Comment.mn

Улс төрд өөрийн “хөтөлж оруулсан” У.Хүрэлсүхийнхээ үед Н.Багабанди ажилгүй болох нь

Монгол Улсын Засгийн Газрын  2020 оны 1-р сарын 29-нд болсон хуралдаанаар “Оюутолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсыг төлөөлдөг гишүүдэд тодорхой шаардлага тавихаар болсон билээ.

Энэ тухай ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын Сайд Л.Оюун-Эрдэнэ: “Оюутолгойн үр өгөөжийг нэмэгдүүлэх талаар арга хэмжээ авах УИХ-ын тогтоол гарсан. Бидний дүгнэж буйгаар  “Оюутолгой” дахь манай ТУЗ-ийг бусад ижил төстэй компанийн ТУЗ-тэй харьцуулахад мэргэжлийн ур чадвар хангалттай биш байгаа нь нууц биш. Улс орны эрх ашигтай холбоотой амин чухал асуудал учир энэ тухайд хэн нэгнийг хаацайлж болохгүй. Тиймээс шалгуурыг нь адилхан болгож байгаа нь энэ. Иймээс ч гүний уурхайд ажиллаж байсан мэргэжилтэй, мега төсөл удирдаж байсан, бусад асуудлаар ч  тодорхой нөлөө үзүүлж чадах хүн Монгол Улсыг төлөөлнө. Мөн санхүү, татварын маргаантай холбоотой асуудал байгаа учир олон улсын түвшинд ажиллах чадвартай банк санхүүгийн мэргэжлийн хүн байх нь чухал. Түүнчлэн олон улсын мэргэжлийн эрх зүйч байх хэрэгтэй. Ингэж байж  л ТУЗ-ийн гишүүн маань Монголын талын үүргийг бидний хүсч буй түвшинд гүйцэтгэнэ гэж үзэж байгаа юм. Тиймээс Засгийн Газрын хуралдаанаар шалгуур үзүүлэлтийг оруулж баталлаа. Одоо уг шалгуур үзүүлэлтийн дагуу сонгон шалгаруулалт зарлаж, ТУЗ-ийн гишүүнийг нэг жилийн хугацаатай томилж, ажлыг нь жил бүр дүгнэж явахаар шийдвэрлэлээ” хэмээсэн юм. 

Мөн “Оюутолгой” компанийн ТУЗ-д ажиллахын тулд ТОЕFL-ийн хэмжээний англи хэлтэй байх шаардлагыг цаашид мөрдөх аж.

Иймээс ч “Оюутолгой”-н ТУЗ-ийн гишүүдээр одоо ажиллаж буй эрхэмүүдээс шалгалт авах юм байна.

Энэ тохиолдолд “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй Н.Багабанди дээрх шинэ шалгуурт тэнцэлгүй чөлөөлөгдөх нь тодорхой болж буй гэнэ.

 “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди нь  2010 – 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон билээ.

Сонирхолтой нь тэрээр Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүхийг улс төрд анх “хөтөлж оруулсан” хүн нь юм.

Тодруулбал Н.Багабанди нь 1990 онд  МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч байсан, уран илтгэх авьяастай, зоримог залуу У.Хүрэлсүхийг МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтнаар авч, ажил амьдралын төдийгүй улс төрийн замыг нь эхлүүлж байжээ.

Гэвч улс төрд өөрийн “хөтөлж оруулсан” У.Хүрэлсүхийнхээ үед л тэрээр  “Оюу Толгой” ХХК-ий ТУЗ-ийн гишүүн гэх цалин хангамж өндөртэй албанаасаа чөлөөлөгдөж, ажилгүй болох учиртай байсан бололтой.

Э.Мягмар

sonin.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.