Comment.mn

Цагаан сар нь цагаан идээний буюу хоолны баяр мөн үү?

Цагаан сар нь цаг оны баяр болно.   Энэхүү нийтлэлийг туурвих зуур манай ард олон нэн эртний (уза) Цагаан сар баярынхаа мөн чанарыг гээж, нэрнийх нь утгыг ихээр гуйвуулсныг Хурган овогт миний бие сэтгэл зүрхээрээ мэдрэв. Энэ нь үндэсний ой санамж ихээр тасарсны учир болно. СИЭ ТББ 1400 жилийн урьдах Түрэг төрийнхөө брахми үсгээр бичигдсэн “Хүйс толгой бичээс”, 1300 жилийн урьдах хүн үсгээр бичигдсэн Сир Түрэг төрийнхөө “Гол тигэн”, “Билгэ хаан”, “Тоньюкук бичээс”, Уйгур төрийнхөө Шинэ могой ус болон Тэс дэх бичээсийг сэрээж буй тул, Дунд орны үе үеийн төрийн баримтад түүх болох Сыма Цяни Түүхэн тэмдэглэл, Бан Гу “Хань төрийн түүх”, Фань Э “Хожуу Хань төрийн түүх”, “Умард төрийн түүх Түрэг Тэлэ”, “Хуучин Тан төрийн түүх” гэх зэрэг олон эх сурвалжаас өөрийн өвөг дээдэстэй холбоотой хэсгийг судлан эх хэл рүүгээ толмолсон тул Цагаан сар гэдэг үгийг та бүхэндээ бүрэн эхээр нь тайлбарлахад бэлэн болов. Цагаан сар баярынхаа нэрний утгыг тайлбарлая.    Өнөө Цагаан сар гэдэг үгний цагаан гэдгийг өнгө зүс гэж нийт мал аж ахуйтан дундаас зөвхөн Өтүгэн дэх манай халхууд буруу билэрч байна. Үүнээс үүдээд цагаан идээний баяр, цагаан хувцас өмсдөг баяр, бүх зүйл сүү шиг цагаан байх ёстой гээн мөн чанараасаа хазайн тайлбарлах болов. Зарим нь цагаан идээний баяр тул Намар цагаан сарыг хийдэг байсан гэж мэдэмхийрнэ. Энэ бүхэн ор үндэсгүй. Өвөг дээдсийн хадан бичээсийг сэрээхээр өвөг дээдсийн сахилгатай сэтгэхүйг миний бие билэрэхийн дээдээр билрэв. Хэрэв нэгдүгээр сарны зүс хоёрдугаар сарны зүснээс өөр бол яг адуу шиг манай өвөг дээдэс сарыг зүслэх байсан. Цагаан сар, шар сар, ногоон сар, хар сар, алаг сар гэх мэт. Адууг хээр, зээрд, алаг гэж зүсэлдэг шиг. Саранд ийм өөрчлөлт ордоггүй тул цагаан гээн сарыг хэзээ ч манай дээдэс зүслэхгүй. Учир нь тэд сахилгатай сэтгэдэг тул.    Цагаан сар нь цагаан идээний буюу хоолны баяр мөн үү? Манай өвөг дээдэс мал аж ахуй эрхлэхээсээ урьд буюу одоогоос 8000 жилийн тэртээ амуй тариалж байсан археологийн олдвороор хөдөлшгүй батлагдсан бөгөөд энэ тухай өгүүлсэн. Этүгэнд манай дээдэс 4000 жилийн урьд ирснээр тариалан аж ахуй, мал аж ахуй хоёр нь салжээ. Энэ нь хүмүүн төрөлхтний түүхэнд бий болсон хөдөлмөр хуваарилалтын түүхэн үйл болов. Түүхэн эх сурвалжуудыг судлахаар хоолны баяр гэсэн зүйл гарч ирэхгүй байна. Цагаан идээний баяр гэдэг нь оргүй зүйл болно.   Цагаан гэдэг нь өнгө зүс биш юм бол юу болох вэ?   Түүхэн эх сурвалжууд Хүн хэлийг шар тэнгисээс Каспийн тэнгэс хүртэл ижилссэн тухай өгүүлж байна. Энэ тухай нийтлэлүүд хүргэсэн болно. Цагаан сарыг мал ахуйтнууд балар эртний үеэс тэмдэглэж иржээ. “Он болгоны анхны сарнаар удирдагчид Шаньюгийн өргөөнд бага чуулганд ирж тахил өргөдөг” гэж Сыма Цяни НЭӨ I зуунд “Түүхэн тэмдэглэл” номдоо бичжээ. Тэгэхээр өнөөгийн алтайчууд, тувачууд Цагаан сарыг хэрхэн нэрлэж буйг сонирхоцгооё.    Алтайчууд “Чага Байрам” буюу Цагын баяр минь гэж өгүүлж байна. Тувачууд “Шага праздник” буюу цаг баяр гэж өгүүлж байна. Тэгэхээр Цаг+аан гэдэг үгийн цаг нь өнөөгийн “тэнгэр цаг” гэдгийн цаг болж байна. Харин +аан гэдэг нь юу болох вэ? Цагаан гэдэг нь изгүр буюу холбоо үг болох нь гарцаагүй. Цаг он гэдэг үг засагдаагүй удсан тул цагаан болжээ. Бай гол гэдэг үг засагдаагүй удсан тул Байгаль болжээ. Дай сун гэдэг үг засагдаагүй удсан тул дайсан болжээ. Ингээд Цагаан сарын шинийн нэгэн гэдэг нь цаг он сарын шинийн нэгэн болж байна. Цаг он гэх хоёр үгийг монголчууд Цаг оныхоо баяраар хэрхэн хэрэглэж буйг тогтооцгооё!   Цагт тарган оров уу? Онд мэнд оров уу? гээн мэндлэхийн учир ийм юм байна.  Цагаалах буюу цагайлах гэдэг үгийн эх утгыг сэрээцгээе. Цаг йалах буюу цаг залах гэсэн утга болно. “Й” болон “З” нь хүн хэлэнд зармина.  Өдгөө хүн үндэстэн монголчууд цаг залах буюу цаг йалах ёсыг цаг он сарын шинийн нэгэнд, мөн талийгаачийг оршуулсны дараа түүний хойд цаг залах ёсыг хийнэ. Энэ хоёр тохиолдолд идээ будаагаар цаг залдаг буюу цаг йалдаг. Адуу, үхэр, хонь гаргаж идээ будаагаа галд өргөхийг тахилга гэнэ. Тахилгын зан үйлийн тухай хожим өгүүлэх болно. Өдгөө мануус цаг залах буюу цаг йалах үйлийг цагаан идээнд хүрэх гэх дөмөг утгаар билэрч байгаа нь үндэстний минь ой санамж доройтсоны учир. Цагаан гэсэн дуудлага болгон нь өнгө зүс заахгүй. Өдгөө монголчууд цагаачлах, цагаачдын алба гэж өгүүлнэ. Энэ нь цагаан гэсэн зүстэй огт хамаагүй. Мянган жилийн урьд бичигдсэн “Диван Лугат” тольд 5826 цагай гэж ядуу хүнийг хэлж байна. Тэгэхээр харийн цагаачид гэхээр харийн ядуу хүмүүс гэсэн эх утгатай болно. Зэвсэгтэй ирэгсэд нь эзэн болдог гэдгийг бүү мартаарай. Цагай гэдэг үндсээс цагайч, цагайчлах гэсэн үгс үүсэлтэй гэдэг нь хөдөлшгүй болж байна.   Цагаан идээ гэдэг нь идээний зүс биш цагийн идээ гэсэн утга. Зөвхөн зун цагт гарч, намар цагт дуусдаг идээ. Цагаан нь анхнаасаа өнгө биш цаг хугацаа гэсэн утгыг агуулж байжээ. Өнгө дагахаар хонины ээзгий улаан, бяслаг шар, ааруул бор, нэрмэл архи хар (хар ус, хар архи гээн өгүүлнэ), шар тос гэх мэтээр цагаан өнгө ороогүй идээ дийлэнх нь байна. Цагаан (цагийн) идээний гол түүхий эд нь сүү. Мал аж ахуйтны сэтгэхүйгээр сүүн идээ гэх байсан.   Уг идээний гол мөн чанар нь жилийн дөрвөн улиралд гардаггүй тул цагийн идээ буюу цагаан идээ гээн нэрийджээ. Энэхүү нийтлэлээр цагаан идээний баяр биш цаг оны баяр болохыг хөдөлшгүй, эргэж буцалтгүй баримтаар “Сэргэлэн Интернэйшнал Экспедишн” батлав. Дараагийн нийтлэлээр Цаг оны баяр нь мал аж ахуйтны дээдсээс уламжлагдан ирсэн баяр уу, тариаланч Дунд орны дээдсээс уламжлагдан ирсэн баяр уу гэдэгт цэг тавина.     Битигч Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.