Хэрэв Монголд Covid-19 дэгдээд амь амьдрал уралдаж байсан бол дэлхийн энгээр тархсан дээлтэй монголчууд маань эх орондоо, ээж аавдаа үр хүүхдээ тэврээд ингээд ирж чадах байсан уу? Дэлхийн улс орнууд яах аргагүй Монголыг шокийн нүдээр харж, хааяа нэг санаа алдаж, нэт ухан судалж байна.
Вирустай ганц францын маань бие сайжирч, хоёр хүүдээ харих өдөр ч өнөө маргаашаар хэмжигдэх боллоо. Түүнтэй харьцсан 269 монгол иргэн вирусаар өвдөөгүй болох нь тогтоогдлоо. Үүнээс сайхан мэдээ, илүү үзүүлэлт гэж юу байхав. Мэргэжлийн бус хэмээн адлуулсаар ирсэн ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл ёстой л сэтгүүлч хүний хурд, мэдрэмж, овсгоо гарган ажиллаж байна. Аргагүй дээ, хамгийн хүнд цаг үеийг хамгийн их эрсдэл гаргаж туулдаг сэтгүүлч хүний зүрх арай л өөрөөр цохилдог гэдгийг би мэднэ. Засгийн газар ч оновчтой шийдвэрүүдийг тухай бүр гаргасаар ирлээ. Өнөөдөр Монголын Засгийн газар дотооддоо тогтоосон хөл хориогоо суллаж байна. Гэтэл үүнтэй уралдан дэлхийд юу болж байна гэж бодно? Америкт бүрэн хөл хорио тогтоож, сургууль, цэцэрлэг, албан байгууллагууд үүдээ барьж, тэдний “Костко” сүлжээ дэлгүүр гэхэд нэг хүнд нэг боодол 00-ын цаас, хоёр боодол ус хуваарилан өгч эхэллээ. Өглөө 05:00д очиж дугаарласан хүмүүс 09:00д дэлгүүрийн хаалгаар орох эрхээ авч байна. Нью Иорк хотын дарга өнөө өглөөхөн байдал хурцадвал хотынхоо хаалгыг хаана гэж мэдэгдлээ. Италид хөл толгойгоо алдан сандарч, эмнэлгүүд ачааллаа даахаа больж, гэртээ нас барсан хүнийг оршуулах, аваад явах буяны байгууллага ч сураггүй болов. Ямартаа тэдний жүжигчин Луко Француз covid-19 вирусаар өвчлөн нас барсан эгчийнхээ шарилыг хөнжилд боогоод хэд хоносноо мэдэгдэж, “Хэн нэг нь ирж туслахгүй бол би гудамжинд гарч халдвараа хүмүүст тараана” хэмээн сүрдүүлсэн бичлэг хийж цацлаа. Аргаа барж, амьдрал үхэл өрсөлдөж буй хэрэг шүү дээ. Хятадад ч байдал тайван биш байна. Монголчуудын хамгийн их зорчдог, бараа татдаг Гуанжоу хотод халдвар тархсан нь тодорхой болсон. Чухам юу тааралдсанаа, хөдөлж байгаа болгоныг иддэг урд хөршийнхний удирдагчид ямар ч хамаагүй золиосоор улс орон, үндэстнийхээ нэр хүндийг аварч гарах нь л чухал боллоо. Тэнд хэдэн хүн нас барж, гаднаасаа хаалгаа гагнуулж хадуулсан хэдэн айл чөлөөлөгдсөнийг хэн ч мэдэхгүй. Эдүгээ тэд юу идэж амьдарч байгааг ч таашгүй. Дэлхий ертөнц ийнхүү амгалан тайван байдлаа алдаж, 150 орчим орон олон улсын нислэгүүдээ хязгаарлаж, хүнсний дэлгүүр, захуудын дараалал эмх замбараагаа алдаж, үхсэн, амьд хүмүүс нэг дээвэр дор, нэг хотод хэн хэзээ ирж туслахыг хүлээж байна. Харин монголчууд бид гамшиг авчирсан ганц францдаа адууны махтай сармистай шөл зөөсөн шигээ, Анх-Отгон гэж амны билгээр нэр хайрлачихаад, хоолны зураг постолж, хөл хорио чангалсан Засгийн газраа адалж, эрүүл мэнд, эх орныг минь сахин суугаа Эрүүл мэндийн яамаа шүүмжилсэн шигээ Covid-19-гүй сар өдрүүдийг үдэж байна. Сөүлээс тусгай үүргийн онгоцоор ирсэн нөхөд ганц цэвэр ус өгсөнгүй гэж гасалсан шиг, ар гэрийнхэн нь тусгаарлах байранд байх хугацааны хөнжил дэвсгэрийн даавууг нь авчирч бэлдээгүйн улмаас Онцгой комиссынхон 100 хос даавуу өр тавин авч, яаж ийгээд зохицуулж байна. Өнөөдөр Берлин-Москвагаас дахин 250 орчим хүн эх орондоо ирнэ. Тусгаарлах байрны хүрэлцээгээ зохицуулж чадвал дараа дараагийн хүмүүс ч эх орондоо ирэх боломжтой. Зүгээр л талархаж суръя. Зүг чигээ алдахгүй нэгэн зорилгоор хаврын ядаргаа, хавсарга шуурга, covid-19 тархахад хамгийн таатай нөхцөл бүрдэж буй урин цагийг туулъя. Тэгээд бас хэчнээн муулуулж, хэмх гоочлуулсан ч бидний төлөө зүтгэж, зүрхээ дэлсүүлж байгаа хэн бүхэнд талархсанаа илэрхийлж суръя! Хичээснийхээ, тэвчсэнийхээ үр дүнг бид эхнээс нь үзэж байна, цаашдаа ч туйлбартай, тулхтай байж, ажил хийж байгаа хүмүүсээ ялихгүй алдаа, шалихгүй зөрүүний төлөө зүхэхээ болъё. Зүгээр л хамтдаа зүтгэе, хамт байцгаая, бид нэг л МОНГОЛ!
Зохиолч Р.Эмүжин