Comment.mn

Ах нь ирэхэд талийгаач Б хэдийн амьсгал хураачихсан, эхнэр нь амьтай голтой байжээ

Залуу хос өөрсдөө яндангаа авч өрхөө бүтээсэн үү. Эсвэл гадны нөлөөтэй үйлдэгдсэн гэмт хэрэг үү 

Цэл залуухан хос угаартаж, нөхөр нь нас барсан хэрэг энэ сарын 15-16-нд шилжих шөнө гарсан. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Гэр бүлийн хоёр хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барлаа. Эхнэр нь Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтэн эмчлүүлж байна. Угаартсан гэх хос яндангаа авч, өрхөө бүтээсэн байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага шалгаж байгаа” хэмээж байлаа. Яндангаа салгаж, өрхөө бүтээсэн гэх хосын хэргийг бид газар дээрээс нь сурвалжиллаа. 

Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны … тоотод байрлах 0.7 га хэмжээтэй, цэнхэр өнгийн төмөр хаалгатай, модон хашаан дотор дөрвөн гэр, тоосгон улаан байшин байв. Таван өрх амьдардаг байх магадлалтай энэ хашааны  нэг л айлын яндангаас утаа суунаглаж, хаалга нь цоожгүй байлаа. Байшинд нь огт хүн амьдардаггүй бололтой хаалга, цонхыг нь модоор даруулжээ. Үлдсэн гурван гэрийнх нь хаалга цоожтой байсан юм. Эгнүүлэн барьсан гурван гэрийн голынх нь угаартаж, нас барсан гэх иргэн Б-гийнх. Талийгаач Б 21 настай бөгөөд зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь хүүхэд нь. Өнгөрсөн хавар цэргийн албанаас халагдаж, эхнэр, хүүгийн хамт энэ гэртээ амьдарч байжээ. Тэрбээр хугацаанаасаа өмнө цэргийн албанаас халагдаж, өмнө нь ажиллаж байсан токарийн  компанид өнгөрсөн наймдугаар сард ажилд орсон аж.

Мөн банк бус санхүүгийн байгууллагаас машин лизингээр авч, ажлынхаа хажуугаар таксинд явж, амьдралаа залгуулдаг байжээ. Харин эхнэр Т нь АШУҮИС-д сувилагчаар сурдаг гэнэ. Тэрбээр одоо Хордлогын яаралтай тусламжийн төвд үхэлтэй жижигхэн биендээ баймгүй хүчээр тэмцэлдэн хэвтэж байна. Гурван хоног ухаангүй, эмнэлгийн орон дээр тархины үхжилттэй гэсэн оноштойгоор эмчлүүлж байгаад уржигдар ухаан орсон аж. Түүнийг нэрээр нь дуудахад нүд нь аниатай, нулимс нь зогсоо зайгүй хацар даган урсаж байсан гэдгийг албаны эх сурвалж хэллээ. Залуу хос өнгөрсөн есдүгээр сараас Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороонд гэр барин хамт амьдарч эхэлжээ. Зүүнсалааны эцсийн буудлын ойролцоо утаа, униар багатай зуслангийн айлуудтай хаяа нийлэн амьдарч эхлээд ердөө тавхан сар болж байсан аж.

О.МӨНХБАЯР: АХ НЬ ХӨДӨӨНӨӨС ИРЖ БАЙЖ 18 ЦАГИЙН ДАРАА ДҮҮГЭЭ УГААРТСАН ГЭДГИЙГ МЭДСЭН

Уяатай шар нохой боргосоноос өөр амьд амьтан үгүй мэт эл хуль хашааны баруун талын гэрт оров. 50 орчим насны эр зул барьж, галаа өрдөн, тогоотой хоолоо халааж сууна.  Тэрбээр энэ хашааны эзэн бөгөөд талийгаачийн хамаатан гэнэ. Хэргийн талаар хөрш айлын эзэн О.Мөнхбаяраас тодрууллаа.

-Юу болсон талаар та ярихгүй юу?
-Өнгөрсөн лхагва гарагт 20.00 цагийн үед намайг гэрт ирэхэд Баагий, Туяа ирчихсэн, гэрэл нь асаалттай, машинаа хуччихсан байсан. Тэр хоёр өмнө нь дандаа 22.00, 23.00 цагийн үед гэртээ ирдэг болохоор нь ганц өдөр ч болов гэртээ эрт ирж дээ гэж бодоод гэр лүүгээ орсон. Удалгүй угаах хувцсаа аваад би байранд амьдардаг хүүхдийнх рүүгээ явсан юм. Намайг гарахад тэр хоёр унтах гээд байж байсан. Харин цаад талын айл нь гэрлээ унтраагаад унтчихсан байсан юм. Манай эхнэр шөнийн ээлжийн ажилтай учраас байхгүй байсан. Хэрэг гардаг өглөө нь хажуу айлын хүн нь эрт ажилдаа гарч яваад, хашаанд угаартсан хоёроос өөр хүн үлдээгүй. Би айлд хоноод манайд хүн байгаагүй. Хэдийгээр манай хашаанд дөрвөн гэр байгаа ч хоёр нь л байнга хүнтэй байдаг.
-Анх дуудлагыг хэн өгсөн юм бол?
-Талийгаачийн ах нь тэр хоёртой хамт амьдардаг байсан юм. Хэрэг гарахаас хэд хоногийн өмнө Архангай аймаг руу яваад, нас бардаг шөнө эргэж ирсэн юм билээ. Ирж байхдаа дүү рүүгээ утасдаж, утсаа авахгүй болохоор нь айлд очоод хоносон гэсэн. Маргааш өдөр нь бас утсаа авахгүй байхаар нь ажлаа амжуулчихаад орой 18.00-19.00цагийн үед гэртээ ирэхэд нь ийм хэрэг болчихсон байсан. Гэртээ ирээд хаалгаа тайлахгүй болохоор нь гэрийнхээ хаяаг онгойлгож, хатавчаараа гараа оруулж, онгойлсон гэсэн.  Нэгдүгээр сарын 15-ны 22.00 цагт унтаснаас хойш 18.00 цагийн дараа буюу маргааш нь 19.00 цаг болж байхад нь угаартаж, нас барсан гэдгийг мэдсэн.  Ах нь хөдөөнөөс ирж байж л, 18 цагийн дараа дүүгээ угаартсан гэдгийг мэдэж байгаа юм. Над руу талийгаачийн аав нь нэгдүгээр сарын 16-ны орой утасдаж, “Наагуур чинь юу болоод байгаа юм бэ. Миний хүү яасан юм” гэж уйлж ярихад сандраад гэртээ ирэхэд ийм хэрэг болсон байсан.

-Албаныхан яндангаа салгаж, өрхөө бүтээсэн байсан гэж хэлсэн. Энэ үнэн үү?
-Өмнөх өдөр нь 22.00 цагийн үед галаа цогшоож, яндангаа авч өрхөө бүтээсэн юм билээ. Өмнө нь хэзээ ч яндангаа салгаж байгаагүй. Тэр өдөр ямар гайгаар яндангаа салгаж, өрхөө бүтээснийг мэдэхгүй. Хүйтэн өдөр байсан учраас бага гал түлж, дулаанаа хадгалахын тулд өрхөө бүтээсэн байх.

-Хосын харилцаа ямар байсан бэ?
-Өнгөрсөн есдүгээр сараас манай хашаанд амьдарч байгаа. Талийгаачийн аав, ээж Архангайгаас гэр авчирч, хүүдээ барьж өгөөд байсан юм. Энэ хугацаанд архи, дарс ууж, тамхи татаж, хүн цуглууж байгаагүй төлөв даруу хүүхдүүд. Гэр, сургууль, ажил гээд л амьдралын төлөө зүтгэж яваа хүмүүс. Хоорондоо эв найртай, хүнд тусархуу, орой болохоор эхнэртэйгээ хамт таксинд явчихдаг. Хэд хоногийн өмнө талийгаачийн ээж ирж, эмнэлэгт хэвтээд буцахад нь ой зургаан сартай хүүгээ явуулсан байсан. Хүү нь ирэн, очиж байсан юм. Хүүдээ их амь, эхнэртээ халамжтай, мундаг залуу байсан. Эхнэр нь ч ааш зан сайтай. Бид чинь өнгөрсөн амралтын өдөр  цуглаж, хөзөр тоглоод тарцгаасан. “Дараагийн долоо хоногт тоглоно шүү” гээд л байсан юм. Ийм харамсалтай хэрэг болно гэж огт бодоогүй.

-Таныг гэртээ ирэхэд ямар байдалтай байсан бэ?
-Цагдаа, эмнэлэг, онцгойгийнхон ирчихсэн байсан. Намайг талийгаачийн гэр рүү оруулаагүй, яг ямар байдалтай байсныг сайн мэдэхгүй байна. Үслэг хөнжилд эхнэрийг нь ороож, эмнэлгийн машинд яаралтай аваад явсан. Харин нөхрийг нь юмаар боогоод цагдаагийн байгууллагынхан шалгаж үлдсэн. Ахыгаа ирэхэд дүү нь хэдийн өнгөрчихсөн, эхнэр нь амьтай голтой л байсан юм билээ. Ямар ч байсан яндангаа салгаад, зуухныхаа яндан хийдэг хэсэг дээр  мод тавьсан байсан гэсэн. Мөн жижигхэн халаагуурыг орныхоо хажууд залгаад унтчихсан байсан юм билээ. Энэ хэрэг гарахын өмнөх өдөр тэр хоёр таван шуудай нүүрс аваад манайд хоёрыг нь өгсөн. Өөрсдөө гурван шуудайг нь аваад гэртээ оруулж, нэгийг нь ч түлж дуусалгүй ийм харамсалтай хэрэг боллоо” хэмээн ярив.

ГАЛ НЬ БҮРЭН АСАЖ ДУУССАНЫ ДАРАА ӨРХӨӨ БҮТЭЭГЭЭД УНТСАН

Залуу хосын амьдарч байсан гэрээр ороход гэрийнх нь хойморт зул хөгжөөж, ууж байсан аягатай цайных нь тал хөлдсөн байдалтай байв. Хосууд хоёр метрийн урттай эрээн буйдангаа дэлгэн ор болгож, унтдаг байжээ. Буйданг дэлгэхэд зууханд  бараг тулдаг байсан аж. Дөрвөн ханатай гэрийнх нь баруун талд нэг метрийн өргөнтэй орон дээр хуйлаад тавьчихсан, цагаан даавуутай хөнжил байв. Гал тогооных нь шүүгээн дээр дөнгөж задалсан, таваг дүүрэн еэвэн байлаа. Зуухныхаа яндангийн суурийг тагласан гэх дөрвөлжин жижиг банз нь үл ялигхан хөө, тортог болсноос өөрөөр шатаж, сүйдсэн зүйл алга. Мөн гэрийнхээ баруун хаяанд хоёр уут түлш, хагас шуудай түлээг эгнүүлэн тавьжээ. Талийгаачийн ахтай бид утсаар холбогдоход “Өчигдөр (уржигдар) дүүгийн маань ажил явдал болсон. Дүү маань цэргийн албанаас халагдаж ирээд удаагүй, эхнэртэйгээ хамт амьдарч байсан. Эхнэрийнх нь биеийн байдал тааруу эмнэлэгт хэвтэж байгаа. Тухайн үед галаа бүрэн цогшоод дуусчихлаа гээд өрхөө бүтээгээд унтсан байх. Хөдөөний бид чинь галаа унтраад дуусахаар нь дулаанаа хадгалах гэж өрхөө бүтээдэг. Түүний адил л бүтээсэн байх. Өрхөө бүтээчихсэн болхоор агааржуулалтгүй орчинд хүхрийн хэмжээ ихсэж, угаартсан” гэлээ.
21-хэн настай залуу эхнэр, хүүхдээ үлдээгээд холын хол одов. Гэрэлтэж байсан амьдрал нь нэг л өглөө унтарч, зурагных нь өмнө зул асчээ. Аавыгаа эргэж хэзээ ч ирэхгүй гэдгийг мэдэхгүй нялх үр өнчирч, хэзээ эрүүл саруул болохоо мэдэхгүй танхилхан охин эмнэлгийн орон дээр үл ялиг ухаантай, тарчилж байна. Хүний дайтай өсгөсөн хүүгээ угаартаж, нас барсан гэх мэдээг сонссон аав, ээжийн зүрх дахиж хэзээ ч бүтэн болохгүй гэхээр өр өвдөм. Хүний алтан амиар сольсон хотын утаа ч арилсангүй. Ханиад, томуу нь дийлдэхгүй, нийслэлд бахь байдгаараа амьдрал өрнөж байна…
Түүхий нүүрсийг хэрэглээнээс халж, сайжруулсан түлш түлснээс хойш бид хэдэн ч иргэнээ зуурдаар алдав. Өнгөрсөн оны аравдугаар сараас угаарын хийд хордож, иргэдийн дунд аюулын харанга дэлдсэн. Сайжруулсан түлшний талаарх мэдээлэл муу байснаас болж яах ийхийн зуургүй зургаан хүн амиа алдсан. Өдгөө угаартаж нас барсан гэх иргэний тоо гарын арван хуруунд багтахаа болилоо. Он гарсаар угаарын хийн дуудлага багассан хэдий ч идэрхэн залуугийн халуун амь, бүлээн цус тасрав.

Өрхөө бүтээж сэжиг бүхий нас барсан гурван иргэний хэргийг эргэн сануулъя.

Хэрэг №1: Сонгинохайрхан дүүрэгт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 17-нд 1-12 насны дөрвөн хүүхэд ээжийнхээ хамт угаартаж, нэг настай хүүхэд амь насаа алдсан талаар бид мэдээлж байв.  Тухайн үед НМХГ-ын дэд дарга С.Даваасүрэн “Ээж нь гурван хүүхдийнхээ хамт угаартсан гэх хэргийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа. Хүүхэд осголтын байдалтай ирсэн гэх мэдээллийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвөөс өгөөд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсны дараа осголтын улмаас уу, угаартаж нас барсан уу гэдгийг эцэслэх болохоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Бусад хүүхэд  зүгээр байгаа” гэж байв.

Хэрэг №2: Яндангаа салгаж, өрхөө бүтээсэн гэх хэрэг өмнө нь ч бас гарч байв. Тухайн үед Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд 22.42 цагт Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 25 настай эрэгтэй хүн угаартсан байна гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу цагдаагийн хэргийн газар үзлэг хийхэд хохирогч яндангаа зуухнаасаа салгасан байдалтай, өрхөө бүтээж нас барсан хэрэг бүртгэгдсэн. Задлан шинжилгээний хариу гараагүй. Нарийн шинжилгээ хийсний дараа шалтгааныг тогтооно” гэж байлаа.

Хэрэг №3: Өнгөрсөн аравдугаар сарын 4-нд жирэмсэн эмэгтэй нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, аравдугаар сарын 4-ний үүрээр аав, ээж, охин гурав сайжруулсан түлшний угаарын хийд хордсон гэх шалтгаанаар Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдэн ирсэн аж. Харамсалтай нь 25 настай гурван сартай жирэмсэн эмэгтэй эмнэлэгт ирсэн даруй нас барсан юм. Холбогдох мэргэжилтнүүдийн хэлж буйгаар “Угаарын хийд хордсон гэж хэлэхэд хэцүү. Учир нь түүнтэй хамт байсан аав, ээжийнх нь биеийн байдал хэвийн байсан” гэж байлаа.
Цагдаагийн байгууллагаас угаарын хийтэй холбоотой хэргүүдийн талаар тодруулахад “Эдгээр хэрэг шалгагдаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэв

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.