нэг. Муу эр Вирусэнд хөөрнө
БНХАУ-д шинэ төрлийн томуу дэгдлээ. Манайхан дүйвээнд нь сүйд болохнээ. Хилээ хаахыг шаардаж байна. Дэлхий сүйрчихлээ гэхэд энэ хонхортоо хэдүүлэхнээ үлдэх нь ээ, янз нь. Гурав дөрвөн зууны өмнө бол дэлхийг сүйрүүлсэн өвчин тахлаас сугараад, хээр талдаа үлдэх боломж байсан л байх.
“Муу эр дайнд хөөрнө” гэж манай өвөг дээдэс сануулан захижээ. Гэтэл бид дайнаас өмнө вирусэнд хөөрөөд алга болов. Вирусэнд ч юу байхав, сургаар нь л туйлаад давхичихдаг юм байна. (Туйлаад гэснээс, сарлаг уг нь Төвдөөс гаралтай амьтан боловч үймрэн саагихаараа монголчуудтай бузар адилхан шүү дээ. Нэг нь л үргээд пижигнэвэл гүйцээ. Үргэснээсээ үргээд, сүүлдээ өөрөөсөө үргээд долоон уул даваад талийдаг гэж байгаа. Тэр нэг, савга сүүл нь сагсалзаал, сүржигнээд зэлээ аваад хуйларч байгаа нь яг л “Хортой банаана, энээ тэрээ” гээд сүржигнэж байгаа бидний хамаатан садан аятай)
Зарим нь энэ завшааныг ашиглаад Хятадтай байлдах ч шахуу юм ярьж ч байх шиг. Ерөнхийдээ бидний хуучин араншин сэдэрч эхэллээ. Хятадад дэгдсэн корона вирусээс хамгаалах асуудал ерөөсөө Хятадаас хамгаалах асуудал болон хөгжиж ч байх шиг.
Бид нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөгийн дэлхий тэгширч хавтгайраад нэгдмэл болсоон. Дэлхий сөнөчихөөд Монгол үлдэх ямар ч боломжгүй. Тэр ч байтугаа Хятад сүйрээд Монгол хоцрох шаанс ч байхгүй. Сүйрвэл хамтдаа сүйрээд, аврагдвал цугтаа аврагдах хэмжээнд хүн төрөлхний хувь заяа нэгдмэл болжээ.
Иймээс, Корона вирус Монголыг тойроосой гэж залбирахын урьд “Монголд ирэхээс нь өмнө Хятадууд корона вирусээ дараад аваасай” гэж наманчилбал Бурханд илүү ойлгомжтой байх болно.
Ер нь хөгжил дэвшлийнхээ ид ирэн дээр яваа БНХАУ өмнө нь САРС-ыг дарсан шигээ энэ удаагийн корона вирусын учрыг олж чадна гэж олон хүн итгэж байгаа. Хятадын төр засаг ч чухам үүнийг батлан харуулж, хүч чадлаа шинээр илэрхийлэхийн төлөө байгаа нь харагдаж байна.
Та нар намайг Хятадын талд байна гэж бодвол үгүй ээ. Учир нь ийм юм. Хэрвээ Хятадууд корона вирусыг дийлэхгүй бол…дийлэхгүй бол…бидний өнөөдөр нөөцөлсөн гурил, будааны хэрэг ерөөсөө гарахгүй гэдгийг мэдэж байгаад л хамаг учир байна.
Үүнийг нийтээрээ ойлгож байгаа ч дуугарах нь бараг үгүй.
Хэдхэн хоногийн өмнө Австралийн түймэрт үрэгдсэн амьтдын төлөөнөө залбирч байсан хүрээ хийдүүд ч таг чиг. Эрхбиш лам хуврагууд юм хойно “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтан түүний дотор өвчин зовлонгийн гамшигт өртсөн хятад хүмүүний төлөө” залбирч байгаа нь лавтай ч түүнийгээ энгэрийнхээ товчинд ч дуулдахгүйгээр шивэгнэж наманчлаа буйзаа. Учир нь тэд “хятадын төлөө залбирсан” хэрэгт орохоос айж байгаа.
Японд газар хөдлөх, Австралид амьтан шатахад тусламж үзүүлдэг Засгийн газар ч мөнхийн хөршид нь гай зовлон тохиолдоход таг чиг. Хятадад тусалдаг засгийн газар гэж хэлэгдэхээс хулчийж байгаа нь тэр.
Энэ эрүүл үзэгдэл үү? Хятадууд вирустсэн юм уу, эсрэгээрээ бид тэднээс ч дутахгүй өөр вирусэнд бариулчихсан юм уу.
Тиймээ, энэ бол “вирус”. Корона вирусыг даган амилж байгаа, түүнээс урт настай өөр нэгэн “титэмт вирус”. Энэ вирус ХХ зууны дундуур, Зөвлөлт-Хятадын харилцааны хүйтрэлээр бидний үзэл санаанд амилан халдварласан бөлгөө.
хоёр. Витамин хувирч вирус болсон нь
Энэ аймаар вирус эхлээд ашигтай витамин байлаа. Бидний үзэл санаанд орж ирснээсээ хойш хоёр зуун дамжсан ч мутацад орон оршсоор бөлгөө. Энэ бол Зөвлөлт-Хятадын харилцааны хүйтрэлийг даган амилсан синофоби буюу хятадыг үзэн ядах үзэл юм.Тэр үеийн хэвлэл, ухуулгын материалыг харах юм бол яг л өнөөгийн корона вирусыг тойрсон монгол дуулианы нэгдүгээр анги гэсэн үг.
Синофобийн витаминыг идэхийн хэрээр үнэлэгдэж байсан зурвас өнгөрч, хугацаа нь дууссан витамин маань вирус болж эхлэхийг бид анзаараагүй өнгөрчээ. ХХ зуун дуусч, ЗХУ тарж, Москва, Бээжин хоёр урьд байгаагүйгээр түншилсэн ч хэвээрээ үлдсэн “вирус” ажгуу.
Уг нь ухаарвал ухаарахаар хугацаа. Синофоби нь витамин байхаа больсон нь 1984 онд мэдэгдсэн юмсанж.
Хамгийн сүүлд Зөвлөлт-Хятад хоёр харилцаагаа сайжруулахаар ярилцаж байгааг мэдээгүйгээсээ болж Ю.Цэдэнбал ажил албанаасаа мултарч, Москвад хүргэгдсэн удаатай. Тэр үед Л.Брежнев нас барж, Зөвлөлтөд гарч ирсэн шинэ удирдагч гарч ирсэн юм. Зөвлөлтийн шинэ удирдлагад тэрээр үнэнчээ батлах хэрэгцээ ч гарсан шиг байгаа юм. Хятад-Зөвлөлтийн харилцаа хүйтэн хэвээрээ л байгаа гэж бодсоор явсан тэрээр 1980-аад оны эхээр Улаанбаатарт байсан хятад иргэдийг орон нутаг руу хөөсөн байдаг. Уг нь тэрээр Зөвлөлтөд үнэнчээ шинээр илэрхийлж, ажил албаа бататгахыг хүсчээ, хөөрхий. “Хятадад дайсагнахын хэрээр Москваг баярлуулна” гэж бодож л дээ. Нэг хэсэгтээ үнэхээр ч тийм байсан. Тэгээд л нийслэлд байсан Хятадуудыг гэнэтхэн хөөсөн хэрэг.
Гэтэл Кремлийнхэн нь Бээжинтай “сайндах” алхам хийгээд явж байтал нь Улаанбаатарын “өвгөн дарга” дундуур нь орж ирээд хамаг юмыг самарчихжээ. Хятадууд уураа Москвад илэрхийлж эсэргүүцлийн нот гардуулав. “Та нар харилцаагаа сайжруулна гэсэн атлаа Цэдэнбалаараа юу хийлгэж байгаа юм бэ”
Москва уурлав. Ю.Цэдэнбал дарга хятадуудыг Улаанбаатараас хөөснөөс сарын дараа буюу 1983 оны есдүгээр сард ЗСБНХУ-ын Гадаад явдлын яамны сайд А.Громыко яаралтай хуралдаан зохион байгуулж, үеэ өнгөрөөсөн Ю.Цэдэнбалыг татаж аваачих төлөвлөгөө хэрэгжүүлж эхэлсэн байдаг.
Энэ ажлыг үзэл суртал болон аюулгүй байдал талаас нь хариуцах хоёр хүнийг Улаанбаатарт ирүүлсэн аж. Тэд бол Нийгмийн Аюулаас хамгаалах Яамны Зөвлөх, генерал В.Радченко болон ЗХУ-аас БНМАУ-д суух Элчин Сайд С.Павлов нар (1983-1985) нар бөлгөө. Тусгай үүрэгтнүүд 1984 оны 8 сард ажлаа бүтээгээд төдөлгүй эргэн татагджээ.
Чөлөөнд байгаа генерал Всевлод Радченко гуай энэ даалгаврынхаа талаар “Главная профессия-разведка”(2011) хэмээх сонирхолтой ном хүртэл бичсэн байдаг, монголоор ч орчуулагдан гарчээ.
Харамсалтай нь Кремлийнхэн энэхүү халаа солионыхоо нарийн учрыг монголчуудад тоож тайлбарласангүй. Угаасаа, БНМАУ шиг дорой буурай дагуул орныхонд “Бид Бээжинтай сайндаж байгаа, та нар хятадыг хараахаа боль” гэж хэлтлээ доошоо орохгүй гэж эрхэмсэг СССР үзсэн болтой. Ингээд “Эрүүл мэндийн байдал”, “орос эхнэрийнхээ үгэнд хэт оромтгий болсон”, “зөнөсөн” гэсэн шалтгааныг хөгжүүлэн Кремлийн эмч Е.Чазовыг хүртэл энэ хэрэгт татан оруулжээ. Ер нь бол архинд дуртай болсон, Филатова авгай нь монголын хамаг хэргийг мэддэг, Цэдэнбал дарга уймраа мартамхай байсан зэргийг бол Москва тэр үед л гэнэт мэдсэн хэрэг бол огоот биш.
Хятадуудыг нийслэлээсээ хөөж, жиргээний хэллэгээр бол “мээдрэмж оогт баакү” болохоо харуулсан БНМАУ-ын нам төрийн удирдагч Ю.Цэдэнбалыг зайлуулснаараа “Зөвлөлт-Хятадын харилцааг сайжруулахыг үнэнээсээ хүсч байгаа” гэдгээ Кремль нотолжээ. Москвагийн зүгээс Бээжинтэй “сайндах” дараагийн том алхмаа төдөлгүй хийж, БНМАУ-д байрлаж байсан 100,000 орчим цэргээ гэнэтхэн эргүүлж татсан байдаг. (Манайхан ямар бие биедээ итгэх биш, Иймээс Ш.Надыров, Л.Шинкарев, Е.Трифонов, В.Радченко зэрэг олон тооны орос эх сурвалжийг харахыг зөвлөе)
Угаасаа ч Зөвлөлтийн хувьд БНМАУ нь “олон таван юм сонирхохын оронд үгэнд л сайн орж байх үүрэгтэй дүү” байсан нь харагддаг. Зөвлөлтийн удирдагч М.Горбачев 1989 онд БНХАУ-ЗСБНХУ-ын харилцааг хэвийн болгох үүднээс Монголд байсан цэргээ гаргах болсноо зарлахдаа хүртэл Улаанбаатарт дуулгасангүй. Энэ мэдээг Зөвлөлтийн төв телевизээр сонссон БНМАУ-ын нам төрийн тэргүүн Ж.Батмөнх гуай нэг хэсэгтээ паникт орж байсан гэдэг.
Уг нь Кремлийнхэн Хятадтай харилцаагаа сайжруулж байгаагаа тоож хэлсэн бол Зөвлөлтөд үнэнч Ю.Цэдэнбал нь арай өөрөөр хандах байсан ч юм бил үү. Зөвлөлтийн үгнээс гардаггүй тэрээр Улаанбаатарт байсан хятадуудад шинэ орон сууц олгохоо байг гэхэд хөөж туухгүй үлдээх байсан биз.
Харин Кремлийн “монголчуудыг үл тоомсорлосон” далд тоглолтын улмаас ихэнх монголчууд төөрөгдсөн хэвээр үлдсэн ажгуу. Өөрөөр хэлбэл, “Хятадыг муулах, хорлох тусам Москвагийн хайрыг татдаг” хэвээрээ байгаа гэсэн төөрөгдөл хэвээрээ үлджээ.
Москва-Бээжингийн харилцааны хүйтрэлийн үед монголчууд хятадыг харааж зүхэн “орос ах” нараа баярлуулахаас гадна, дайсагнасан, муу санасан нэгнээ “Хятадын тал”, “Бээжинг баримтлагч”, “Маоист үзэлтэн”, “хужаагийн эрлийз” хоч зүүн баалж, нийгмээс гадуурхдаг болсон. (Одоо ч энэ арга хэрэгслэл үйлчилдэг хэвээрээ байна)
Ийм хоч зүүсэн нэгнээ өмгөөлсөн үг хэлбэл, шууд л “хятадыг хамгаалагч” болж хувирах учраас дор бүрнээ л нийтийн дайсан болчихгүйг хичээнэ. Шалтгаантай зарим нь өөрөө хэлэгдэхээсээ өрсөн “хужаагийн эрлийз танигч”, “Хятадын талын этгээд илрүүлэгч” болж хувирна. Учир нь хятадын эсрэг цогтой тэмцэгчийг шүүмжлэх нь хятадын талд шууд орсноос өөрцгүй гэдгийг олоод харчихдаг байсан хэрэг.
гурав. Шинэ хятад ба хуучин үзэл.
Гэтэл өнөөдөр Монголыг тойрсон хоёр хөршийн харилцан хамаарал ХХ зууны үеийнхээс орвонгоороо эргэжээ. Нэгэн үе социалист системийг ахлан байгуулагч Зөвлөлтийн тусламжаар коммунизм цогцлоож явсан БНХАУ түүх болов. Түүнчлэн, Зөвлөлтийн бүхий дарамт, заналхийллийг тэвчин давдаг байсан Жунаньхайн ордон хувиран хүчирхэгжив. Техник технологиор Америк, европтой харгалдан уралдах болов.
Улмаар, олон улсын хоригт орсон Орос орныг нөмөртөө авч хөгжих найдлага төрүүлсэн хүчирхэг БНХАУ босч ирлээ. Баруунтай сөргөлдөж буй Оросын хамгийн том найдвар нь баруунтай өрсөлдөх чадавхи хуримтуулж буй Хятад улс гэдгийг бүгд харж байна. Өнөөдөр ВВС, CNN-эс эхлээд нөлөө бүхий мэдээллийн хэрэгслэлийн тоймчдын дүгнэлт үүнийг л хэлээд байгаа юм.
Орос,Хятадын хамтын ажиллагааны харьцааг харуулсан шоглол. The Economist сэтгүүлийн хавтасны зураг.
“Бээжинг хараахын хэрээр Москвад хайрлагдана” гэж найдаж явсан бидний үе бүүр өнгөрөв. Уг нь сортоотойхон хүнд бол Бээжинг дахиж хараавал юу болохыг бүүр ХХ зууны наяад оны дундуур, Ю.Цэдэнбалаар жишээлэн үзүүлжээ ч гэсэн болох. Кремль-Бээжин хоёрын харилцаанд гай болох гээд байвал энэ мэтчлэн няслана шүү л гэсэн сануулга л даа. Ер нь Цэдэнбал даргын маань хувь заяа нь ЗХУКН-аас ХКН-тай харилцаагаа сайжруулах зардал төсөвт ороод явчихсан хэрэг шүү дээ, бүдүүн тоймоор хэлэхэд.
Та нарыг “Оросыг үзэн яд” гэж байгаа юм биш. Тэрч байтугаа “Оросыг хайрлахаа багасга ч гээд байгаа юм биш”. ХХ зууны монголын тусгаар тогтнолын баталгаа болсон Зөвлөлт, Орос орныг бид хүндлэх, хайрлах нь зүй. Харин Оросуудад хайр, хүндэтгэлээ илэрхийлэх арга маань үеэ өнгөрөөгөөд байна. Хайрлуулах гэсэн биш гай болж, баясгах гэсэн биш уурлуулж мэдэх болоод байна.
1983 онд Улаанбаатараас Хятадуудыг хөөсний маргааш нь Бээжин уур гомдлоо Москвад илэрхийлэн, эсэргүүцлийн ноот гардуулж байв. (Бээжин эсэргүүцлээ Улаанбаатарт илэрхийлээгүй байгаа биз) Москва түүнийг нь дор нь өлгөж аваад Ю.Цэдэнбалыг аваачаад, тэнд нь нас баруулсан байх аа?
Өнөөдөр Улаанбаатарт болж буй Хятадын эсрэг хийрхлийн төлөөнөө Бээжингийнхэн Москвад гомдол гаргавал бид яах вэ. Хятадууд бидний бодсон шиг тэнэг биш учраас синофобийн цаана хэний ямар горьдлого, найдвар байгааг гадарлахтайгаа. Үнэхээр Бээжингийн гомдол Москвагийн эрх ашигт нийцэж байвал хэрхэхийг мэдэх юм алга. Чиний оросыг хайрлаж, хятадыг үзэн яддаг байсан чинь төдий л тус болохгүй болов уу?
-Юу гэх байна гэхээр Хятадыг гомдоож баймаажин Оросыг баярлуулдаг хүн” болох гэж сэнтэглэж байж, хоюуланг нь гомдоочиховзай гэж. Хоёр том гүрэн учраа ололцох гэж байхад дундуур нь далдагнаж ороод хар толгойдоо гай чирчихэвзэй гэж. Чи бид хоёрт ямар Цэдэнбалд байсан шиг аваад хаячих албан тушаал, Москвад аваачаад байлгах орон сууц гэж байх биш. Огт өөр юмаар төлөх болуул яана.
Дөрөв. Вирусгүй маргааш.
Орос, Хятад хоёр бол бидний мөнхийн хөрш. Хэнтэй нь чмуудах, хэнийг нь ч үзэн ядах хэрэггүй. Хятадыг муулахын хэрээр Москвад хайрлагддаг байсан ХХ зууны дал наяад он өнгөрсөн түүх болсон. Бас Оросуудын хэрдээ л бидэндээ европорхдог араншинг хэр чинээгээрээ тэвчин давж, ойлголцох учиртай. Зайлуул, цагаан арьстан боловч цагаан арьстнууддаа тоогддоггүй, Европынх атлаа Европчууддаа “гадуурхагддаг”-таа л жаахан гоморхож, тэрнийхээ комплексийг л бидэнд тайлж яваа хэрэг. Энийг нь ойлгочиход тийм ч хэцүү биш санагдана. Бид хүчирхэг хөршүүдийнхээ эвийг олж амьдрах учиртай болохоос биш, бидний эвийг олж амьдрах үүрэг Москвад ч, Бээжинд ч байхгүй.
Эцэст тэмдэглэхэд, Хятад ялна (корона вирусийг). Хэрвээ тэд ялж чадахгүй бол бид ч хамтдаа аймшигт тахалд ялагдана. Ийм учраас л Pray for China…
Харин далимд бид өөрсдийн сэтгэлгээний вирусээс ч давхар салах хэрэгтэй байна.
2020.01.29