Эрх баригч нам УИХ-ын сонгуулийг хойшлуулахгүй байх шийдвэрт хүрчээ. Энэ талаар МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдлээ.
Хэдийгээр, дахин сонгогдох нь эргэлзээтэй нөхөд бүрэн эрхтэйгээ хэд хоног ч болов илүү байх боломж гарах нь хэмээн сонгууль хойшлуулах сургаар сэм баярлаж, намын Удирдах зөвлөл дотроо зөрүүтэй байр суурь илэрхийлж байсан ч олонх нь сонгуулийг хойшлуулахгүй байх нь ашигтай гэж үзэж. Эрх баригч нам шахмал түлшийг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж хотын утааг багасгасан, коронавирусийг тархаахгүй хамгаалж чадсан баатрын дүрээр сонгуульд оролцож, иргэдийн саналыг “хуу хамна” гэж тооцож буй. Улстөрчид олон нийтийг загасны ой санамжтай хэмээн даапаалдаг. Загас ямар ч аюулыг найман секундэд мартдаг бөгөөд дэгээ үмхэн уруулаа сэтэлсэн ч тэр дороо дахин өгөөш рүү тэмүүлдэг богино ой санамжтай амьтан. Улстөрчид “Загасны ой санамжтай сонгогчдод юу ч гэсэн яах вэ.
Эргээд л мартахаас хойш” гэж бодож, худал амалж, галзуу солиотой мэт зүйл ярьдаг. Олон нийт ч тэдний тооцоолсноор дараагийн дуулианаар эхнийхийг нь мартаж, уруулаа сэтэлсэн ч өгөөш рүү зүтгэдэг загас шиг амьдарсаар байгаа билээ. Гэвч олон нийтийн загасны ой санамж улстөрчдөд дандаа ашигтай тусах нь үгүй. Хэчнээн сайн ажиллаж, ямар гавьяа байгуулсан ч олон нийт мартаж л орхино. 2012-2016 онд эрх барьсан АН-ыг муу ажилласан гэж хэн ч хэлэхгүй. Аж ахуйн нэгжүүдийн орлогыг тодорхой болгож, далд эдийн засгийн илрүүлэн, татварын орлогыг нэмэгдүүлэхийн тулд НӨАТ-ын буцаан олголтыг ажил хэрэг болгож, и-баримт системийг бүтээхээс эхлээд Монгол Улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн урт засмал зам энэ жилүүдэд тавигдсан.
Энэ мэтээр нүдэнд харагдаж, гарт баригдах олон ажил хийсэн ч АН 2016 оны сонгуульд далаараа тавиулж, парламентад дөнгөн данган бүлэг байгуулах хэмжээний суудал авсан. Олон нийт, тэдний загасны ой санамж гэдэг энэ. Тиймээс энэ удаагийн эрх баригчид сонгуулийг хойшлуулахгүй, болж өгвөл даруйхан хийхийг хүсэж буй. Нийслэлчүүд өмнөх замаа харж чадахгүй утаатай байснаа аль хэдийн мартчихсан шигээ энэ Засгийн газрын эрс шийдвэрийн үр дүнд шахмал түлш түлж сурснаа мөдхөн мартана. Хавар өнгөрч, зун болоход утааны тухай бодохыг ч хүсэхгүй. Коронавирус ч ялгаагүй. Айж түгшиж, Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дагаж биелүүлж, басхүү шагшин магтаж байснаа сонгуулийн пиарын салхинд таг мартаж, санал өгөхдөө эсрэг дугуйлах олон нийтийн хувьд юу ч биш. Тиймээс МАН-ын засаг утаа, коронавирус олон нийтийн ой санамжаас ор тас арчигдахаас нь өмнө амжиж сонгуульдах гээд адгаж байна.
СОНГУУЛЬД ОРОЛЦОХ НАМУУДЫН БАЙГАА ЦАРАЙ
Эрх баригч нам сонгууль хойшлуулахгүй бол манайд ашигтай гэж буй ч өөрсдийгөө том хэмээн тодорхойлдог МАН, АН хоёрын рейтинг нийлээд ч 30 хувьд хүрэхгүй байгаа гэх. Тэгэхээр үлдсэн орон зайд жижиг намууд, эрээвэр хураавар эвслүүд, бие даагчид таанц эргэх боломжтой болох нь. Монгол гуравдагч хүчин үгүйлэгдэж, орон зай нь улам томрон ханхайж буй нь сонгууль бүрт харагдах болоод удаж байна. Гайгүй хэдэн нэр дэвшигчтэй, аятайхан дүр төрхтэй нам бол энэ удаагийн сонгуулиар хамтарсан засагт орж, ах нарын тоглодог дэвжээн дээр ана мана үзэх боломж улстөрчид, улс төрийн намуудын судалгаанаас харагдаж буй. Гэвч тийм шийртэй улс төрийн хүчин хэд сэн билээ. Ер нь энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд аль нам ямар байдалтай оролцох бол. Улс төрд яриа хэлцэл, тохиролцоо байнга өрнөж, түүнийгээ дагаад нөхцөл байдал өөрчлөгдөж байдаг. Ялангуяа сонгуулийн өмнөх хэдэн сард ямар ч эх сурвалжийн мэдээлэл барьцгүй. Гэсэн ч өнөөгийн байдлаар улс төрийн намууд ямархуу байдалтай байгааг тоймлоё.
МАН ХУУЧЧУУДАА ТҮЛХҮҮ СОЙЖ, АН ЯАХАА МЭДЭХГҮЙ СУУНА
Олон нийт шинэ хүн хүсэж буй ч улстөрчид хуучин хүн гардаг тогтолцоог сонгосон. Тиймээс хоёр том намын тухайд дэвшдэг хүмүүс нь л дэвшинэ гээд хэлчихэд болно. Том тойргийн онцлог нь олон нийтэд танигдсан хүмүүст давуу байдал олгодог. Шинэ хүмүүс сонгуулийн сурталчилгааны богино хугацаанд өөрийгөө таниулж, сонгогчдын саналыг авна гэдэг амаргүй. Тиймээс ах намын хувьд хуучин хүмүүсээ түлхүү дэвшүүлнэ, тэгэхдээ ирэх сонгуульд сойх залуусаа одооноос явуулж, олонд таниулах бодлого баримталж байгаа аж. Зарим тойрогт мандатых нь тооноос илүү гарсан олон нэр дэвшигч тодорч, байн байн нутгаа эргэн давхилдах залуус олширсон нь үүнтэй холбоотой гэх.
Харин АН-ын тухайд хуучин, олонд танигдсан лидерүүд нь намаасаа дайжиж, зай барьсан. Уг намд харзнасан, тодорхойгүй байдал зонхилж байгаа гэх. Яаж сонгуульд орохоо, хэн хаанаас нэр дэвшихээ тодорхой болгоогүй АН-ынхан сонгууль хойшлуулахыг хүсэж буй. Гэвч тэднийхээр шийдэгдэхгүй нь нэгэнт тодорхой болсон тул АН-ынхан хүндхэн байдалтай сонгуульд орох нь.
ШИНЭН-ЫН ХОЁР ЗАМ САЛЖ, Л.БОЛД ТӨРХӨМДӨӨ БУЦАХ УУ
УИХ-ын хоёр гишүүн нийлж байгуулсан, ордон дотроос улс төр хийж буй гэдэг утгаараа ШИНЭН энэ удаагийн сонгуульд жижиг намууд дундаасаа тод харагдаж буй. Тус нам БНН, Үнэн ба зөв нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Эх орон нам, Монгол үндэсний ардчилсан намтэй нэгдэн “Шинэ эвсэл” байгуулаад байна. Тэд УИХ-д гурав, цаашлаад бүлэг байгуулах хэмжээний суудал авна, хамтарсан Засгийн газарт орно гэсэн амбийцтай. Гэтэл “Шинэ эвсэл”-ийн суурь болж буй ШИНЭН-ыг үндэслэгч Ж.Батзандан, Л.Болд хоёр таарамжгүй байгаа гэх “бор шувуу” нисэх болов. Бүр “Л.Болд Ж.Батзандангаас намын даргаа авах гэтэл Ж.Батзандан нь өгөхгүй гээд, хоорондоо муудалцсан. Хоёрдугаар сараас хойш Л.Болд ШИНЭН-ын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа. Л.Болд АН руугаа буцах талаар яриа хэлцэл хийж буй” гэж улс төрийн хүрээнийхэн барим тавим ярьж байна. Улс төрд мөнхийн нөхөр гэж үгүй. Бас мөнхийн дайсан ч гэж үгүй. Яриа хэлцэл ямар болохоос л явах зам тодордог билээ. Тэгэхээр Л.Болд ба ШИНЭН-ын зам удахгүй тодорно биз ээ.
ЖИЖИГ НАМУУДААС ОРОГНОЛ ХҮССЭНЭЭС БИЕ ДААХ НЬ ӨЛЗИЙТЭЙ
Хоёр том намын рейтинг ийм бага, итгэл хүлээлгэхүйц хүчтэй гуравдагч хүчин тодроогүй энэ сонгууль бие даагчдад ээлтэй байж мэдэхээр байна. “2000 онд Л.Гүндалай бие дааж сонгогдоод, ганцаараа хэрнээ ямар хүчтэй сөрөг хүчний үүргийг гүйцэтгэлээ, 2012-2016 онд гурван бие даагчийн үг ямар жинтэй байж, “нохой шуугиулж” бужигнууллаа. Өөрийн гэсэн үзэл бодол, үнэт зүйлтэй хүмүүс бие даагаад гараад ирвэл аль нэг намын, хэн нэг албан тушаалтны үгээр хөдөлж, хайрцаглагдахгүй, жинхэнэ хүчтэй сөрөг хүчин болох боломжтой” гэсэн пиар ч хүчтэй явах төлөвтэй. Том намуудын аль нь ч олонх болоогүй үед хэдэн бие даагч гараад ирвэл бүлэг, зөвлөл байгуулж, хамтарсан засагт ч орох боломжтой гэсэн тооцоо хийсэн санаанд оромгүй хүмүүс бие даахаар шийдсэн дуулдана. Тухайлбал, нэгэн цагт АН-ын даргын алба хашиж, тус намаас Ерөнхий сайдаар томилогдож явсан Н.Алтанхуяг бие даахаар шийдсэн гэнэ. Түүнийг 2004 онд “Эх орон-Ардчилал” эвслийг айлгаж байж суудал авсан аргаа дахин хэрэглэж, “Алтангадас”-аа өрх тусгаарлуулна хэмээн нам байгуулж, АН-ынхантай тохиролцоо хийхээр оролдсон ч бүтэлгүйтсэн гэлцэнэ. Ингээд хуучин ч үгүй, шинэ ч үгүй болсон тэрбээр жижиг намуудаас орогнол хүссэнээс бие даах нь өлзийтэй гэж үзжээ. Энэ мэтчилэн бие даагчдын эгнээнд сонирхол татахуйц хүмүүс нэмэгдэх бололтой.
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН