Одоогоос таван жилийн өмнө “Ирвэс хамгаалах сан’-гийн биологич Т.Лхагвасүмбэрэл учир битүүлгээр амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан билээ. Түүний амиа алдсан учир шалтгааныг хуулийн байгууллага эцэслэн шийдвэрлээгүй бөгөөд хэргийг сэргээн шалгах хүсэлтийг өнгөрсөн оны наймдугаар сард “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга’ ТББ, “Эрс шинэчлэл хөдөлгөөн’ ТББ хамтран Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж байв. Тэгвэл өнөөдрийг хүртэл тус газраас ямар нэгэн хариу ирүүлээгүй байгаа ажээ.
Энэ талаар “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга’ ТББ-ын Х.Мандахбаяр “Бидэнд хариу ирээгүй. Хэргийг сэргээн шалгасан тухай мэдээлэл гарсангүй. Эх орноо хайрлах, байгаль хамгаалах үзлийг түгээн дэлгэрүүлэх үйлсийн төлөө амиа өргөсөн энэ хүний үхэл энгийн байгаагүй гэдгийг маш олон эх сурвалж ярьсаар байна. Яагаад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл анхаарлаа хандуулахгүй байна вэ!? Энэ бол нэг хүн амиа хорлосон төдий хэрэг биш эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэгчийн алтан амийг бүрэлгэсэн захиалгат аллага байх магадлалтай гэдгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгүүдээс харж болно. Хэрвээ тийм бол өмнөх аллагын дуулиан намжаагүй байхад захиалагчийнхаа даалгавраар мөнөөх алуурчин дараагийн “ажилдаа’ гарсан юм биш биз!’ хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.