдол хашгирч байна. Тойргийн утгыг яаж олдог юм бэ? Юуг юутай харьцуулдаг юм бэ сда гээд тэвдээд байгаа бололтой. Хэн юу гэж хариулах нь надад сонин байлаа. Ихэнх нь энэ асуултад бүдэрч байгаа сонсогдоно. Гэтэл нэг хоригдол 2-ыг радиусаар нь тэгээд “п“- ээр үржүүл гэлээ. Сда “п“ гэж юу юм бэ гэв. 3,14 гэснээр яриа өндөрлөв. Би эхлээд бүтэлгүй хариу сонсоод инээж байснаа зөв гаргалгаа олсонд нь битүүхэндээ баярлав.

+ + +

Ура, хоол өгч байна. Өчигдрөөс хойш юм идээгүй надад бөөн таашаал. Надад үлдсэн ном нь “The Street Test” нэртэй. Өөр ном байхгүй тул уншиж эхлэв. Хорвоо эргэлдэхэд яагаад зарим хүмүүс гутарч, дуугаа хурааж чимээгүйд живдэг, харин зарим хүмүүс улам хүчирхэг болдог тухай юм. Ницше гэдэг алдартны “Намайг алахаас бусад зовлон намайг хурцалдаг” гэсэн үгнээс эхлээд судалгаа хийжээ.

2020.04.25-26

Хүйтэн камерт даарсхийн хоноглов. Бусдаар бол зүгээр ээ. Эмч ирж даралт үзэв. Төмөр хаалганы нүхээр гараа гаргаж даралтаа хэмжүүллээ. Бусдаар бол зүгээр ээ.

Хоригдлууд коронавирусээр төдөн хүн өвдсөн гээд тоо уралдуулж байна. Гадаад орчноос таслагдсан бидэнд мэдэх юм алга. Дэмий л санаа зовох юм. Хүйтэн орон дээр удаан сууж бичлээ. Нуруу хөших шинжтэй. Энэ зуур торны завсраар болжмор орж гарч байгаа харагдана. Тэднийг хооллочихоод хөнжил дотроо хэвтэхээс…

+ + +

Шоронд хагас, бүтэн сайн өдрүүдээр хаалгыг нь харуулууд ч онгойлгох эрхгүйгээр блоколдог юм байна. Эмч төмөр хаалганы нүхээр даралт хэмжээд байсны учир тайлагдав. Жиндүүлээд нуруу гацаж магадгүй байна. Доороосоо зузаалах гудас байвал зүгээр байна гэсэн хүсэлт тавилаа. Төдий удалгүй гудас авчирч төмөр хаалганы жижиг нүхээр өгч авалцав.

Гэрээс уншиж амжихгүй яваад байсан хоёр ном иржээ. Японы иргэн Акира Оно (Монгол нэр нь Огонуус Цогту)-гийн бичсэн “Монгол хүн ба Соёлын хувьсгал”, “Төвөдөд эргүүлсэн япон сэлэм” номыг амтархан уншлаа. Японы гадаад бодлогод нөлөө үзүүлсэн Японы судлаачид, улстөрчдийн анхааралд ихээхэн орсон судлаачийн бүтээл аж. Их Монгол Улс байгуулж, дэлхийг эзэлж явсан монголчууд Юань гүрэн задарснаас хойш өөр хоорондоо нэгдэж үзээгүй явсаар хэрхэн коммунист Орос, коммунист Хятадын колончилолд орсон гунигт түүхийг баримттайгаар бичжээ. Болоод өнгөрсөн явдал гэж бодох хэрэггүй. Түүх их багаар давтагддаг жамтай. Өөрийгөө улстөрч гэж үздэг хүн бүрт энэ номыг уншихыг зөвлөж байна.

+ + +

Хагас, бүтэн сайнд хөл хөдөлгөөнгүй учир чангаар хоёр цаг орчим зохиолын дуу тавив. Хоригдлуудад үзүүлж буй төрийн үйлчилгээ л юмуу даа. Ямар ч байсан социализмын үеийн шорон биш. Гэхдээ энд диско сонсдог газар биш шүү, залуус аа.

+ + +

“The Street Test” номоос: “Австралид газар хөдөлжээ. Олон хүн хүний нэр мартах, барьсан тавьснаа санахгүй, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байсан” гэнэ. Айдас хүнийг ингэтэл нь стресст оруулдаг аж. Хувь хүний эрх, эрх чөлөө тухайн хүнд өгөгдсөн анхдагч өгөгдөхүүн. Тэр тусмаа Монгол хүн тэнгэрээс эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн. Түүнтэй нэгэн адил айдас бол тэр хүний өөрийх нь өмч. Айдсаа бусдад эзэмшүүлбэл эрх чөлөөгөө алдахтай агаар нэгэн болой.

2020.04.28

Өнөөдөр өмгөөлөгч Пүрэвдулам, мөн Шинэбаяр нар ирэв. Пүрэвдуламыг орж, шилний цаанаас утсаар ярихыг зөвшөөрчээ. Шинээ гадаа үлдэж. Баригдаад 10 гаруй цаг болж байж ачигдсан юм. Тэр үед эхнэрийн маань дэргэд дэнс бүсгүй маань зогсож харагдсан. Сэтгэлийн дэм өгсөн дайчин бүсгүйдээ баярлаж байгаа шүү.

Пүрэвдулам: Болж байгаа үйл явдал зөвхөн таны асуудал биш боллоо. Үндсэн хуулиар өөрийгөө өмгөөлөх эрх танд байдаг. Эрхэд тань халдсан байна гэж байна. Өөр олон мэдээлэл хуваалцав. Монголчууд маань мэдэх мэдэхгүй асуудлаар хоорондоо талцан хуваалцаж, харь орны бодлогын золиос болж байна гэдэг бодол маань бэхжлээ гэж хариу хэлэв.

+ + +

Сэтгэл сэргэж камертаа ирээд хогоо шүүрдэж, шүүр, хутгуур өгөөч гэсэн хүсэлт тавив. Хэсэг хугацааны дараа ишийг нь сугалж авч үлдсэн шүүр, хутгуур өглөө. Аюулгүй талаас боож ишийг нь авч үлдсэн байх. Шүүрийн иш бариад би яавал гэж дээ. Өрөөгөө мөлхөж шүүрдлээ. Ноосорсон хог гардаг байна шдээ.

2020.04.29

Өглөө босоод өрөөндөө нойтон цэвэрлэгээ хийе, шалны алчууд мод өгнө үү гэлээ. Гэтэл хажуу камерт хоригдож байгаа нэг залуу намайг өрөөндөө авчих, би өдөрт гурван цаг цэвэрлэе гэнэ. Тийм бага уу гэтэл 6-7 цэвэрлэе, массаж хийж өгье, бухимдвал зодуулъя гэж инээдэм тарив. Залуус хараал үг хэлэвч цайлган гэдэг нь мэдрэгдээд байх юм. Шоронд байгаа нь харамсалтай юм.

2020.04.30

Хэвтжээ байтал төмөр хаалга тачигнав. Онлайн шүүхэд дуудаж байна гэлээ. Хэд хоногийн өмнө Эрдэнэбат өмгөөлөгч маань цагдан хорьсон шүүгчийн шийдвэрийг өөрчлүүлэхээр гомдол гаргасан. 24 цагийн дотор хэлэлцдэг гэж байсан нь санаанд орлоо. Тэрнээс хойш хэд хоночихож. Шүүх нь хуралдаад “цагдан хорь” гэсэн юм байлгүй гэж бодож байлаа. Гэтэл үгүй аж.

Онлайн хурал гэдэгт нь орлоо, тавьсан гомдлыг олон хоног хоцруулж хэлэлцэж байгааг ойлгов. Шүүхийн танхимд хэн юу ярьж байгаа нь юу ч ойлгогдсонгүй. Бөөн шуугиантай, дуу нь тасалдсан, орж гарсан юм л болж байх юм. Яллагдагч онлайнаар шүүхийн ажиллагаанд оролцсон гэсэн үзүүлэлт л хэрэгтэй байдаг бололтой юм. Надаас шүүгч санал бодлоо хэлнэ үү гэв. Би “Та хэдийн юу ярьсныг сонсож чадсангүй” гээд шүүхээр хэргийг шударга шийдье гэвэл прокурор, өмгөөлөгч, яллагдагч ижилхэн түвшинд баймаар байна. Шоронд яллагдагч нь суучихаад хэргийн материалаа ахин дахин нягтлах бололцоогүй, дээр нь бодлоо төвлөрүүлж чадахгүй байдал бий болж байна. Өмгөөлөгчийн минь саналыг авч хэлэлцэнэ үү гэсэн утгатай хүсэлт тавив.

Шүүх зөвлөлдөхөөр юм боллоо. Төд удалгүй “Энхсайханы өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна” гэж шийдвэрлэв. Би ч хэвтэж байсан бол дээр байж дээ гэсэн шүү камертаа орж орон дээрээ хэвтлээ.

2020.05.01

Майн 1-ийг шоронд угтдаг хувь тавилантай юм байна би гэдэг хүн. Майн 1-ийн мэнд хүргэе гэж чанга хэллээ. Залуус тэр чинь юун өдөр билээ гэж асууцгааж байна. Шинэ үе томорсны шинж юмуу даа.

+ + +

Ерөнхий прокурорын газраас нэгэн хэлтсийн дарга шалгалтаар ирж, товчхон уулзав. Ярианы өнгөнөөс нь харахад сошиалаар гарсан элдэв мэдээллээр явж байгаа юм байна. Түүнд дараахь саналуудыг сонордуулав.

1. Хуулийн алдаа мадаг, буруу хэрэглээнээс шорон залуусаар дүүрэн байна. Анхаарна уу гэлээ.

2. Шоронд хүний эрх чөлөөг хязгцдрласан болохоос хүн байх эрхийг нь хязгаарлаагүй. Хүн хүн байхын тулд мэдээлэл авдаг байх ёстой. Үүний тулд ном, сонин, хэвлэлээр хангах хэрэгтэй байна гэв. Гэрээс нь оруулж байгаа биз дээ гэж асууж байна. Сонин, хэвлэл авах чадалтай нэгэн байхад чадал хүрэхгүй нэгэн байгаа. 461 дүгээр ангиас нь энэ ажлыг зохион байгуулдаг болгомоор байна гэлээ.

3. Өчигдөр онлайн шүүх гэгч хуралд оролцлоо. Шүүхийн танхимд юу болж байгаа нь сонсогдохгүй, яллагдагч хуралд байлцсан нэр хэмээдэг гэв. Техникийн алдаа байсан юм болов уу гэж асууж байна. Техникийн биш ээ, хүний хувь заяаг шийддэг хурлыг ингэж хийдэг баймааргүй байна гэлээ. Прокурор анхааръя гэлээ.

4. Таныг 10 цаг хөл дээр нь зогсоосон, залхаасан гэж УИХ дээр хүртэл яригдлаа гэж прокурор хэлэв. Шүүхийн дор подвальд цонхгүй жижиг өрөөнд 8-9 хоригдол байсан. Миний шийдвэр гарахгүй 10 цаг болсон доо. Надаас болоод баахан хоригдол олон цаг саатах шиг санагдаад тэднээс уучлал гуйсан гэдгээ хэллээ. (Тэд бид шорон руугаа яараад ч яах юм билээ гэж байсан шүү)

Прокурор хоол, унд өгсөн үү гэж асууж байна. Өгөөгүй гэлээ. (За энэ том асуудал биш л дээ)

Хүн хэлмэгдүүлчихвий гэж санаа зовоод тэнд байсан цагдаа нар ажлаа сайн хийж байсан шүү л гэсэн үг дайв.

5. Прокурор эмч үзэж байгаа юу, биеийн байдал ямар байна гэж асуусан. Бие сайн, өвдөж зовж байснаа тоочвол “цэцгийн баглаа” шиг болчихно оо гэв. Анхааръя, санал хүсэлт байвал хэлээрэй гэснээр бидний ажил хэрэгч уулзалт өндөрлөв өө.

+ + +

Хонгилоор явж байсан хоригдол “Ах аа, зөвлөгөө өгөөч” гээд шүүхэд гаргах гомдлоо торон завсраар өгөв. Нэр чинь хэн билээ гээд асууж амжив. Өгсөн материалыг нь уншчихаад торны завсраар нэрийг нь дуудтал хариу өгч байна. Чангаар зөвлөгөө өгөв. Өөрөө өмгөөлөгч авчихсан хуулийн зөвлөгөө авч ажиллаж байгаа мөртлөө шоронд бусдад хуулийн зөвлөгөө өгдөг өдөр байлаа.

2020.05.02

Хагас сайн өдөр болжээ. Хөгжим эгшиглүүлж байна. Хоёр хоногийн дараа шүүх хурал болох гэж байдаг. АТГ- ын “зохиол”-ыг ахин дахин нягталж үзмээр, өөрийнхөө хэлэх үг, олон нийтэд хүргэн мессэж дээр суумаар байдаг. Шоронд бодол санаа энд тэнд тэнээд байдаг. Миний байж байгаа царай гэж өөрийгөө хараасан ч энэ нь Монголын маань царай болчихвий гэж санаа зовов.

+ + +

Гэрээс сахлын машиныг дөхүүлжээ. Нэлээд удаж байж камертаа биш, нэгэн бяцхан даргын өрөөнд сахлаа хусах бололцоо олдлоо. Толинд харлаа. Цав цагаан сахал. Шүүх нь шударга ч бай, шударга бус ч бай Монголынх учир царай алдаж очоод яахав гэсэн бодолтойгоор сахлаа хусч орхив.

М.Энхсайханы хорих ангиас охиддоо бичсэн зурвас

Сайн уу, охидууд аа!

Аав нь энд сайн байна. Хоол нь дажгүй. Хичээлээ сайн хийгээрэй. Өрөөндөө ганцаараа. Ээжийнх нь явуулсан ном, бүх юмыг авсан. Номуудыг бүгдийг уншаад дуусгачихсан. Санаа зовох хэрэггүй ээ. Хичээлээ сайн хийнэ шүү.

Аав нь зөв юм хийж байснаа сайн мэддэг. Буруу ойлгодог хүмүүс байж л байдаг. Том болохоороо бүр их сайн ойлгодог болох байх аа. Охидууддаа их хайртай шүү.

2020.04.26

Мэндсайханы Энхсайхан

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.