2020 оны 2 сарын 11-нд Улсын Дээд Шүүх хуралдан, Ардчилал Шинэчлэлийн Намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн билээ.
Уг намыг Ерөнхий Сайд, АН-ын дарга асан Н.Алтанхуягийн багийнхан буюу АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний зохицуулагч Э.Бямбацэрэн нар үүсгэн байгуулсан. Өөрөөр хэлбэл Э.Бат-Үүлийн туслах, хэвлэлийн төлөөлөгч нарын удирддаг Гэр Хороолол Хөгжлийн Нам шиг, Н.Алтанхуягийн “халаасны нам” гэсэн үг.
Зарим эх сурвалжуудын хэлж буйгаар уг шинэ тутам байгуулагдсан намыг МАН-ын удирдлагууд дэмжиж байгаа, цаашид УИХ-ын 2020 оны сонгуульд АН-ын саналыг хуваах зорилготой ШИНЭ эвслийн нэг субьект болгох сонирхолтой байгаа, үүний тулд Н.Алтанхуягийн багийн Б.Ургамалцэцэгийг Монгол Улсаас АНУ-ын Сан Францискод суух Ерөнхий консулаар томилж, урьдчилгаа төлсөн гэж дүгнэж буй ч Н.Алтанхуяг яаран үйлдэл хийхийг хүсэхгүй байгаа бололтой.
Өөрөөр хэлбэл төрөлхийн зальтай, хэлэлцээр хийх чадвар сайтай гэгддэг Н.Алтанхуяг хоёр талд “тоглож эхэлжээ”.
АН-ын даргын ахлах зөвлөхөөр томилогдоод удаагүй З.Энхболд ч АН-ын дарга С.Эрдэнийг бодвол уян хатан байр суурь баримталж эхэлсэн нь ч үүнд нөлөөлсөн аж.
Гэхдээ энэ удаад Н.Алтанхуягийн АН-аас хүсэж буй квотын хэмжээ буурч, 5 болсон тухай эх сурвалж өгүүлж байна.
Өөрөөр хэлбэл С.Эрдэнэ, З.Энхболд нар Н.Алтанхуягийн багийнханд УИХ-ын 2020 оны сонгуулиар хүссэн тойрогтоо нэр дэвших таван квот өгвөл Ардчилал Шинэчлэлийн Нам үйл ажиллагаа хүчтэй явуулалгүй “царцах” аж.
Харин уг хэлэлцээр амжилтгүй болвол Н.Алтанхуяг Ардчилал Шинэчлэлийн Намаа удирдан ШИНЭ эвсэлд нэгдэх буюу эсвэл дангаараа УИХ-ын 2020 оны сонгуульд оролцох юм байна.
Э.Мягмар
sonin.mn