Comment.mn

Сурагчдаас анги дэвших улсын шалгалт авахгүй

БСШУС-ын сайд Ё. Баатарбилэг “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас энэ жил улсын болон анги дэвших шалгалт авахгүй” гэдгийг теле хичээл зааж байгаа багш нартай уулзаж тэдний саналыг сонсож байх үеэрээ хэллээ.

Хөл хорио тогтоосон энэ хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагааг теле байдлаар зохион байгуулж байгаа. Үүнээс үүдэн сурагчид хичээлээ нөхөж үзэх боломжгүй, алслагдсан бүсэд амьдардаг хүүхдүүд цаг тухайд нь үзэх боломж хомс гэх мэт асуудал тулгарч байгаа юм. Эдгээр асуудлыг хэрхэн шийдэх талаар тус салбарын мэргэжилтнүүд мөн ярилцлаа.

Хөл хорио цуцлагдахад сурагчдын хичээл сургалтын хөтөлбөрийн дагуу явагдаж, теле хичээлээр үзсэнээ бататгах байдлаар явагдах юм байна.

Сурагчдын каринтин болон ЭЕШ-ын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээс тодрууллаа.

-Сурагчдаас төгсөлтийн шалгалт авахгүй гэдэг үнэн үү?

-Тийм ээ. Сурагчдаас анги төгсөх улсын шалгалт авахгүй. Харин 12 дугаар ангийн хүүхдүүдээс ЭЕШ авна. Ер нь төгсөх шалгалт ач холбогдолтой зүйл биш. Улсын шалгалтууддаа сайн бэлдээд орох ёстой байдаг. Одоо бол хоцрогдолтой гэдэг юм уу нөхөж үзэж байгаа тохиолдолд ирэх хоёр сарын хугацаанд хичээлээ нөхөж үзэхгүй бол шалгалтад бэлдэж байгаа гэж хүүхдүүдийг их сарниулдаг. Улсын шалгалтыг ганц хоёр хичээлээр л авдаг. Шалгалт өгөх хичээлүүдээ нүдээд бусад хичээлүүдээ орхигдуулах гээд байдаг учраас бүх хичээлүүдээр нь жигдхэн хүүхдээ төгсгө гэдэг чиглэлийг өгсөн. Явцын дүнгээрээ төгсөлтөө дүгнэнэ.

-Гуравдугаар сарын 30-наас хойш карентин сунгагдах болов уу?

-Одоогоор хэлж мэдэхгүй байна. Дөнгөж гуравдугаар сар гарч байна. Цаашаа нөхцөл байдал ямар байх вэ. Азийн орнуудад өвчлөл нэмэгдээд байна. Бид бол гуравдугаар сарын 30-наас хойш битгий сунгаасай л гэж бодож байна.

-Хэрвээ карентин сунгахаар бол 12 дугаар ангийн хүүхдүүдийн ЭЕШ яах вэ?

-Элсэлтийн ерөнхий шалгалтыг хугацаанд нь  авахаар төлөвлөж байгаа. ЭЕШ-ыг зургадугаар сарын 8-11 хооронд авна гэж төлөвлөж байгаа. Хэрвээ карентин сангахгүй бол ямар ч асуудалгүй. Сунгавал шинэ нөхцөл байдлыг хэрхэн хангахыг тухайн үед нь шийднэ. Гэхдээ сунгахгүй байх гэж найдаж байгаа.

-Теле хичээлүүд өмнө гаргаснаа давтаад байгаа. Яагаад шинэ хичээл гаргахгүй байгаа юм бэ?

-Графикаараа явж байгаа. Эхний долоо хоног шинэ хичээл ороод дараа долоо хоногт давтах юм. Гуравдугаар сарын 2-ноос давтах хичээлүүд байгаа. Дараа долоо хоногоос шинэ хичээлүүд гарна.

Энэ талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “ЕБС-ийн сурагчдаас анги дэвших болон улсын шалгалт авахгүй байх чиглэл барьж байна. Шалгалтын долоо хоногийг хичээлийн долоо хоногт шилжүүлсэн. Сурагчийн жилийн эцсийн үнэлгээг явцын дүн болон дөрөвдүгээр улирлын хичээлийн үнэлгээгээр тооцно” гэлээ.

Элсэлтийн ерөнхий шалгалтын тухайд “Зургаадугаар сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар товлоод байна” гэв.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.