Давтах уу? Нөхөд өө?Цусаар тээглэсэн ардчилал…
Ардчилсан хувьсгалыг талархдаггүй хүн биш л дээ, гэхдээ… Гажуудал их байсан. Золио их байсан. 1990 оны Ардчилсан хувьсгалын удирдлага гаднаас байсан гэдэг үнэн шүү дээ. Хүйтэн дайн оргилдоо хүрч, коммунист системийг задлах нүсэр төлөвлөгөө дэлхий дахинаар хэрэгжиж байсан. Системийг задлахын тулд толгойлогч орны нэр хүндийг дагуул орнуудад унагах ажил явж л байсан. Өнгөт хувьсгалын эцэг гэгддэг Стив Манн Монголд ирж АНУ-ын ЭСЯ-ыг байгуулах ажлыг хийж байсан. Манай “ардчилсан хувьсгалчид” гадаадын агентуудаас санхүүжилт авч байгааг манай НАХЯ харж, мэдэж л байсан. Бүгдийг нь дагаж, утсыг нь чагнаж, ар гэрийг судлаж, түүгээр нь барьцаалж, дуудаж уулздаг байсан. Хувьсгалын удирдагчдын 80 хувь нь НАХЯ-ны мэдээлэгч болсон, гэхдээ систем өөрчлөгдсөн. Хувьсгал хоёр талын залууртай явсан учраас харьцангуй тайван өрнөж, нийгэм өөрчлөгдсөн. Бэлэн зэхээний “Үндсэн хууль авчирч” баталсан. Бүгд жүжиг байсан, гэхдээ энэ жүжгийн ачаар Монгол Улс коммунист системээс цус урсгалгүй салж чадсан. Хүний эрх, эрх чөлөө гэдэг үг түгээмэл тархаж, нийгэмд бэхэжсэн. Гэхдээ… Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бий, хэрэв хязгаараас давбал сайн зүйлс ч муу болдог. Үндсэн хуулийг батласнаас эхлэж манайд барууныхан эрх ашгаа тулгаж, дуртай хуулиа батлуулдаг болсон. Тэр хуулийг нь баталснаар баялгийн хуваарилалт хэт тэнцэвргүй болж, нийгэмд ядуурал газар авсан. Баян хоосны ялгаа ихсэж, нийгэм антигонист буюу эвлэршгүй зөрчилд орсон. М.Энхсайхан Ерөнхий сайд болмогцоо эдийн засгийг либералчилж, Оросын хараат байдлаас гарах алхам хийж байна гэж сурталдаж байхдаа өнөөгийн гай гамшгийн эх “Ашигт малтмалын тухай” хуулийг Африкаас импортолсон. 1997 онд… Урьд хожид үзэгдээгүй зүйлс лай ланчиг цуварч Засгийн газрууд “зуны ялаа” шиг богино настай болсон. Хувьсгалын халуурлаар ард түмэн зовлон зүдгүүр, эрсдлийг нуруундаа үүрч, шүд зуун зүтгэсээр байсан ч юу ч хожоогүй. 1998 онд С.Зоригийг алсан. Хүмүүс энэ үймээн бужигнаанаас өөр юуг ч олж харж чадахгүй тийм нягтарсан, дараалсан үйл явцын дунд өнөөгийн Монголыг бий болгосон хуулиуд ногоон гэрлээр батлагдаж байсан. Тэр үед хэн баатар байв? М.Энхсайхан Ерөнхий сайдаар гэнэт томилогдсон. Ц.Элбэгдорж хувьсгалын эсэргүү ажиллагаа явуулж, өөрийн ЗГ-ыг түлхэн унагах анхны нүхийг ухсан. Да Ганболд Ерөнхий сайдад 7 удаа дэвшиж байсан. С.Баяр ЕТГ-ын дарга байсан. Э.Бат-Үүл С.Зоригийг Ерөнхий сайд болгох ажлыг “менежердэж” байгаад гэнэт хувирсан. Хөөрхий С.Зоригийг хутгалж алаад хөшөө босгосон. Тэр өөрийг нь хэрхэн зольсныг мэдсэн бол Цезарь яг түүн шиг сийчүүлээд үхэхдээ “Брут чи хүртэл үү?” гэж хэлснийг давтах байсан. П.Цагаан Сангийн сайд байсан, Баабар дараачийнх нь. “Голомт”-ынхон банкны реформоос хожоо олж баяжсан. Тэднийг дагасан МЗХ-ны Ч.Сайханбилэг, С.Баярцогт нар шилдэг улстөрчид болж байсан. Тэр цагаас бөгсөө хаялсан ягаан зангиатай юмнууд ордноор гүйлддэг болсон юм. Яг энэ үеэс эхлэн Ардчилсан хүчин нийгмийн тогтвортой дэмжлэгээ бүрмөсөн алдсан, ард түмэн итгэхээ больчихсон. Өнөөдөр Монголд хэн хамгийн баян байна вэ? Хэн албан ёсны, ардчилсан сонгуулийн үйл явцыг эсэргүүцэж байна вэ? Энэ хүмүүс ширээ тойрон суугаад энэ нийгэм бузар булай болсон тухай ам уралдан ярьж байна. Тэгээд хэн ийм болгосон юм бэ? Нөхөд өө? С.Баярынхаар асууя л даа… тэднээс ганцхан ийм асуулт асуухад тэр “дугуй ширээний ярилцлага” ямар ч утга учиргүй юм болох байв. Хэн гэдгийг өмнөхөөс харчих л даа… Түүнээс удалгүй Ш.Отгонбилэг нисдэг тэрэгний ослоор нас барсан. Цуварсан аллагууд… цуст засаглалын эрин үе. Тэгээд… бүгдээрээ үүрнээсээ ниссэн шувуухай шиг дэрхийн АНУ руу арилсан даа… Энэ балиар үйл явц Н.Энхбаярыг төрүүлсэн юм. Тэр эдний үеийнхний засаглан дургих он жилүүдийн тэн хагасыг ганцаараа эзэгнэсэн юм. Тиймээс Н.Энхбаяртаа дургүй байх нь аргагүй. Ганцаараа идсэн гахай таргалдаггүй… турж үх новш оо! Одоо харин тэд яг дуу дуугаа авалцан нэгдэж байна. М.Энхболдын ар дахь эмх замбараагүй эвслийн сүйрсэн туршлагыг ашиглан С.Эрдэнийн ард бас нэг тиймэрхүү юм зохион байгуулах гэж ноцолдож байна. Гэхдээ дотоод зөрчилтэй… хэрэв эрх авбал дахиад хоолойдоо асалцана. Золио нь хэн бол…? Түүх давтагддаг, эхнийх инээдэм, удаахь нь эмгэнэл… Одоо инээд нь ханиад болчихсон. Тэгээд энэ цуст зам мөрийг давтах уу, нөхөд өө? Гажуудлаас гажуудал руу… “Бидний нөхөд эв саналаа нэгтгэн…” энэ гажуудлыг засах гэж оролдсон юм. Гэхдээ яг оролцогчийн хувьд хэлэхэд байна аа, гаднын санхүүжилт, оролцоогүй, үндэсний бие даасан хувьсгал хар цагаан ч бай, өнгөт ч бай бүтдэггүй юм. Үндэсний болгох гэж, бие даах гэж оролдсоны гор бол 2008 оны 7 сарын 1-ны цуст үйл явц… Одоо 100 жил нь болох гэж буй ардын хувьсгал Оросынх. МАН өөртөө наах гэж үндэсний болгох гэж үздэг авч одоо хэн түүнд итгэх вэ? К.Щетинкиний морин эскадрон Монголд үхсэн үлийгээ хайж явсан юм, бароныг уу? Оросын эзэрхийллийн ул мөр “Щ” үсэг цагаан толгойд нь хадагдчихаад байхад үгүй гэх юм гэнэ щааваас… Чухам дангаараа хийгээд бүтэлгүйтэж дараагийн үедээ санаачлагаа алдчихсан хувьсгал бол 1911 оных байсан юм. Гэхдээ түүнийг хувьсгалаас өөрөөр “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” гэж адладаг байсан байх аа, тэгж санаж байна. Гэхдээ 1924 оны үндсэн хуулийг батлахдаа 1911 оны үйл явцыг “хувьсгал” гэж нэрлэж байсан юм шүү! Жаахан гажиж хадуурсан ч хол явахгүй, манай үндэсний хувьсгалын түүх ингээд л болоо… Арав гаруй жил үргэлжилсэн манай өнгөт гэнэ үү, өлбийсөн гэнэ үү хувьсгал улаанаар дарагдсан, одоо энэ нийгэмд хувьсгагч өөрчлөлт хийх хүчин байхгүй. Эмх замбараагүй иргэний нийгмийн байгууллагууд хувьсгалыг үргэлжлүүлж чадахгүй нь тодорхой болсон. Мэдээж хавчлага сүйрлээс зайлсхийж танагаа тасартал үзэлцэж байхдаа хувьсгалын томъёоллоо хамгийн аядуу болгож, Үндсэн хуулийг өөрчлөх гэж буулт хийсэн. Үндсэн хууль өөрчлөгдчихлөө! Дордуулсан 7 өөрчлөлт Н.Энхбаярыг өлгийдсөн, одоо… Бидний эгнээ шингэрсээр байсан, янз бүрийн саналууд л тэгж шингэлж байсан хэрэг. Бид улайрсан хувьсгалч царайлж зүтгэж байхад тэд бүхнийг хамах нь гэж айж байсан юм билээ л дээ, щааваас… тэгээд аллага хядлагадаа тулахын наагуур дэнжигнэсээр 2008 оны хэрэг явдал өрнөсөн. Бүр 2007 онд би бас нэг муу воркахолик загнаж, тэр үеийн МАХН-ын залуучуудын байгууллагыг үнсээр нь хийсгээд намаас хөөгдөж билээ. Тэгэх ёсгүй байсан юм билээ, тэнд залгамжлагчид нь дэгдээхэй болж чадаагүй байхад нь үүрийг нь эвдчихэж. Ингээд МАХН шинэчлэгдэх замдаа эргэлт буцалтгүй орчихсон. МАН болсон, хуучин хагд өвснүүдээ шатаачихсан. Гэтэл АН бахь байдгаараа, шинэчлэл нь С.Эрдэнэ юм биз дээ? Яг үүнээс жилийн дараа болсон цуст хэрэг явдлын төгсгөлд Ц.Элбэгдорж, С.Баяр хоёр ямар хурдан янагшиж нүх сүв бүхнээрээ холбогдов оо? Ердөө л тэдний эхний аллага 1997 оны хуулийг батлуулж, цаашид түүнийг манасны төлөө авах идүүрэнд нь дусаах мөнгөний төлөөх арчаагүй тэмцэл байсан юм билээ шүү дээ! 11 жилийн дараа тэд идүүрэндээ мөнгөтэй болж, 1997 оны хуулиар Оюу толгойн гэрээг байгуулж, С.Баяр долоон хаусны мөнгөтэй болж, Ц.Элбэгдорж эх орончийн дүрд тоглож, Н.Энхбаярыг унагаж байгаад түүнээс нь ахиухан хүртэхийн тулд С.Баярыгаа ч хөөж… одоо тэдний хагарлын шалтгаан ердөө л энэ шүү дээ! Тэгээд “Оюу толгойд” цадаагүй учраас “Эрдэнэт”-ийг зараад одоо шоронгийн сараалж зүүдлээд нойргүй яваа… Ардчилсан хувьсгал хийж, улс орноо өөрчлөн мандуулах их үйл хэрэгт чин зүрхнээсээ оролцсон зуу зуун мянган залуус, эгэл жирийн иргэд хоосон хонож, хуучин коммунист угсаа залгамжлалд ад шоо үзэгдэн адлуулж, хөөгдөж насыг барж байхад байхад тэд гадны мөнгөний төлөө нэгэндээ хайр найргүй хутга шааж байсан. Эцсийн дүндээ энэ хувьсгалаас хэн хожсон юм, хэн баяжсан юм… Тэд ширээ тойроод шударга бус байна гэлцэж нус нулимстайгаа холилдож л сууна билээ! Энэ бүх цуст үйл явц мөнгөний төлөө л байсан юм, ердөө мөнгөний төлөө… одоо ч бас л мөнгөний төлөө цуглаж байгаа юм. Яагаад гэж үү? Яг тэр мөнгөнийх нь амсрыг боох гэж байгаа учраас тэчъяадаж байгаа юм. 1997, 2008, одоо яг 11 жил өнгөрч! Ардчиллаар нусаа арчигсад Ардчилал тэдний хувьд юу юм бэ? Нусны алчуур. Ахиухан нусаа нийж, матрын нулимсаа нийлүүлж хольж байгаад ард түмний толгой дээрээс асгах том сав. Ийм ардчиллыг МоАХ ч, АСХ ч, “Шинэ дэвшилт” хөдөлгөөнийхөн ч хүсээгүй юм. Тэдний удирдагчаас одоо хэд нь эсэн энх яваа билээ? Хэд нь улстөрд байгаа билээ? Зарим нь жигшээд, зарим нь жийгдээд гудамжинд гарсан. Ердөө оны өмнө Салхитын мөнгөний ордыг улсын мэдэлд хураан авч, хөгшидийн тэтгэврийг тэглэх шийдвэрийг сонсоод тэд яаж дэвхцэж байгааг харах үнэхүү зугаатай байсан юм. Өөрсдийн нь хоолыг хураагаад авахад уяандаа цовхчих нохой шиг л дэвхэрч байсан. Тэгээд дуу дуугаа авалцан нэгдсэн. Яг хатигийг нь олоод дарчихсан байхгүй юу… Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа 1997 оны “Ашигт малтмалын хууль”-ийг өөрчилнө гэвэл тэд юу ч хийхээс буцахгүй. Хатигны толгой нь тэр юм. Ковидын улмаас тэжээгчээсээ хол хоригдсон тэд яаж ч чадахгүй байгаа нь үнэн. Эцэстээ дэлхий тойрон дэгдэж явсан Ц.Элбэгдорж тэсгэл алдан гүйж ирээд хорионд орчихоод байж ядахдаа цонхондоо Монголын далбаа хадаж маяглаж байна. Ирэхэд нь баривчилчих вий гэж айхдаа С.Эрдэнийг загнаж хүмүүсээр тосуулсан юм, одоо ч хүмүүс цуглуулж, өөрийгөө байнга эргүүлж, хэдэн хүн цуглаж байгааг хуруу даран тоолж цонхныхоо цаана холхиж байгаа. Аймхай л даа, тэр айдсаасаа болоод өөрийг нь мухар сохроор дэмжиж байгаа тэр хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндийг юман чинээ тоохгүй, гаргуунд нь гаргаж чадна. Дээр нь нэмээд Ардчилсан намыг зольчихоо юман чинээ бодохгүйгээ харуулсаар л байна. Ийм ардчиллыг тэднээс бусад нь хүсээгүй юм аа. Ардчиллыг гутааж байгаа тэднээс ардчиллаа, ардчилсан намаа яаж аврахаа уг нь бодвол зөв юмсан. Ядаж цэвэрхэн байхаа бодвол ирээдүй гэрэлтэй… тэдний нус нулимснаас ардчиллаа ариунаар салгаж авбал сайнсан… Яг С.Зоригийг хөнөөсөн үеийн толгой улстөрчид, тэр үеийн баатрууд бүгдээрээ шүүхийн үүдэнд ярилцлага өгч, гэм буруугүйгээ нотлон боть, боть ном бичиж, эрх мэдэлтнүүдийн хивсийг элэгдтэл ордноор таваргаж явна. Тэгэхийн хажуугаар явуулга мунхруулгаа хийж, шинэчилж найруулсан үндсэн хуулинд хүртэл өдөр хоногийн будлиан шургуулж… Засгийн газарт ч, ЕТГ ч өөрийн хорлон сүйтгэгчээ шургалуулж, тэд нь хоорондоо дайтаж буй дүрээр институц хоорондын дайн дэгдээж, тогтвортой байх нөхцөлгүй болгон хутгасаар удсан. Өөрсдөө эрх мэдлийн хүрээнээс шахагдсан тул ашиглагдчих амьтан хүн хайж цөхөж яваа юм, щааваас… Бас хамжиж дэмжих мөнгөтэй бизнесмэн эрж, намын амбицтай гишүүдээ ясыг нь цайтал мөлжиж мөнгө босгож… Өөрсдөө сохор зоосыг ч болов хэмнэнэ шүү дээ! 2 хувь… Тийм ээ, энэ нийгэм “98:2”-ийн нийгэм. Хоёр хувь нийгмийн баялгийн дийлэнхийг эзэмшинэ. Энэ хоёр хувьд тогтож үлдэх цорын ганц боломж нь тэдний хувьд эрх мэдэл. Дотоодын хөрөнгөтнүүдээс хөрөнгө дайчлах бололцоогүй бол гадныхныг найр тавин урьдаг. Урихдаа дэвсдэг “цуст улаан хивс” нь 1997 оны “Ашигт малтмалын тухай хууль”. Энэ хууль Үндсэн хуулиас ч илүү үнэ цэнэтэй юм, тэдний хувьд. Үүгээр газар нутгаа зардаг, эх орноо тонодог. Арилждаг, наймаалдаг. Хэрэв энэ хууль нь өөрчлөгдвөл аяа, тэдний есөн сүнс даруй биеэс нь зайлмуй. Үүний тулд Ардчилсан намыг ч золих ёстой. Юун МАНАН… Тиймээс өөрсдийн залгамж халаа залуусыг цуглуулж, сонгуулийн дайнд оруулах гэж байна. Тэд торгуулийн суман болж, тулаан ороод ялагдана. Гэвч тэд мөнгөө төлсөн тул хайран биш. Мөнгө нь хэрэгтэй, хүн нь хэрэггүй. Тэгээд АН ялагдвал задлан бутаргаад өөрийн эрхшээлд гол цөмийг нь авч үлдэх гэж байгаа юм. Бусад нь арилтугай… Сонгуульд хэрэглэхээр авчирсан 7-8 зуун хятад троллыг нь хөөгөөд гаргачихсан тул асар их мөнгө төлөөд шатчихсан. Дараагийн ийм бүлэг байгуулахад мөнгө хэрэгтэй. Мөнгө, мөнгө… Сум хэрэгсэлгүй, туг нь гундчихсан эмх замбараагүй энэ нүсэр арми хуучны гал цогтой, ариун сэтгэлтэй хувьсгалчдын сууриа алдаад бэртэгчин, ашиг хонжоо хайгч, эзний ёндоонд “бүгдийг түлхсэн”, үсрээд хаана буухаа мэдэхгүзй дэврэгүүдийн цуглуулга болж. Хайран нам. Хэн энэ намыг ийм болгочихов оо, нөхөд өө? Бид уг нь чухам энэ адгийн шаруудаас АН-ыг цэвэрлэчихвэл энэ нам ирээдүйтэй манлайгч хүчин болно гэж итгэж байсан. Одоо адгийн шааруудын амиа хоохойлох оромж болж. Буруу сонгосон, буруу ч гэж дээ, МАН-ын мөнгөөр тэтгүүлсэн намын даргаасаа болж сүйрч байна. Тэд ийм болгосон. Хэрэв сонгогч саналаа худалдвал улс орон ямар болохын тод жишээг өнөөгийн АН-аас харж болохоор байна. Сонгогчид оо! Харагтун, мэдэгтүн! А.Баатархуяг