Comment.mn

MCS цадах болоогүй юу?!

Ойрд ходоод өвдөөд болдоггүй, нэгэн танил маань “Ботаникт шинээр нээгдсэн эмнэлэг ёстой сайн эмнэлэг байна лээ, тийшээ очооч” гэхээр нь судалж, оочир дугаар, 13А энэ тэрээ бүрдүүлж байж өчигдөр очлоо. Үнэхээр сайхан эмнэлэг байна, ёстой л нөгөө дэлхийн стандарт гээч нь л энэ байх гэж бодлоо.

Ороход хүн бүхний халууныг үзэж, маскийг шалгаж байна. Хичнээн ч хүн үйлчлүүлсэн багтаж шингэмээр том сайхан талбайтай, үйлчлүүлэгчдэд зориулсан сандал суудал ч элбэг юм. Тод том хаягнууд хаана очиж ямар дарааллаар үзүүлэхийг төвөггүй газарчлах ажээ. Эмч, сувилагч, ер нь л тэнд ажиллаж байгаа бүхэн нүүр дүүрэн инээмсэглэлтэй, толгой өөдрөг алхаж, хүмүүстэй эвтэй харьцана. Тийм сайхан орчинд тэгэхээс ч яахав.

Доор оочир хүлээж зогсонгоо гэнэт нэг зүйл санаанд орж эмч эгч рүүгээ ярилаа. Ойрд утсаар ярихаар л “Ботаникт байна, ботаникаас гарлаа, ботаник явлаа” гэх болсон юм. Хувийн эмнэлгийнхээ салбарыг тэнд нээсийм болов уу гэж бодоод явдаг байлаа. Бодохнээ, тэр ботаник нь энэ болж таарлаа гэж сэтгэсэн хэрэг. Бодсон ёсоор эгч яг байж байнаа. Оочир хүлээх хооронд эгч эмнэлэгтэй танилцууллаа.

Амбулаториос гадна 150 ортой хэвтэн эмчлүүлэх хэсэг, уламжлалт анагаах ухааны сургууль, эмнэлэг, эмзүйн сургууль, шүдний эмнэлэг, эмийн үйлдвэр, оюутны хичээл, сургалтын байр… бүр юм юмтай жинхэнэ сайхан эмнэлэг байна. Амбулаториор өдөрт 800, жилд 256 мянга, дүрс оношлогоонд 10 мянга, гаруй, мэс заслын тасгаар 2300 гаруй хүнд үйлчлэх, жилдээ 6500 хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай.

Чанар, үзэмж нь яг л төгс хариуцлагатай япон хүний хийсэн бүтээл болох нь төвөггүй уншигдана. Эмнэлгийн дотор суурилуулах нэг тэрбум 360 сая иены өртөг бүхий 278 төрлийн 1197 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар өгч байна. Сургалтыг Японы тал хариуцаж нэг ээлжиндээ 25 хүртэл хүнийг Японд үнэ төлбөргүй сургаж байна. Эмнэлгийг албан ёсоор хүлээж автал анивчсан гэрлээ ч сольж болохгүй, Японоос мэргэжилтэн ирж гэрэл чийдэнг нь хүртэл сольж өгдөг гэнэ. Япон анд нөхөддөө Монголын ард түмний нэрийн өмнөөс гүнээ талархан доор мэхийн хүндэтгэе. Хэрэв тэнд Японы элчин сайд, эсвэл ямар нэг япон хүн байсан бол би тэвэрч аваад нулимстай нүдээр талархлаа илэрхийлмээр л байлаа.

Ходоодоо дурандууллаа. Намайг энд тэнд очихоор харсан хүн зүгээр явуулдаггүй “зовлон”-той. Эмч тасгаа танилцуулж байна. Ходоодны дурангийн ариутгал маш өндөр түвшинд юм, энд ямар нэг халдвар авах аюулаас бүрэн сэргийлж чаджээ. Жирийн угаалгаас эхлээд бодисоор ариутгах, дурангийн машинд угаах, кварцаар шарах… хичнээн ч шат дамжлага байгаа юм бүү мэд, ямар ч вирус амьд үлдэх боломж тэнд алга шиг санагдлаа.

Оюунцэцэг багштай арваад оюутан нь хамт байна. Нэг хэсэг нь үзлэгийн өрөөнд, нөгөө хэсэг нь дэлгэцтэй өрөөнд байж хоорондоо микрофоноор ярин миний ходоодон дээр хичээлээ заалгаж, үзэж байх жишээтэй. Өмнөх хүнийхээс юугаараа өөр байгаа талаар ярилцаж, хамт оношилж байнаа. Би ч Монголын эмч нарын ирээдүйг бодохоор баяр бахдал төрж дуртайяа амьд үзүүлэн боллоо. Тэдний яриаг чагнахад ходоод гэдсэн дотор сэлгүүцэх нарийн хар дуранг ч мэдрэх нь багасч харин зүгээр юм гээч.

Эмч нар нь туршлагатай доктор, профессорууд. Тэд энд ажилласныхаа төлөө 100 гаруй мянган төгрөгийн цалин авдаг гэнэ. Түүнийгээ тоож байгаа ч юм алга, “Яахав ээ, бид нар сургуулиасаа цалингаа авчихдаг юм чинь. Бид чинь өглөө үүрээр босоод л өглөө 7 цаг гэхэд эндээ ирцгээнэ. Эндээ цайгаа ууж, үзлэгтээ бэлтгэнэ” гээд багш-эмч нар баяртай байна. Оюутнууд мөн л эрт ирж лекцээ сонсож, давхар үзлэгээ хийж туршлага сууж байна.

Үдийн цайны цагаар В1 давхарт байрладаг багш, оюутнуудын цайны газар орлоо. Маш хямд иж бүрдэл хоолоор үйлчилж байна. Үнэхээр эрүүл, сайхан хоол байна. Эмч нар, оюутнуудын сэтгэл хангалуун байдал нүүрэн дээр нь бичээстэй. Тэд ирээдүйдээ итгэлтэй байна.

Дэлхийн бүх л улс оронд хүн амынхаа эрүүл мэндийн төлөө зүтгэх чадалтай сайн мэргэжилтнүүдийг бэлтгэх анагаах ухааны сургууль байдаг. Тэр сургуулиуд бүгд дэргэдээ эмнэлэгтэй. Эдийн засаг, улстөр, гадаад хэл заадаг шиг танхимд дөрвөн жил суулгаж байгаад “За чи одоо хүн эмчил, хагалгаа хий!” гээд гаргаж болдоггүй ганц салбар нь энэ анагаах ухаан гээч. Дэлхийд Монголын анагаах ухааны сургууль л ганцаараа дэргэдээ сургалтын бааз-эмнэлэггүй. Оюутнууд нь танхимд үзсэн номын мэдлэгээ баталгаажуулах боломжгүй, резидентүүд нь хэдхэн эмнэлгүүддээ тарж, багталцахгүй байгаа өвчтөнүүдийнхээ хажуугаар чихэлдэж дадлага хийцгээдэг.

АШУҮИС өөрийн гэсэн сургалтын бааз эмнэлэгтэй болох хэдэн арван оны мөрөөдөл сая л нэг биелж хайрт анд нөхөр-япончууд маань өөрсдийнхөө 100 хувийн зардлаар 10 гаруй тэрбум иенийн хөрөнгө оруулалт зарцуулж Монголын анагаахын сургуульд эмнэлэг барьж өгсөн нь энэ. Угаас сэтгэлтэй, авъяастай монгол эмч нар улам чадваржин бэлтгэгдэх, Монголын анагаах ухаанд гэрэл гэгээ гийсэн мэдээ.

Анагаахын сургуулийн доктор профессор эмч, багш нар, ажлаа хийж байгаа эмч нар маань ч энэ мэдээг сэтгэлдээ багтахгүй догдлолтой, нүдэндээ баярын нулимстай сонсоцгоосон.

Эмнэлэг өнгөрсөн оны аравдугаар сард ашиглалтад оржээ. 100 хувь өөрсдийнхөө хөрөнгөөр бариад өгсөн япончууд эмнэлгээ нээх гэж сар бүр өөрсдийнхөө зардлаар нисэж ирээд урамгүйхэн буцсаар байна. 150 ортой хэвтэн эмчлүүлэх тасгийг нээхэд жаахан мөнгө хэрэгтэй. Эмч нар буюу АШУҮИС-ийн багш нар энэ эмнэлгийг бараг зардалгүй ажиллуулж байна. Доктор, профессор багш нар өөрсдөө 100 гаруй мянган төгрөг сард авч, энд тэндхийн чадалтай эмч, сувилагч нарыг багшийн сүрээрээр далайлган, сайхан ирээдүй амлан бага цалингаар ажиллуулж байна. Гэтэл тэдний цалинг өгөхгүй, бас багасгасаар байна. Он гарсаар цалингаа аваагүй сувилагч, эмч нар эхнээсээ ажлаасаа гарах өргөдлөө өгч, орхин явсаар. Багш нар тэднийгээ авч үлдэх гэж уйгагүй оролдсоор.

Эгчийн өрөөнд сууж байтал нэг нь орж ирээд “Яанаа багшаа, тасгийнхнаа тогтоох гэж ёстой үйлээ үзэж байнаа. Сая авсан цалингаараа тасгийнхнаа зусланд аваачаад цасны баяр хийчихлээ. Цалингаа авахаар өрөндөө өгөөд цаана нь 5 мянган төгрөгтэй үлдэж байгаа сувилагч байна шүү дээ! Тийм хүмүүсийг хоргоох ч бас хэцүү юмаа. Яана даа, багш минь…” гэж байна. Нөгөө нь орж ирээд “Хүмүүсээ яаж тогтоох вэ, багшаа? Цалинг нь бас хасчихаж. Сэтгэл санааг нь өргөөд л, хоол унданд оруулаад “Тэсээд байгаарай” л гээд байна…” гэлээ. Орж ирсэн бүхэн намайг л асуудлыг нь шийдэхээр ирсэн мэт горьдлогын нүдээр харж, зориуд миний дэргэд л энэ бүхнээ ярьж байгаа бололтой.

Оны шилдэг эрдмийн ажлын шагнал авсан эмч нар шагналын мөнгө 3 сая төгрөгөөрөө тасагтаа принтер дэлгэц, сургалтын материал авчээ. Багш нар хувилагч, зурагт, ус шүүгч гээд гэрээсээ шувуу шиг нэг нэг юм зөөсөөр бүхий л сэтгэлээ эмнэлэгтээ зориулж байна. Хайр хүрмээр сэтгэлээ шингээж байна. Аргагүй шүү дээ, насны нь мөрөөдөл юм чинь.

Гэтэл саяхан энэ эмнэлэг MCS-ийн Интермэдийн салбар болж болзошгүй тухай мэдээ гарсан байхыг хараад харамсал, уур хоёр зэрэг төрөв. Яахаараа жирийн ард эрүүл мэндийн даатгалаараа үзүүлж эмчлүүлдэг ийм сайхан эмнэлэг байж болдоггүй юм бээ?! Тэр үнэ өртөг ихтэй Интермэдийг нь мань мэт сонссоноос цаашгүй. Шагайх төдийд халаас хоосолдог эд гэсэн.

Хүн зүгээр эмнэлэг бариад өглөө, чадалтай сайн багш нар –доктор профессорууд үнэ төлбөргүй ажиллаж байна. Яагаад ажиллуулах хэдхэн төгрөгийг нь өгчихөж болдоггүй төр вэ?! Эхний ээлжинд 2,3 тэрбумыг өгчихвөл бид үйл ажиллагаагаараа өөрсдийгөө санхүүжүүлээд яваад байна гэж байна. Иймхэн мөнгө шийдэж чадахгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ? Багахан санхүүжилтийг нь өгөхгүй гацааж байгаад “Багш нар энэ эмнэлгийг ажиллуулж чадахгүй байна” гээд мөнөөх ээлжит дээрмээ хийх гэж байгаа бол ёстой санасны чинь гарз шүү!

“Жав багш амьд байхад бид бас л сургуульдаа эмнэлэгтэй болно гээд багш маань хадаг цайгаар шав тавьж, бид нулимс унаган сургуулийнхаа хойд талын газрыг бараг өөрсдөө ухацгаасан. Захирал бидэнд “За одоо л нэг эмнэлэгтэй болно, хэдэн жил бүсээ чангална шүү!” гээд бид хэдэн жил сургуулиасаа бичгийн цаас ч нэхээгүй, цалингаасаа хандив өгч ажиллацгаасан. Эмнэлгээ барихын тулд тэр жилдээ хандивын анги нээн конкурсанд ороод маш бага оноо дутсан хүүхдүүдийг элсүүлж эмнэлгийнхээ барилгад хандивласан. Гэтэл тэр маань мөн MCS-ийн мэдэлд очоод одоо Сонгдо болчихсон. Одоо энэ л нэг жинхэнээсээ бидэнд ирэх байлгүй дээ, даан ч дээ!” гээд эмч нар уйлах нь халаг байна.

MCS гэж яасан компани юм бэ? Нүүрс зөөнө, зуух тараана, төсөл тендер бүгдийг авна… Яасан ханаж цаддаггүй хүмүүс гэж ийм байдаг юм бэ? Монголын бүх бизнес та нарынх байх ёстой юу? MCS хэл ам ихтэй төрийн өндөр албан тушаал гэхээс илүү яамдын мөнгө ихтэй газрын дарга нарыг өөрийн хүнээрээ тавиулаад бүхий л төсөл, тендерүүдийг өөрсөддөө авч байдаг гэдэг. Лав БОЯ-ны тусгай хамгаалалттай бүс нутгийн газрын даргыг өөрийн хүнээрээ тавьж байгаад Зайсангийн хамаг газрыг өөрийн болгосон гэж яамныхан ярьцгаадаг. Бас ойн тендерүүдийг тэд л мэргэжлийн ойчдоос булаан авч байдаг гэсэн. Яачихсан ханаж цаддаггүй бирд шиг хүмүүс гэж ийм байдаг байна аа?!

Өчүүхэн бага тэр төсвийг нь шийдээд өгчихгүй яасан сайд, яам, Засгийн газар вэ?! Хоёрхон ЖДҮ-чний л мөнгө байна шүү дээ! Төр нь тэр чигээрээ MCS-ийн мэдэлд орчихсон юм бол энэ улсаа MGL биш MCS гэж нэрлэе, яршиг зүгээр!

Анагаахын сургуулийн энэ эмнэлгийг дээрэмдэнэ гэдэг бол Монголын анагаах ухааны салбарын ирээдүйг, эгэл ардын эрүүл мэндийг дээрэмдэж байгаагаас ялгаагүй. Хэрэв ингэвэл ёстой багш, оюутнуудтайгаа нийлж байгаад нэгийгээ үзэж нэхийгээ уралцана шүү, та нартай!

Г.Уянга

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.