Comment.mn

Мэдрэмжгүй улс төр

Солирол эхэллээ. Сонгууль болгоны өмнө улстөрчид солиордог гэмтэй. Ялангуяа улс орны мөнгө санхүүг гартаа атгасан эрх баригчид илүүтэй солиорно. Жилийн өмнөөс эхэлсэн солиорлын шинж тэмдэг өдгөө хүндэрч Богдын боорцогийг амсуулж байгаа мэт иргэндээ ханддаг өглөгийн эзэд ойрмогхноос олшров. Намуудын дотоод зөрчил эхнээсээ ил болж, тэр хэрээр нэр дэвшигчид бужигнаж эхэлжээ. Зарим нь асуудлаа дотроо ярихаа больж онгоц хөлөглөн харийн оронд очиж, амарч зугаалангаа сонгуульд оролцох тактик, төлөвлөгөөгөө боловсруулаад тун ч завгүй явцгааж байгаа гэх. Энэ нь сонгогчдод таалагдах зүйл амлахаас илүүтэй бүлэг, фракцууд тохирч намын даргаасаа нэр дэвших “виз”-ээ авах л зорилготой. Нэгэнт яв цав тохирч чадсан бол олон нийтэд таалагдах хоосон хийрхэл, худал амлалт ээлжит сонгууль дуустал эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. 

Сонгогчдын оюун санааг “сегадах” кампанит ажил хот, хөдөөгүй өрнөж, юу ч хамаагүй тарааж, цацаж байж олонд танигдаж, парламентад сонгогдон, гишүүний батлах өвөртөлнө гэж сэтгэгчдийн арми хүрээгээ тэлэх боллоо. Үүнээс гадна цахим орчинд “тэнэгтэх” цаг үеийн болон нийгмийн сэтгэлзүйн мэдрэмжгүй улс төр хэдийн эхэлчихлээ. Гишүүнийхээ суудалд үлдэх гэсэн хэд нь эхнээсээ аагтай шаргал цай самарч, янданг нь байнга шүүмжилдэг ханат гэрт цааны годон гуталтайгаа парвайтлаа инээд алдан зогсох зураг олны анхаарлыг эрхгүй татав. Улстөрчдөөсөө илүү иргэд нь ухаажсан энэ нийгэмд иргэдийн олонх нь мухраар сүсэглэж аливаа хошин шог, тавилтат дүрс, зураг, илтэд дулдуйдаж, үнэмшилгүй худал инээд алдсан үзэгдэлд автахаа байж.  Сонгогчид сонгуулийн солиорол хэрхэн эхэлж, яаж өрнөж, ямар үр дүнгээр төгсдөг болохыг мэддэг болчихсон байна. Ийм цаг үед төрийн бодлого боловсруулах үйлсэд хүчин зүтгэмээр байгаа эрхмүүд сонгогчидтой харицах хандлагаа өөрчлөхгүй бол 20 жил нэг хоёр хүн л тайз эзэгнээд өнөөх л танил технологиор сонгууль найруулбал эрхэм төрийн түшээ болно гэхээсээ илүү “амьтны” элэг доог болоод дуусах нь байна. 

Тодруулбал, монголчууд УИХ-ын гишүүн Н.Оюундарь шиг эв хав, итгэл үнэмшилгүйгээр цай чанахад, УИХ-ын дарга Г.Занданшатар хөтлөгч хийж буруу тайз эзлэхэд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт шиг хэт экстрим агшнаар нүүр номоо чимж, цээж нүцгэлэн харзны усанд сэлж, уулын цасаар биеэ арчиж, чийрэг, бадриун эрсээс дутахгүй хэмээн мөчөөрхөх мэт агшинд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улс нийтээрээ аюулт цар тахлын эсрэг тэмцэж буй хорио цээртэй үед айлуудад сэтгүүл тарааж тэнэглэх нь санал авах найдвартай арга байхаа больсон гэдгийг ухаарч, сэхээрэхийг зөвлөе. 



Тодруулбал, монголчууд УИХ-ын гишүүн Н.Оюундарь шиг эв хав, итгэл үнэмшилгүйгээр цай чанахад, УИХ-ын дарга Г.Занданшатар хөтлөгч хийж буруу тайз эзлэхэд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт шиг хэт экстрим агшнаар нүүр номоо чимж, цээж нүцгэлэн харзны усанд сэлж, уулын цасаар биеэ арчиж, чийрэг, бадриун эрсээс дутахгүй хэмээн мөчөөрхөх мэт агшинд, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар улс нийтээрээ аюулт цар тахлын эсрэг тэмцэж буй хорио цээртэй үед айлуудад сэтгүүл тарааж тэнэглэх нь санал авах найдвартай арга байхаа больсон гэдгийг ухаарч, сэхээрэхийг зөвлөе. 
Энэ мэт дурдвал дуусахгүй солиорол бий. Гишүүд ихэвчлэн жирийн иргэний амьдралаар амьдарч буй дүрд хувирахыг чухалчилдаг энэ жүжиг ихэвчлэн бидний хөх инээдийг хүргээд бухимдлаар дуусгавар болох нь бий. 
Өөрөө ч бодож олдог уу, туслах, зөвлөх, шадарлагчид нь санаа өгдөг үү, аль нь болохыг нь мэдэхгүй ч мэдрэмжгүй сурталчилгаа түшээдийг хошин шогийнхноос ялгаруулахгүй болгож харагдуулаад байна. Үнэхээр пиар хийх гээд, өөрийгөө сурталчилмаар, олны өмнө ил амьдрахаар шийдсэн бол иргэнд хэрэгтэй ажил хий. Хүнд хэрэгтэй, хүүхдэд ээлтэй орчны төлөө чин сэтгэлээ зориул. Үнэн бай. Амьдралд ойр, бодит нөхцөлийг ярь. Иргэнд юу хэрэгтэйг сонсоод түүнд нь нийцэх бодлого боловсруул. Далан давхар гамбир шиг 70 өөр үзлээр аливаад бүү ханд. Иргэдийн халаас руу хэн дуртай нь гараа хийж болдог хулгайч хууль бүү санаачил. Аж ахуйн нэгж, иргэдийн нурууг бөгтийлгөх торгууль, татвараар өвч зэвсэглэсэн заалттай дүрэм, журам битгий боловсруулаач. Хүүхэд хамгааллыг нийгмийн бүх шатанд сайжруулах ажил санаачил…энэ мэт иргэнд хэрэгтэй ноён нуруу, цог хийморь түшээдэд хэрэгтэй болохоос бүрэн эрхээр өөрийгөө бүслүүлсэн хууран мэхлэгч, урт гартнууд хэрэггүй ээ.  
Сонгууль дуусан дуустал улс төрчид болон шинэ тоглогчид нийслэлийн болон орон нутгийнх сонгогчдодоо үнэгүй цирк, хошин шогийн тоглолт, сэтгэлзүйн болон моно драм чиглэлийн үзүүлбэр үзүүлж гол дүрд нь өөрсдөө чадмаг гэгч нь тоглодог болсоор өдгөө улиг боллоо. 2020 оны сонгууль ч энэ жишгээс нэг их гажихгүй гэдэг нь эхнээсээ тодорхой болж байна. Гэтэл иргэнийг төрд төлөөлнө гэсээр сонгогдсон өнөөх хэд айлын эрх хүүхэд шиг гоншигонож, сахилгагүйтэн авиргүйтэж, заримдаа зорилгоо мартатлаа дэмийрэхийг харах нь нэг бодлын хөгжилтэй ч нөгөө бодлын ойгүй их доромжлол мэт санагддаг аа.  Үүнийг нь бид дэвэргэн шоолж, заримдаа өмөлзөн өмөөрсөөр сонгуулийн шоу гэх наргиа болгоод өнгөрөх нь бий. Үүргээ умартан улайран мунхаглах тэдний ийм тэнэглэлийг  сонгуулийн солиорол хэмээн нэрлээд сонгодоггүй, дархан эрх олгодоггүй байх сан. Сонгуулиас бусад үед эхээс зангиатай төрсөн мэт явдаг улстөрчдийн тэр бүр гаргаад байдаггүй инээдтэй, эмгэнэлтэй дүр төрхийг бид дахиад гурван сар харах нь ээ. 
Өнгөрөгч оны тавдугаар сард “Итгэлийн зээл” гэгч илбээр эхэлж байсан сонгуулийн шоу өдгөө орон нутагт эх захаа алдсан гэдгийг хөдөөд амьдардаг малчин иргэд хэлж байна. 2016 оны УИХ-ын сонгуульд дээрх “илбэ” мэт амлалт МАН-ын мөрийн хөтөлбөр, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусаж байсныг энд дурдая. Д.Оюунхорол гишүүний автортой чих халууцуулж байсан уг “илбэ” яригдсан даруйдаа олны шүүмжлэлд өртөөд намжсан. Гурван хоног олон нийтээр “балбуулаад” нам дарагдсан энэхүү амлалт эцсийн мөчид буюу МАН-ын ирэх сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгалаа олж байхыг ч үгүйсгэхгүй ээ. Анх уг зээлийг босго давуулахаар УИХ-ын 27 гишүүн санаачилсан гэх яриа өрнөсөн.  Хууль санаачлагчдын зүгээс “2016 онд Монголын гурван хүн тутмын нэг нь ядууралд өртөмтгий гэсэн судалгааг гаргасан аж. Нийт өрхийн хувьд 2016 онд манай улсын 869 мянган өрхийн 22.1 хувь буюу 192 мянган өрх ядуу амьдарч байсан бөгөөд өдгөө ч иргэдийн багагүй хувь нь ядуу, тогтмол бус орлоготой өлөн зэлмүүн амьдарч байгаа юм. Иймд өрхийн орлогыг нэмэгдүүлэх, жижиг бизнес эрхлэх санхүүжилтийг бий болгох шаардлага байна гэж үзээд Итгэлийн зээлийн тухай хуулийн төслийг санаачилсан” гэдгээ дээрх гишүүдийн төлөөлөл тодотгож байв.  Өөр нэг судалгаагаар нийт зээлдэгчдийн 90 хувь нь 20 хүртэлх сая төгрөгийн зээл авдаг аж. Тиймээс ч бага хүүтэй, 20 хүртэл сая гэсэн хязгаарыг тогтоож өгснөө онцолж байсныг бид мартаагүй ээ. Юутай ч их хэмжээний бэлэн мөнгөний амлалт, зээл гэх шошготойгоор иргэнд очиж болзошгүй солиорол боловсруулагдаж байх вий гэхээс эмээхдээ үүнийг сануулсан болно. 
Энэ ташрамд сэргэлэн нэг нь тойргоо услаад, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж байгаа онцгой үеийг ашиглаад машин машинаар нь гурил, будаа тарааж байгаа үзэгдэл орон нутагт гаарав. Жалга довоороо талцчихаад “байлдаж” амьдрах болсон хөдөөгийнхөнд саахалт айлын санаа нэг гэх үг хамаарахаа байгаад нэгэнт өнгөрсөн. Саахалт айлыг бүү хэл эхнэр нөхрийг хүртэл дажинтай амьдрахад хүргээд байгаагийн хамгийн тэнэг шалтгаан нь өнөөх л улс төрийн солиорол, мэдрэмжгүй улс төрчдын бохир технологи болчихоод байгааг эрх ашгаа зөв эрэмбэлдэг бол улс төрийн намаар дамжуулж төрийн өндөр дээд албан тушаалд очиж буй эрхмүүд ухаарах, ойлгох цаг болсон баймаар сан. Харамсалтай нь эрх зүйт төрийн дээр улс төрийн нам гараад суучихсанд, түүгээр дамжиж улс төрд орж ирсэн нялх Сэнгүм, хашир бурхинууд өөрийн болоод бүлэглэлийн эрх ашгийг нэгдүгээрт эрэмбэлж байгаагаас л сонгогчдыг хэтэвчээр нь урхидаж амтшаад байна. Үүнд цэг хатгахад сонгогч бүрийн оролцоо чухал байгааг тодотгоё.   

Үндэсний шуудан

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.