Дэлхий дахинаа тархсан шинэ коронавирусийн халдварын улмаас цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг түр хаасан. Үүний улмаас хөл хорионд байгаа хүүхдүүд байрныхаа гадаа ч салхилах эрхгүй болсныг хэн хүнгүй мэдэж буй. Цэвэр агаарт хүүхдүүдээ салхинд гаргах гэхээр уулын замыг хааж, зөвхөн гэртээ бай гэх үүрэг даалгаврыг хэдэн сар чандлан сахилаа.
Тэгвэл гадаа дулааны урь орсон энэ цаг үед хүмүүс агаарлахыг чухалчилж байна. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан энэ сарын 16-ны өдөр А/521 тоот “Иргэдийн эрүүл мэндийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамж гаргаснаар “хаагдсан” байсан газрууд үүдээ нээжээ. Тухайлбал, “Чингис хааны хүрээ” цогцолбор нь дөрөвдүгээр сарын 18-наас үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Иймд цэвэр агаарт гарч дархлаагаа дэмжихийг чухалчилж буй иргэд тус газрыг зорин очин үйлчлүүлж байна.
Тус цогцолборын үүдээр ороход машинд яваа хүн бүрийн халууныг үзэж, амны хаалт зүүсэн эсэхийг шалгаж байв. Мөн дотор ороод дахин зочдын халууныг хэмжиж, гар ариутгагчаар халдваргүйжилт хийлгүүлж ариун цэврийг сайтар сахихыг зөвлөсөн юм.
Энд нэг зүйлийг онцлоход, “Чингис хааны хүрээ” цогцолборыг зорин ирсэн бага насны хүүхдүүд болон томчууд бүгд амны хаалтаа зүүсэн нь олзуурхууштай харагдав.
Хүүхдүүд савлуур дээр тоглож, уйтгараа гарган ёстой л шавайгаа ханатал наадахыг харах сайхан байлаа.
“Чингис хааны хүрээ” цогцолбор нь олон нийтийн бүх хэсгүүддээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгэж ЭМЯ-ны зөвлөгөөг чандлан дагаж мөрдөн ажиллаж байгаа гэв.
Тодруулбал, рестораны ширээнүүдийг хооронд нь салгаж байрлуулан, ресепшн хэсгийн шалан дээр “Хоёр метрийн зайгаа барина уу” гэсэн анхааруулга байршуулсан байв. Мөн бүх нэвтрэх цэгт үйлчлүүлэгчдийнхээ биеийн халууныг хэмжин, гар ариутгагчаар хангажээ.
Түүнчлэн ресторан руу орох хүн бүрийн халууныг үзэж, гарыг нь ариутган оруулж байв. Рестораны үүдний гишгүүр, хаалганы бариул, нийтийн ариун цэврийн өрөө болон рестораны ариун цэврийн өрөө зэрэгт хоёр цаг тутам тутамд жавелины уусмалаар халдваргүйжүүлэлт хийж байгаа гэдгээ ч дуулгасан юм.
Ийнхүү үйлчлүүлэгчдийнхээ биеийн халууныг хэмжин биеийн байдлыг хянан ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар хийж байгаад иргэд талархаж байлаа.