Comment.mn

Г.Уянга: Би УИХ-ын гишүүн болохыг мөрөөдсөн худлаа хөөрхөн хүүхэн баймааргүй байна

Надад бөгчим байна!

Яагаад та нар, бид ийм хүлцэнгүй, номхон юм бэ? Нийгэм буруу яваад байна. Бид харваас алдаатай замаар явж байгаа нь илхэн байна шүү дээ. Яагаад энэ бүхнийг хүлцэж байгаа юм бэ?

Өнөөдөр дөчтөнгүүдийн цаг үе ирж байна. Бид олонх болж хараахан чадаагүй ч, хүссэн хүсээгүй ойрын ирээдүйн хорин жил та биднийх. Бидний хүүхдүүд ямар нийгэмд амьдрахыг бид шийднэ. Гэтэл…

Ардчилал бол олонхийн засаглал. Харин өнөөдөр цөөнх, бүр хэтэрхий цөөнх засаглаж байна. Ухаалаг цөөнх биш мөнгөлөг цөөнх!

Ардчилал гишүүдээ татвар төлдөг болон төлдөггүй гэж ялгадаг. Төлдөггүй нь ямар ч саналын эрхгүй, жилд 12000 төгрөг төлдөг нь саналын эрхтэй. Тэр нь ҮБХ-нд орох гишүүнийг сонгох саналын эрх гэсэн үг. ҮБХ-нд орох хүсэлтэй хүн гишүүнийхээ саналыг авах ёстой, үүний тулд түүний татварыг төлнө. 300 гишүүнтэй газар ҮБХ болох хүн 3,6 сая төгрөг гишүүний өмнөөс төлж саналыг нь авч байна. Татвар төлөх энэ өдөр дүүргийн намын хорооны ойролцоох банкны салбар маш ачаалалтай байдаг гэнэ. Учир нь тэр гишүүн энэ мөнгийг нэг дор хийж болохгүй, 300 удаа картаа уншуулж, 300 баримт авна.

Танилын маань банкинд теллер хийдэг дүү нь түүнийг нүдэнд харагдтал ярилаа.

Чи тэдний саналыг худалдаж авч байна. Намын гишүүд чамайг үзэл санааны чинь төлөө хайрлахгүй, мөнгөө төлүүлсэн учраас чиний үгийг дагана. Мөнгөнөөс өөрөөр чамд тэднийхээ сэтгэлийг татах юу байна вэ? Ингэж өөрөөсөө асууж үзэв үү? Чамд гунигтай биш байна гэж үү? Ийм залуугаараа мөнгөнөөс өөр сэтгэл татах юу ч үгүй болчих вий гэхээс айхгүй байна гэж үү дээ? Энэ чинийхээр ардчилал мөн үү, тэгээд?

Чамаас авсан 60 сая, ҮБХ-ныхоо 120 гишүүнээс авсан 7 тэрбум 200 сая төгрөгийг намын дарга юунд зарцуулж байгаа талаар дэлгэрэнгүй тайланг чи нэхэж үзэв үү? Яагаад намын байр намын даргын хувийн байшинд байдгийг сонирхож байв уу? Яагаад намын бүх арга хэмжээ Их тамир амралтад, Гурван тамир ресторанд болдог юм бол оо гэж гайхаж байв уу? Яагаад? Яагаад? Яагаад?…

Монголын намууд бүгд зөвхөн мөнгөний шалгууртай байна. Ердөө л мөнгө! Энэ шалгуур залуу хүн чамд тийм амархан байна гэж үү дээ? АН-аас нэр дэвшихийн тулд эхлээд гишүүн болно, 12000 төгрөг. ҮБХ-ны гишүүн байх ёстой, 6 сая төгрөг төлнө. Үүнийг давж чадвал 60 саяыг төлнө. Тэр мөнгө чиний сонгуульд зарцуулагдахгүйг чи мэдэж байгаа. Зүгээр л хариуцлагагүй, тайлан тавьдаггүй намын асар том бункерт орно. Чиний сурталчилгаанд явах намын гишүүдэд энэ мөнгө цалин болж очихгүй, тэдний хөлсийг чи 60 саяасаа гадна төлнө.

Цаашлаад сонгуульдаа 600 саяыг төлнө. Энэ эргүүлэгт нэг л татагдан орвол араа шүдэнд өртөн эргэж буцаж гарах аргагүй болно.

Гэхдээ үүнийг сонсоод олигархуудын инээд нь хүрч байгаа. “600-хан саяыг сонгуульдаа зарна гэж байна, хөөрхий” гэж намайг шоолон өхөөрдөж инээлдэж байгаа. Яагаад гэвэл тэд хэдэн тэрбумаар нь зарцуулдаг учраас. Тэрбумыг зарцуулж УИХ-ын гишүүн болох тэр хүмүүс тэр мөнгөө хаанаас олох вэ? Бас тийм мөнгө зарж тэнд ороод яах гэж байгаа вэ? Санхүүжүүлэгчээс үл хамаараад Монголын төлөө ажиллах зүрх сэтгэл, улс эх орноо намаг балчгийн харанхуйгаас гаргах төлөвлөгөө чамд байна уу? Чи УИХ-ыг ердөө л амьдралаа дээшлүүлэх, мөнгө хийх, эсвэл нэр хүндээ өсгөх, намтраа зузаалах карьер гэж харж байгаа юм биш биз?

Танд 10, 20, 30, 50, 100 сая төгрөг хандивласан уурхайн эзэн Ашигт малтмалын хуулийн ганцхан заалтыг дэмжихийг хүснэ, ганцхан удаа кнопоо эсрэг, эсвэл эерэг дарахын хүснэ. Чамд ийм хандив өгсөн банкны эзэн нэг л удаа “Эдийн засгийн өршөөлийн хууль” санаачлахыг хүснэ, эсвэл энэ хууль дээр нэг л удаа кноп дарахыг хүснэ, татварын хуулийг нэг л заалт дээр саналаа өгөхийг хүснэ. Ганцхан ХОГ-ийг дэмжихийг хүснэ. Ганцхан хууль дээр ирц бүрдүүлэхийг, эсвэл бүрдүүлэхгүй байхыг л хүснэ. Тэр биш гэхэд нам чинь чамайг УИХ-ын гишүүний өмнө байх улаан ногоон хоёр товчлуурыг алийг дарахыг нэг л удаа шийднэ. Үүнийхээ төлөө тэр хэдэн зуун тэрбумыг, их наядыг хожно. Чамд хандивласныхаа ашгийг тэр ингэж хүртэнэ. Харин үүний төлөөсийг нэгэн хөөрхий иргэн хүүхдээ тэжээх ажлын байрнаасаа хагацаж, тэтгэвэр цалин нэмэх боломж хумигдаж…. бас шударга ёсыг гудамжинд гаргаж төлнө. Харин чи ганцхан удаагийн тэр товчлуураар эх орноо, бяцхан үрсийнхээ ирээдүйг арилжсан байна. Найз минь, чи үүнийг ухаарахгүйгээр улстөрд орох гэж байгаа юм биш биз дээ?

Чи юуны төлөө дүүргийн намыг өнгөрсөн дөрвөн жилийн турш хэдэн тэрбумаар санхүүжүүлснээ эргээд нэг бод доо? Чи саналын эрхтэй гишүүдийнхээ татварыг хэдэн жил төлснөө сана даа? Чи тэр бүх зарцуулсан мөнгөө яаж олно гэж бодож байна даа?! АН-ын гишүүд яагаад саналын эрхтэй болон эрхгүй гишүүд гэж хуваагдаж байгааг ухаар даа? Татварыг нь чи төлсөн тэр гишүүн чиний дуулгавартай боол шиг болж хувирч байгааг харах чамд уйлмаар эмгэнэлтэй биш байна гэж үү дээ?

Монгол 3 сая хүн бий, 300мянга нь намын гишүүн, тэдний намдаа санал өгөх эрх – татварыг мянган хүн төлнө. Мянган хүний 60 саяыг 100 хүн төлнө. 100 хүний сонгуулийн зардлыг 10 хүн, аравхан компани гаргана. Мөн чанартаа намаар, мөнгөөр дамжаад олонх биш цөөнх засаглаж байна. Монголын ардчилал бол олонхийн биш цөөнхийн засаглал. Энэ бол ардчилал биш, харин түүний нэрийг барьсан цөөнхийн дарангуйлал!

Шударга залуус үүнийг яаж төлж барах юм бэ? Энэ боломжгүй. Тэд залхаж байгаа, айж байгаа. Хажидмаа бүсгүй хохирлоо барагдуулаад энэ тоглоомноос гарах сонголтыг л хийсэн болохоос тэр төрийн албыг наймаалцаагүй. Тэр аюулын наанаас өөрийгөө татаж авч чадлаа. Баяр хүргэе, Хажидмаа!

60 сая, 100 саяар төрийг ил тод наймаалцаж байна. Баримттай, гэрчтэй, зохион байгуулагчтай, оролцогчтой маш тодорхой гэмт хэрэг. Яагаад нэг ч залуу хүн үүнийг эсэргүүцэж шүүхэд өгөхгүй байгаа юм бэ? Жаран тэрбумын хэргийг Монголын шүүх гэмт хэрэг гэж үзэж, холбогдогчдод шүүхээр ял оноосон. Гэтэл яагаад түүнээс ч илүү баримттай, ил цагаан энэ хэргийг Монголын шүүх яаж шүүхийг хэн ч харахыг хүсэхгүй байна гэж үү?!

Харсаар, мэдсээр байж яагаад хүлцэнгүй дорой царайлан дарлуулна вэ? Нууцаар хулгай хийвэл хулгай, харин ил тод олны нүдэнд дээр хулгай хийвэл гэмт хэрэг биш гэж бодож байна уу? Хаа байна тэр ардчилал, хаа байна тэр шударга ёс?!

Ийм л зүйлийг үл хүлцэх зарчимч, шударга залуу хүн чи хаана байна? Энэ бүхнийг зүгээр л хараад суугаад байх юм уу? Улс орон чинь улстөрийн намуудаар дамжаад уруудан доройтож, өмхрөн ялзарч байна! Ухаараач! Энэ бүхнийг эцэс болгох эр зориг, эрсдэл хийх чадвар чамд алга байна гэж үү дээ?!

Тэмцэж, алдаж, унаж, гутарч, дараа нь ухаарч, сэхэж боссон, улс орондоо шинэ түүх бүтээсэн эрчтэй залуу хүмүүс байцгаая л даа! Бидний амьдралын тал урд байна шүү дээ! Бурууг харсаар, мэдсээр байж битгий эвлэрээч!

Нэр төр минь бусдын төлөө сэвтэхгүй юм бол, ганцхан надад л хэрэг болдог тийм өчүүхэн хэрэгцээтэй юм бол би түүгээр яах юм бэ! Бусдын өмнөөс шатахгүй юм бол, гал руу шунган орох зүрх зориггүй юм бол тийм ядруухан залуу үеэр улс, үндэстэн яах юм бэ?!

Надад бөгчим байна. Цонхоо цэлийтэл нээж толгой хага ташим хүйтэн цэнгэг агаар оруулмаар байна. Би хүлцэж биш тэмцэж амьдармаар байна. Би өрөвдмөөр дорой амьтан баймааргүй байна. Би алдаа хийхээс айсан арчаагүй бэртэгчин болмооргүй байна. Би мөнгөнд ялагдмааргүй байна! Би амиа хоохойлж, нэр төрөө бөөцийлсөн жижигхээн амьтан баймааргүй байна.

Би УИХ-ын гишүүн болохыг мөрөөдсөн худлаа хөөрхөн хүүхэн баймааргүй байна. Би бусдын төлөө, их үйлсийн төлөө өөрийгөө элээж өтөлмөөр байна!

Яагаад гэвэл дөчтөнгүүд бид одоо өөрсдийнхөө төлөө биш хүүхдүүдийнхээ төлөө амьдрах насандаа хүрсэн. Тэд гучин жилийн дараа таны өмнөөс 60 сая төлсөн “сайн ах”-аас чинь биш чамаас ял асуухыг бүү март!

Гантөмөрийн УЯНГА

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.