Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас Миеэгомбын Энхболд, АН-аас Халтмаагийн Баттулга, МАХН-аас Сайнхүүгийн Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдөж, улмаар Халтмаагийн Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдон, ажиллаад даруй гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд нэр дэвшиж байх үедээ Х.Баттулга: “М.Энхболд, Ц.Элбэгдорж нар нэг баг болсон, Энэ бүлэглэл М.Энхболдыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд ялуулаад, Ц.Элбэгдорж 2020 онд Монгол Улсын Ерөнхий Сайд болохоор тохиролцсон” гэж шуудхан хэлж байв.
Уг нь Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар бол 1990 оноос нөхөрлөсөн “Амин найзууд”, үүнийгээ ч аль аль нь бахархангуй ярьдаг байсан билээ.Гэвч үнэхээр л Ц.Элбэгдорж, М.Энхболд нар 2014 оноос хойш улс төрийн тавцанд ихээхэн гар нийлж ажилласан нь гарцаагүй бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр ч Ц.Элбэгдоржийн ойр тойрныхон МАН-ын нэр дэвшигч М.Энхболдтой хамтран ажиллаж байсан юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн үеэр бол Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар амин найзууд байсан хэдий ч одоо зам салж, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар улс төрийн нэг бүлэглэл болсон гэсэн уур амьсгалд нийгэмд түлхүү байсан ба энэ нь сонгуулийн үр дүнд нөлөөлсөн билээ.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 1-р сарын 16-нд прокуроруудтай уулзаж, санал шаардлага тавих үеэрээ: “Би Халтмаагийн Баттулга гэдэг иргэнийхээ хувиар би хандаж байна. Бидний мэддэг Тавантолгойн тухай хэдэн мэдээлэл өгье. Ард түмний өмч Тавантолгойг гэрээгээр халхавчлан гадныхан 100 жилээр хууль бусаар өгөх гэж байхад 2015 онд УИХ ын 40 гишүүн авч үлдсэн юм. Би тэдний нэг. Эрдэнэс Тавантолгойн захирал Жаргалсайханыг би авчирсан юм. Энэ хуйвалдааныг төрийн өндөр албан тушаалтан Цахиагийн Элбэгдорж гардан гүйцэтгэх ажлыг зохион байгуулсан. Төрийн өмчөөр нөөцийг нь тогтоосон орд газрыг гадаадын компанид хууль бусаар өгөх гэж байсан. Үүнийг яагаад одоо болтол шалгахгүй байна вэ. Үүнтэй холбоотойгоор шалгана уу. Иргэн Х.Баттулгын хувьд 178 хуудас баримтыг гардуулж байна. Энэ хэргийг шалгуулья” хэмээсэн юм.
Хариуд нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж сэтгүүлчидтэй хамтран сошиал медиагаар livestream хийн, “Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л байгаа. Ийм учраас хүн томилох гэхээр хулгай нар л олддог юм,Би “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд орж ирэхэд нь дэмжсэн болохоос биш хулгайг дэмжээгүй. Х.Баттулга өөрөө “Эрдэнэт”-ийн 49 хувь, Таван толгойн орд газрын тухай хулгай луйварт оролцсон хүн. Одоо үүнийгээ хэн нэгэнд тохох гэж үзэж байгаа нь энэ. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Х.Баттулга бид хоёрын хүмүүжил өөр. Би эх орон, ард түмэндээ муу санасан удаа ер байхгүй. Саяхан Улсын Ерөнхий Прокуроруудад хүлээлгэн өгсөн надтай холбоотой гэх 147 хуудас баримт бичгийг олон нийтэд ил болгох хэрэгтэй. Үүнийг ард түмэн ч мэдэх эрхтэй. Надад хулгай луйвар хийсэн зүйл байхгүй. Х.Баттулга бол хулгайн сүлжээ байгуулчихсан ажиллаж байгаа хүн. Жинхэнэ өөрийнхөө эрх ашгийн төлөө.” гэсэн тайлбар хийж байв.
Өөрөөр хэлбэл олны нүдэнд бол Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар эсрэг байр суурьтай байгаа мэт.
Гэвч үнэн чанартаа нөхцөл байдал эрс өөр байгаа тухай зарим эх сурвалжууд өгүүлж байна.
Цахиагийн Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуульд МАН-аас нэр дэвшсэн М.Энхболд, АН-аас нэр дэвшсэн Х.Баттулга хоёрыг хоёуланг нь дэмжиж байсан гэх бөгөөд ингэхдээ хэн нь ч ялсан бай түүний эмзэг ба чухал цэгийг хөндөхгүй байх тохироо хийсэн байж болзошгүй гэнэ.
Үнэхээр ч хэрэв ийм ойлголцол байгаагүй тохиолдолд хууль хяналтын байгууллагыг бүхэлд нь хянаж байсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын үед эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаад байсан хүн ямар нэг хориг, хаалт үгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших ямар ч боломжгүй байсан билээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ойр тойрны зарим улс төрчид : “Х.Баттулга байгаа цагт Ц.Элбэгдорж дарга хэзээ ч шоронд орж, ял авахгүй” хэмээн сайрхдаг тухай эх сурвалж өгүүлж байна.
М.Мөнхгэрэл
sonin.mn