Comment.mn

СЕХ: Манайх “ iphone 1” хэрэглэсээр байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Мөн 2020 оны УИХ-ын сонгуулийн тов, тойрог, мандат хуваарилалтын асуудлыг ч хэлэлцсэн юм.  СЕХ-ноос ирэх зургадугаар сарын 24-нд санал хураалт явуулах хүсэлт хүргүүлсэн.  Тэгвэл өчигдрийн байнгын хорооны хуралдаанаар энэ өдөр сонгууль явуулахыг дэмжлээ.   Үргэлжлүүлэн сонгуулийн үеэр хэрэглэх тоног төхөөрөмжийн талаар гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: 

-Тоног төхөөрөмжийг хэдэн удаагийн сонгуульд хэрэглэж байсан бэ. Ямар алдаа дутагдал гарч байсан, хэрхэн шийдвэрлэсэн бэ?

СЕХ-ны дарга Ч.Содномдорж:

-Сонгуулийн автомат­жуулсан системийг 2012 оноос хойш бүх сонгуульд ашигласан. Мөн нөхөн сонгуульд ч ашиглаж байна. Автоматжуулсан системийн аюулгүй байдлыг хуульд заасан бөгөөд ЦЕГ, ТЕГ чиг үүргийнхээ дагуу аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг. Сонгуулийн санал авах өдрөөс сар гаруйн өмнө хамтарсан ажлын хэсэг гарч, техникийг нэг бүрчлэн шалгаж, баталгаажуулж, гэрчилгээ олгодог. Ажлын хэсэг байгуулсан аттестатчилалд оруулж, ашиглаж болно гэдэг дүгнэлт гарсан. Хяналтын тооллогоор асуудал гарч байгаагүй. 24 цагийн хамгаалалттай.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хүн амын тоо нэмэгдэж, хэсгийн тоо өссөн үед нөөц байгаа юу.

СЕХ-ны дарга Ч.Содномдорж:

– 2020 оны төсвийг батлуулахдаа техник хэрэгслийн шинэчлэл дээр мөнгө тавьж оруулсан ч таван тэрбум хасагдсан. Гадны улсаас ирсэн мэргэжилтнүүд утсаар бол танайх “iPhone 1” хэрэглэдэг юм байна, манайх “iPhone 5” хэрэглэдэг гэж тоглоом шоглоом хийж байсан. Бид дараагийн үеийн автомат машиныг авах санал оруулсан ч зөвшөөрөөгүй. Гэхдээ энэ автомат машиныг ашиглах боломжтой. Санал авах хугацааны хувьд зургадугаар сарын 24-нд гэж оруулж байна. Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.