Comment.mn

Айсуй сонгуулийн чимээ: Дорноговь, Говьсүмбэр

Монгол Улс 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль зохион байгуулжээ.  Найм дахь удаагийн сонгууль болоход дөрвөн сар хүрэхгүй хугацаа үлдээд байна.   Тиймээс “Сонгууль-Анализ” булангаар аймаг бүрийн сонгуулийн  өнгө, сонгогдсон түшээдийг он цагийн дарааллаар нь хүргэж байна. Энэ удаа Дорноговь, Говьсүмбэр аймгийн  тойргийг онцоллоо.  Долоон удаагийн сонгууль болоход тус тойргийнхон МАН /МАХН/-д итгэл үзүүлжээ. Тиймээс улаан өнгийн тойрог хэмээн улс төрийн хүрээнд ярьдаг. Говьсүмбэр, Дорноговь аймагт УИХ-ын долоон удаагийн сонгуулийн өрсөлдөөний тухай тоймлон хүргэе.

1992 он: МАХН

Парламентын анхны сонгууль томсгосон мажоритар тогтолцоогоор зохион байгуулагдсан. Говьсүмбэр, Дорноговь аймагт МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ё.Адилбиш, Ц.Шаравдорж нар олонхийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг.

1996 он: МАН

Тухайн оны сонгууль жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог, нэг мандат хэлбэрээр явагдсан.  Монгол Улсын 76 тойрогт  таван нам, хоёр эвслээс 302 нэр дэвшигч өрсөлдөж, сонгогчдын 92.1 хувь нь саналаа өгчээ.

Говьсүмбэр, Дорноговь аймгийн арван дөрөвдүгээр тойрогт Ё.Адилбиш, М.Цагаан нар өрсөлдөж, МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ё.Адилбиш олонхийн санал авсан байдаг.  Харин арван тавдугаар тойрогт Ц.Шаравдорж, Д.Бүүвэйбаатар нар өрсөлдөж,  МАХН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ц.Шаравдорж олонхийн саналаар парламентад дахин сонгогдсон юм.

2000 он: МАН

УИХ-ын гурав дахь удаагийн сонгууль явагдаж, 76 тойрогт 13 нам, гурван эвслээс 602 нэр дэвшигч өрсөлджээ.  Арвандөрөвдүгээр тойрогт  МАН-аас Л.Одончимэд, арвантавдугаар тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Ц.Шаравдорж ялалт байгуулав.  МСДН-аас Д.Нармандах, Л.Пүрэвбаатар нар тухайн тойрогт өрсөлдсөн билээ. Улс даяар  МАХН 72 суудал авч үнэмлэхүй олонхи болсон. “Ардчилсан Холбоо” эвсэл, “Иргэний Зориг-Ногоон Нам” эвсэл, Эх Орон эвсэл тус бүр нэг суудал авч, бие даагч нэг гишүүнтэйгээр парламент бүрэлдэж байв.

2004 он: МАН

Жижигсгэсэн мажоритар буюу нэг тойрог нэг мандат хэлбэрээр сонгууль явагдсан. УИХ-ын сонгуулийн арван дөрөвдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Л.Одончимэг, арван тавдугаар тойрогт МАХН-аас нэр дэвшсэн Ц.Шаравдорж нар өрсөлдөж ялалт байгуулав.  АН-аас Ч.Гантөмөр, П.Ганхуяг нар өрсөлдсөн билээ.

2008 он: МАН

Ж.Батсуурь тухайн тойрогт ялалт байгуулав.  Түүнтэй Д.Туяа, АН-аас П.Ганхуяг, Я.Батсуурь нар өрсөлдсөн байдаг. 2008 оны сонгуулийг 1992 оныхтой адил хэлбэрээр явуулахдаа тойргийн тоо хуваарилалтыг мөн тэр хэвээр нь явуулсан байна. Энэ удаагийн сонгуульд оролцохоор 12 нам, нэг эвсэл СЕХ-нд бүртгүүлж батламжаа авч байжээ.

2012 он: МАН

УИХ-ын сонгууль анх удаа холимог системээр явагдсан. Сонгууль зургадугаар сарын  28-нд явагдаж, бүх 76 гишүүнийг шинэчлэн сонгожээ. Говьсүмбэр, Дорноговь аймгийн тойргийн өнгө өөрчлөгдсөнгүй.  Уламжлал ёсоор  МАН-ыг сонгов.  МАН-аас нэр дэвшиж өрсөлдсөн Ж.Батсуурь олонхи саналаа өгөв.

2016 он: МАН

Энэ онд МАН улс даяараа олонхи тойрогт ялалт байгуулав.  Дорноговь, Говьсүмбэр аймгийн тойргууд ч өмнөхийн адил МАН-д үнэнч гэдгээ харуулав. Арванхоёрдугаар  тойрогт МАН-аас Г.Мөнхцэцэг, АН-аас Г.Ганбаатар, МАХН-аас Д.Батдэлгэр нар өрсөлдөж, Г.Мөнхцэцэг ялалт байгуулж, анх удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон байдаг. Харин арвангуравдугаар тойрогт МАН-ын гишүүн Д.Дэлгэрсайхан олонхийн санал авч гишүүнээр сонгогдсон билээ.

2020 он:

Энэ удаагийн сонгууль томсгосон тойргоор явагдана. Мандатын тоог баталсан бөгөөд одоо намууд дотооддоо нэр дэвшигчээ тодруулж байна. Мөн энэ жилээс эхлэн нэр дэвшигчид АТГ-т ХОМ-ээ гаргаж байгаа билээ. 2020 оны сонгуульд МАН-аас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, саяхан ажлаа өгсөн “Эрдэнэс Монгол” компанийн захирал О.Одбаяр нэр дэвших юм. Харин УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн хувьд нэр дэвшихгүй гэх мэдээлэл байгаа юм.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.