Ажилчид нь дэлбэрэлтэд өртөж, нүд, төмсөг, гаргүй болсон ч уурхай ажилласаар байна
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Наран мандал” компанид дэлбэрэлт болж, ажилтнууд нь дэлбэрэлтэд өртөн, хүнд гэмтсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, тус компанид тэсэлгээний ажил хийдэг таван залуу ажлаа хийж байхдаа дэлбэрэлтэд өртөж, Гантулга, Ганболд, Дөлгөөн нар хүнд гэмтсэн учраас нийслэлд ирэн эмчлүүлж буй юм.
Энэ талаар Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Должингоос тодруулахад “Уурхайд дэлбэрэлт болж, хүмүүс гэмтсэн нь үнэн. Уурхайнхан өөрсдөө гэмтсэн хүмүүсээ авч ирсэн. Нэг залуугийн хоёр нүд, төмсөг гэмтсэн, хуруунууд нь тасарсан, нөгөөгийх нь өрөөсөн нүд гэмтэж, хуруунууд нь тасарсан байсан.
Гурав дахь нь нөгөө хоёроо бодвол арай хөнгөн, эд эрхтэн нь гэмтэж, тасраагүй, гэхдээ дэлбэрэлтээс үүссэн том, жижиг, өнгөц, гүн янз бүрийн шархнуудтай байсан. Бид яаралтай тусламж үзүүлж, мэс засалд оруулсан. Залуусыг аймгийн эмнэлэгт нэг хонуулаад, компанийнхан нь онгоцоор нийслэл рүү авч явсан. Одоо биеийн байдал нь ямар байгааг мэдэхгүй” гэв.
Баттай эх сурвалжийн мэдээллээр, үйлдвэрлэлийн осолд орсон гурван залуугийн нэг нь тун хүнд байгаа аж. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат 28 настай Гантулга хэмээх залуугийн төмсөг нь дэлбэрэлтэд өртсөн, хоёр нүдний цөцгий гоожсон, баруун гарын хуруунууд нь тасарсан, өвдөгнөөс дээш бүх биед нь тэсэлгээний бодис шигдсэн байдалтай эмнэлэгт ирсэн. Гэмтсэн төмсөг, нүдийг нь нөхөн сэргээх аргагүй болсон байсан тул тайрахыг нь тайрч, цэвэрлэхийг нь цэвэрлэсэн гэнэ. Ингэснээр хорин хэдхэн настай залуу үлдсэн насаа хорвоог харах нүдгүй, хоолоо идэх гаргүй, үр үндсээ үлдээх нөхөн үржихүйн эрхтэнгүй туулах болж буй бололтой. Тэрбээр өнгөрсөн намар өрх тусгаарласан бөгөөд зургаан сартай жирэмсэн эхнэр нь тун хүнд байдалтай байгаа аж.
Гэмтсэн гурвын хоёр дахийнх нь өрөөсөн нүд гэмтсэн, зүүн гарын хуруунууд тасарсан, биеийн бүх хэсэгт тэсэлгээний бодис шигдсэн байдалтай эмнэлэгт ирсэн бол үлдсэн нь нөгөө хоёрыгоо бодвол бие эрхтэн нь тасарч, гэмтээгүй хэдий ч бүх биед нь тэсэлгээний бодис шигдсэн байсан гэнэ. Уурхайд дэлбэрэлт болж, хүмүүс осолдсоныг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрынхан ч батлаад буй юм. Одоогийн байдлаар аймгийн мэргэжлийн хяналтын байгууллага болон холбогдох албаныхны шийдвэрээр компанийн тэсэлгээ хийх үйл ажиллагааг түр зогсоосон гэж буй ч “Наран мандал” компани, олборлолт, баяжуулалтаа үргэлжлүүлсээр байгаа юм байна.
Мэдээллийг нягтлах үүднээс компаниас тодруулахаар холбогдоход “Манайд ямар ч хамаагүй” гэсэн хариу өгсөн бөгөөд фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөсөн юм. Харин фэйсбүүк хуудаст нь “Осолд өртсөн залуус манай компанийн ажилчид биш, туслан гүйцэтгэгч компанийнх. Болсон явдал манай компанитай шууд хамааралгүй” гэсэн агуулга бүхий мэдэгдэл байлаа.
Харин өнгөрсөн хугацаанд “Наран мандал” компани дээрх ноцтой ослын талаарх мэдээллийг гаргуулахгүй байх, өөрсдөөсөө зайлуулах бүх арга хэмжээг авч байгаа сурагтай. Тухайлбал, халуун цэгээс мэдээ бэлтгэж, мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагаас холбогдох мэдээллийг цуглуулсан, осол гарсан өдөр буюу 24-ний орой төмсөг, нүдээ авахуулсан Гантулгыг эмнэлэгт сахиж байсан компанийн ажилтан (тэсэлгээний агуулахын нярав)-аас “Ажилтны биеийн байдал маш хүнд байна. Үйлдвэрийн цэвэр буруутай үйл ажиллагаанаас болоод хүмүүс ингэж гэмтсэн” гэсэн үг алдуулж чадсан орон нутгийн телевизийн сэтгүүлчийг компанийнхан дарамталж, сүрдүүлж, мэдээллийг нь гаргуулахгүй хэмээн мөнгө төгрөг амласан байна.
Мөн компанийн хариуцлагагүй байдлын талаар сөрөг үг дуугарсан нутгийн залуусыг доромжилж, сүрдүүлэх, өөрсдийн үйл ажиллагааг дөвийлгөн сурталчлах пиарыг идэвхжүүлэн, үүндээ ажилчдаа татан оролцуулж, олон нийтийн хандлага, сэтгэл зүйд нөлөөлөх ажил хийж эхэлжээ. Гурвын гурван залуу үйлдвэрлэлийн осолд орж, эд эрхтэн, эрүүл мэндээсээ салчихаад байхад тэрд арьсаа хамгаалахыг л оролдож, өөрсдөөсөө зайлуулахыг хичээж буй нь даанч харамсалтай.
Ташрамд дурдахад, “Наран мандал” компани техникийн бүрэн бүтэн байдлаа хангаагүйн улмаас хоёр жилийн өмнө баяжуулах үйлдвэртээ цианид алдаж, ажилчид нь цианидад хордон, эмчлүүлж байсан юм. Уг компани тухайн үед “Спэйшл майнз” нэртэй байсан бөгөөд ажилчдаа химийн бодист бус, өөр зүйл, тухайлбал хоолонд хордсон гэсэн дүгнэлт мэргэжлийн байгууллагаар гаргуулахаар хөөцөлдөж байсныг уншигчид санаж буй биз ээ.
Д.БАТ-ЭРДЭНЭ: ОСОЛ ГЭМТЭЛГҮЙ ЭЭЛЖ СОЛИГДОНО ГЭЖ БАЙХГҮЙ. УУРХАЙ ҮҮНИЙГЭЭ НУУЖ ДАРААД ӨНГӨРӨӨДӨГ
Тус компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон Д.Бат-Эрдэнэ хэмээх залуутай холбогдож, ярилцлаа.
-“Наран мандал” компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон гэл үү?
-Би энд хоёр жил ажиллах хугацаандаа хоёр удаа үйлдвэрлэлийн осолд орсон. Эхний удаад тоног төхөөрөмжид хавчуулагдсан. Дараа нь далд уурхайн нурангид дарагдаж, нуруугаа хугалсан. Түүнээс болоод одоо хөл, гар өвддөг, 4-5 кг-аас дээш хүнд юм өргөж чадахгүй болсон.
-Ажилчид өөрсдөөсөө болж осолд орж, амиа алддаг гэж компанийн ажилтан буруутгасан байсан. Чиний хувьд яаж байгаад осолд орсон бэ?
-Надаас шалтгаалсан буруутай үйл ажиллагаа байгаагүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажиллаж яваад л осолд орсон. Цагаан цахир бол алтны үндсэн орд. Тэнд далд уурхай гэж нэрлэдэг нүхнээс олборлолт хийдэг. Нүхэнд хад чулуу нурах, дээрээс унах нь байнга тохиолддог энгийн үзэгдэл. Тэр нуралт биднээс огт шалтгаалахгүй шүү дээ.
Энэ компанид ажиллаж байгаад бэртэж гэмтсэн хүн маш олон. Уурхайн нэг ээлж 20 хоног ажиллаад солигддог. Ямар нэг осол гэмтэлгүй ээлж бууна гэж ер нь байхгүй дээ. Хүнд, хөнгөн ямар нэг зүйл заавал болдог. Түүнийгээ уурхай нь нууж дараад өнгөрөөдөг. Тархи толгойндоо гэмтэл авсан, хөл, гараа хугалсан, тасдсан хүн гарын арван хуруунаас олон. Нүхэнд ажиллаж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь уушгины өвчин, бронхит, тоосжилтын өвчинтэй. Далд уурхайн стандарт гэдэг зүйлийг ямар байдгийг мэдэхгүй, гэхдээ тэнд бол аюултай нөхцөлд ажилладаг шүү.
-Гэмтсэн ажилчдаа уурхайн зүгээс яадаг вэ?
-Намайг нуруугаа хугалахад эмчилгээний зардал өгсөн. Эмчлүүлээд ирэхэд чинь хөнгөн ажилд шилжүүлнэ, цалин мөнгөнд чинь өөрчлөлт орохгүй гэсэн.
-Ер нь осолд орсон ажилчдаа тэгж аргалдаг юм аа даа. Нэг биш ийм тохиолдлын талаар сонслоо?
-Ер нь дандаа тэгдэг. Асуудал үүсэхээр цалинг нь өгөөд амыг нь хаачихдаг болохоор ажилчид нь үүнийгээ гаргаж чаддаггүй. Сая л гэхэд үйлдвэрлэлийн осолд ороод, гараа тасдуулсан залуутай уулзаж энэ байдлыг ил гаргая, хэвлэлийн хурал хийе гэхэд өөрөө “Тэгье” гэсэн ч ээж нь “Хүү маань гуравдугаар сард мэс засалд орно. Манайх мөнгө төгрөг муутай. Одоо хэвлэл мэдээлэлд хандаад явахаар уурхай дараа дараагийн удаад эмчилгээний зардал өгөхгүй болчихвол бид хохирох гээд байна. Хэвлэлийн хуралд оролцож чадахгүй нь” гэсэн. Ийм л маягтай байдаг. Тэр уурхайд зээлгүй хүн нэг ч байхгүй. Зээлээр нь барьцаалж, ямар нэг зүйл болбол ажлаас нь хална гэж дарамталдаг.
Бид өнгөрсөн зургадугаар сард үйлдвэрчний эвлэл байгуулъя, ажилчдынхаа эрх ашгийг хамгаалж дуугардаг, уурхайтай хууль, эрх зүйн хүрээнд ярилцдаг газар хэрэгтэй юм байна гэж ярилцсан. Гэтэл уурхайн зүгээс тас эсэргүүцээд, “Ийм юм байхгүй шүү” гээд дарах арга хэмжээ авдаг юм билээ. Үйлдвэрчний эвлэл байгуулна гэж ярьсан хүнд “Мэргэжлийн зэрэг өгье, зэргийг чинь ахиулъя” гээд цалинг нь нэмэх жишээтэй. Ингээд бүх зүйлийг хаачихдаг.
-Үйлдвэрлэлийн ослыг уурхай нууж өнгөрөөдөг гэлээ. Энэ баттай юу?
-Би осолд орсныхоо дараа өдөрт хэдэн удаа өвчин намдаагч хийлгэдэг байлаа. Нэг тариаг 2000-3000 төгрөгөөр авч, өдрийн хэд хэд хийлгэхээр эдийн засагт ч хүндрэлтэй болж, нийгмийн даатгал төлж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон юм чинь ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг байх ёстой гэж хүн зөвлөсний дагуу нийгмийн даатгал руу очсон юм. Би залуу хүн эрүүл байх хэрэгтэй, эмчилгээ хийлгэх хэрэгтэй, нэгэнт нийгмийн даатгал төлсөн юм чинь хуулийн дагуух үйлчилгээ авах ёстой гэж бодож л тийшээ очсон.
Тэгтэл компанийн оффисоорс над руу залгаж, “Янз бүрийн байдлаар ил гаргахгүй гэж бид тохирсон биз дээ. Тэгээд өвчтэй байх хугацааны чинь цалин мөнгийг өгч байгаа шүү дээ. Ингэж хүн амьтанд ярьж болохгүй” гэсэн.
-Нийгмийн даатгал руу очсоныг яаж мэдээд, залгаж байгаа хэрэг вэ?
-Нийгмийн даатгалын газарт үйлдвэрлэлийн осол гэмтэл хариуцсан хүн байдаг юм билээ. Тэгээд осолд орсон гээд очихоор мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас асууж тодруулдаг бололтой. Хуулиараа тэгэх ёстой байх. Гэтэл компани тухайн ослоо холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүй нууж дардаг. Үйлдвэрлэлийн ослын хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юм уу, ямар ч байсан гэмтэж бэртсэн хүн нь зургаан сарын дотор мэргэжлийн байгууллагуудад хандах ёстой, тэр хугацаа нь өнгөрчихвөл уурхайн зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болдог юм байна.
-Чи тэр хугацаан дотор нь тэгж явсан юм уу?
-Би осолд орсноос хойш хоёр сарын дараа нийгмийн даатгал руу очсон юм.
-Тохирсон шүү дээ гэж хэлэхийг бодоход та нарт ярилцсан зүйл байж ээ. Чамд юу гэж хэлсэн юм бэ?
-Цалинг чинь өгч, хөнгөн ажлын байранд ажиллуулна гэсэн. Тэгэхдээ л холбогдох байгууллагуудад хандахгүй гэсэн ойлголт өгснийг нь би ойлгоогүй юм байлгүй.
-Компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангахад хэр анхаардаг вэ?
-Тэр уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал (ХАБ) хариуцсан ажилтан тогтдоггүй. Хөдөлмөр хамгаалал нь шаардлага хангадаггүй, байс хийгээд хүн бэртэж гэмтдэг болохоор хариуцсан ажилчин нь компанид шаардлага тавьж, юм хэлдэг, тэгэхээр нь ажлаас нь халчихдаг бололтой юм билээ. ХАБ-ын ажилтан 2-3 хүн “Ийм нөхцөлд ингэж ажиллана гэж юу байх вэ” гэж толгой сэгсрээд явсан. Одоогийн ХАБ-ын ажилтан нь компанийн бусад ажилчидтайгаа уусаад, нуухаа нууж, дарахаа дараад явдаг хүүхэн бий.
-Туслан гүйцэтгэгч компанид тэсэлгээний ажлаа хариуцуулдаг байсан юм уу?
-Цианид алдсан хэрэг гарч, хэвлэл мэдээллээр аюулгүй ажиллагаа алдагдсаныг нь баахан шүүмжилснээс хойш жаахан эмх цэгцтэй ажиллахгүй бол болохгүй нь гэсэн юм уу, туслан гүйцэтгэгч компани ажиллуулдаг болсон. Түүнээс өмнө бол тэсэлгээг нь бид өөрсдөө хийчихдэг байв. Тэсэлгээний материалтай харьцах ямар ч мэдлэггүй хэрнээ өөрсдөө өрөм тавиад, тэсэлгээгээ хийгээд явчихдаг байсан.
-Компанийн зүгээс ажилчдыг ямар нэг байдлаар бодит байдлаа хэлж ярих, эрх ашгаа хамгаалахад айлгаж сүрдүүлдэг явдал байдаг уу?
-Хуулийн айхтар багтай гэсэн. Бидний зүгээс компанийн талаар бодит байдлыг хэлсэн ганц нэг үг олон нийтийн сүлжээнд гаргахад компанийн зүгээс бүх ажилчдаараа эсрэг юм бичүүлдэг, өөрсдийгөө хамгаалж, өмгөөлсөн пиарыг тааглаж, шэйрлүүлдэг. Нөгөөдүүл нь эндээс хоолоо олж идэж байгаа, өр зээлтэй болохоор дургүй ч байсан дуугүй л байдаг.
Орон нутагт ажлын байр байхгүй, тэр дундаа эднийх алт олборлодог болохоор цалин хөлс гайгүй, дунджаар сая төгрөгийн цалинтай. Тийм болохоор ажилгүй болох вий гэхээс хүмүүс айдаг. Эднийхээс гарсан ч гэсэн “Өөр газарт ажилд ажилд ороход эднийх хаалт тавьж магадгүй” гэсэн айдастай байдаг. Ерөнхийд нь их айдаст автуулсан гэхэд хилсдэхгүй.
-Нутгийн залуус нэгдэж жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл байсан?
-Бид залуу хүмүүс. Нутагт минь үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани аюулгүй ажиллагаагаа хангаасай, залуус ажилдаа яваад эсэн мэнд иргэж ирэх баталгаатай байгаасай, дахиж ийм үйлдвэрийн осол гаргахгүй байхад анхаараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэтэл компани осол аваараа нуухыг л бодохоос биш аюулгүй ажиллагаагаа найдвартай хангахыг бодохгүй байна. Тиймээс хэсэг залуус нэгдээд жагсаал зохион байгуулъя гэсэн ч олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй гэлээ. Аймгийн хууль, хүчний байгууллага, цагдаа, шүүхийнхэн бүгд компанийн талд ажилладаг болохоор бид нутгийн иргэдэд хандана гэж бодож байгаа.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин