Засгийн газрын шийдвэрээр БНСУ, Япон, Европын орнуудаас 1000 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирч байгаа энэ үед өөрийгөө тус онгоцонд багтах боломжтой нэн шаардлагатай иргэн хэмээн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоо хоногт жиргээд авсан билээ.
Тэрбээр, “Нэн шаардлагатай иргэдээ авч ирнэ гэж УОК-оос мэдэгджээ. “Нэн шаардлагатай иргэд” гэдэгт миний бие багтана гэж итгэе. Зарим хурал уулзалт цуцлагдаж, хойшилж бас ажил цэгцэрч байна. Вирусын тархалт ихтэй газраас холдоод, өөрийгөө карантилж хугацаа тоолоод, нутаг руугаа ойртож явна” хэмээн жиргэж байсан.
Тусгай үүргийн эхний ээлжний нислэгүүд өчигдрөөс эх орондоо ирсэн. БНСУ-аас 244, Берлин-Москва-Улаанбаатарын ОМ-136 тусгай нислэгээр 231 иргэн эх орондоо ирсэн. Эдгээр иргэдийн дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж байгаагүй ч МУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ирсэн гэх мэдээлэл байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Ц.Элбэгдоржийг эх орондоо ирэхийг хэд хэдэн удаа сануулж, Интерполоор байршлыг нь тогтоосон. Тэгвэл тэрбээр энэ талаар жиргэжээ.
“Намайг олон улсын байгуулагад хэд хэд матжээ. Дарангуйлагч, алуурчин, талуурчин гээд. CD, flash, зураг. Бүгд гүтгэлэг, кино, эвлүүлэг. Эзэн, эх сурвалж нь танил. Ийм юм манайд ирлээ гээд над руу зарим нь явуулжээ. Шуудан, email-ээр. Матаач, долоогчид хаа газар онигооны байх юм. Хаа сайгүй хөл хорио. Цаас үзэг нийлүүлэх л ажил үлдэх нь. Тулгаатайгаа зам нийлж салж яваагаа бичлээ. Яаж баяжив чи гэж их дайрах юм. Чадлаараа л хариулж байна. Яавал Монгол их болох, ирэх сонгуулиар иргэд, сонгогчид нэр дэвшигчдээс юу нэхвэл зохих. Иймэрхүү сэдэв эргэлүүлээд л” гэсэн байна.