Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд иргэн Э-ын гэр шатаж, гурван хүн амиа алджээ.
Айлын гэр шатаж байгаа дуудлагыг онцгой байдлын алба хоёрдугаар сарын 13-ны шөнийн 01:15 цагт хүлээн авч, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очсон байна.
Алба хаагчид 12 минут ажиллан, галыг унтрааж сумын Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Уг гал түймэрт иргэн 33 настай эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй Б, 14 настай эмэгтэй Х нар өртөж нас баржээ.
Э нь гал гарах үед хүү 12 настай Б, 3 настай охин Б нарыг гэрийн тооноор гаргасан. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.