УИХ-ын 2020 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор МАН, АН УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдээ тодруулж эхлээд буй билээ.
Эрх баригч намын хувьд тус намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг Монгол улсын хэмжээнд МАН-аас нэр дэвших боломжит хүмүүсийн рейтингийг тогтоох цогц судалгааг хийсэн бөгөөд уг судалгааг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэх гол үзүүлэлт болгох гэнэ.
Уг судалгааг 4 сарын сүүлээр дахин хийж, намын бага хуралдаа танилцуулах юм байна.
Гэвч судалгааны дүнгээс гадна намын даргын хувьд У.Хүрэлсүх УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас хэд хэдэн улс төрчийг нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргаж болзошгүй аж.
Жишээ нь тухайн тойрогтоо рейтинг өндөр байсан ч гэсэн М.Энхболд УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшчихвэл У.Хүрэлсүх “60 тэрбум”-ын эсрэг тэмцлээ иргэд, сонгогчдод юу гэж тайлбарлах вэ? гэдэг асуудал үүсэх төдийгүй энэ нь АН, МАХН-д МАН-руу дайрах нэг шалтгаан болох билээ.
Мөн ЖДҮ-ийг Дэмжих Сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй гэдгээ МАН-ын дарга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх нэгэнтээ ам алдчихсан.
Иймээс ч уг амлалтандаа ямар нэг хэлбэрээр хүрэх хэрэгтэй.
Хэрхэн хүрэх хувилбараа ч бодож олсон байна.
Тодруулбал ХХААХҮЯ-ы харьяа ЖДҮ-гийн Дэмжих сангаас хөнгөлөлттэй зээл авсан УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Ж.Энхбаяр, Б.Ундармаа, Т.Солтан нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй гэж урьдчилсан байдлаар тогтжээ.
Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дотны нөхөд нь мэдээж ямар нэг байдлаар хоосон хоцорч болохгүй. Иймээс ч УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа МАН ямар нэг байдлаар Засгийн эрх үргэлжлүүлэн баривал Я.Содбаатар МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Ж.Энхбаяр Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд болох хүсэлтээ намынхаа удирдлагад илэрхийлсэн байна.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын 2020 оны сонгуульд МАН-аас нэр дэвшүүлэхгүй байх магадлал өндөр байгаа аж.
Э.Мягмар
sonin.mn