Comment.mn

П.Пүрэвжаргал: “Монгол коммент” нэвтрүүлэг бол бид хоёрын залуу насныхаа эрч хүчээр хийж байгаа ажил

“Монгол коммент” нэвтрүүлгийн хөтлөгч П.Пүрэвжаргалтай ярилцлаа.


-“Монгол коммент” нэвтрүүлэг хэзээнээс үзэгчдэд хүрсэн юм бэ?

-2011 оноос эхэлсэн. Миний хувьд 2014 оноос энэ нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж эхэлсэн дээ.

-Хөтлөгч М.Батбилэг, та хоёрын хөтлөлт хоёр өөр. Нэг нь дуу шуутай, нөгөөх нь төлөв даруу байдалтай суудаг. Энэ нь нэвтрүүлгийн тактик уу. Эсвэл ерөөс та хоёрын байгаа байдал тэр үү?

-Бидний өөрсдийн төрөлх зан байдал тэгж нэвтрүүлгийн хөтлөлтөөр илрэн гарч байгаа л даа. Манай Билгээгийн хувьд маш уран, цэцэн үг, хэллэгтэй. Бараг л тоормосгүй шахуу л үг нь урсаж, ундарч байдаг. Билгээ бид хоёр өмнө нь бас нэг газарт хамт ажиллаж байсан л даа. Намайг энэ нэвтрүүлгийн хөтлөлтөд орж ирэхэд найзууд маань ч хүртэл хэлж байсан л даа “Та хоёр хосолж байна. Нэг нь задгай ярьж байхад нөгөөх нь хазаарлаж чадаж байна” гэцгээсэн. Билгээ маань энэ нэвтрүүлгээ анхнаас нь хөтөлсөн, арга барилаа олчихсон, авьяас, ярих чадварын хувьд үзэгчид түүнд хайртай байдаг. Хажууд нь суухдаа би найзыгаа зогсох ёстой газарт нь зогсоогоод хүч нэмэх газарт нь хүч нэмээд явж байна даа. Өнөө арга, билэг гэдэг шиг л шүтэлцээтэй ажилладаг. Хоёулаа уралдаж яриад байвал муухай харагдах байх. Эсвэл хоёулаа үзэгчдээ унтуулдаг уйтгартай байж болохгүй. Тэгэхээр бид хоёрын хувьд ус, тос нь таарчихсан л гэж харагдаад байдаг юм.

-Бараг өдөр болгон шахуу гардаг билүү?

-Долоо хоногийн даваагаас баасан гаригт 18 цагаас 19 цаг хүртэл. Есөн жилийн турш яг энэ өдрүүдэд, энэ цагт нэвтрүүлгээ хийж байна.

-Энэ цаг бол хүмүүс ажил, сургуулиасаа тараад гэртээ орж ирээд зурагтаа асаадаг цаг. Яг тэр үед нь та хоёр гарч таардаг?

-Яг яагаад энэ цагт энэ нэвтрүүлэг гарах болсны нарийн учрыг би мэдэхгүй. Манай нэвтрүүлэг шууд явдаг. 365 хоногоосоо зуны гурван сарыг, мөн долоо хоногийн амралтын өдрүүдээ хасахад 200-гаад өдөр болж байгаа биз. Бид жилийн 200 өдөрт нь тогтмол цагт шууд нэвтрүүлэг хөтөлдөг. Энэ нь ч бид хоёрын хувьд таатай. 19 цагт ажлаа тараад харина.

-Нэвтрүүлгийн үеэр сонирхол татмаар, олны анхааралд өртмөөр, араас нь хөөгөөд сурвалжлага бэлдчихмээр сэдвүүдийг иргэд гаргаж ирж байгаа харагддаг юм?

-Манай нэвтрүүлэг цахим орчинд ямар үйл явдал өрнөж буйг, тухайн өдрийн онцлох үйл явдлын эргэн тойрон дахь мэдээллийг хүргэдэг. Хамгийн гол нь тэр хүргэж буй мэдээлэлдээ үзэгчдийнхээ сэтгэгдлийг авдаг. Манай нэвтрүүлэг TV9 телевизийн нэгдүгээр сувгаар, Авто радио 96.3-аар, TV9 Mongo­lia гэсэн фэйсбүүк хуудсаар дэлхий даяар лайв хэлбэрээр хүрдэг. Нэгэн зэрэг ийм гурван сувгаар хүрч байна. Ингээд бид үзэгчдээсээ сэтгэгдлийг нь авдаг. Нэвтрүүлгийн нэр нь ч “Монгол коммент” шүү дээ. Монголчуудын сэтгэгдэл, тухайн мэдээлэлд ямар хариу үйлдэл үзүүлж байна вэ гэдгийг ямар нэгэн цензургүйгээр хүргэх гээд байгаа юм. Тэгж байхад тэр олон сэтгэгдэл дундаас үзэгчдээс маш олон мэдээлэл ирдэг байхгүй юу. “Манай хороо хогоо ачихгүй гурван сар боллоо” гэнэ, шахмал түлшний чанарын асуудал дээр иргэд янз бүрийн байр суурь илэрхийлдэг. Хөдөө орон нутагт “Засаг дарга нар нь ирцээ бүрдүүлэхгүйгээр хуралдаад манай сумын газар нутгийг тийм компанид өгчихлөө” гэж мэдээлнэ. Үзэгчдээс маш олон захидал ирдэг. Бид хоёрт архивлаад авчихсан тоолж барамгүй их захидал байна. Захидал, сэтгэгдлээс гадна өөр хувилбараар төрөлжүүлье гэж бодож байгаа. Утсаар шууд холбогдох ч юм уу. Нэг хэлбэр, нэг тактикаар нэлээд удаан явлаа. Цаашдаа нэвтрүүлгээ шинэчилнэ ээ.

Танай нэвтрүүлгийг ингэхэд хэд орчим насныхан идэвхтэй үзэж байна вэ?

-“Максима” гэж судалгааны байгууллага сар болгон хамгийн их эрэлттэй, үзэгчидтэй нэвтрүүлгүүдийг төрөл төрлөөр нь үзэгчдийн дөрвөн насны ангилалд танилцуулдаг. Манай нэвтрүүлэг сар болгоны судалгаанд эхний топ тавд байнга орж байдаг байхгүй юу. Заримдаа тэргүүлнэ. Ялангуяа 35-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй үзэгчдээрээ байнга тэргүүлж байна. 24-35 насны залуучуудын хувьд заримдаа гурав, дөрөвдүгээр байрт ордог. 16-24 насны залуучуудын ангилалд мөн л хоёр, гуравдугаарт орох маягтай явдаг.

Болохгүй байгаа, бүтэхгүй байгаа, анзаарсан юмаа хүн бусдадаа хэлэх дуртай. Хэлэхгүй, дотроо хадгалахаар түүндээ стресстэж бухимддаг. Харин танай нэвтрүүлэг тэр бухимдлаас нь тодорхой хэмжээгээр гаргаж, үгийг нь сонсдог. Үүгээрээ та бүхнийг нийгмийн дуу хоолой болж байна гэж ойлгодог?

-Хүмүүсийн хэлэх гэсэн хүсэл, эрмэлзлийг дамжуулж байгаа гэж боддог. Хүмүүсийн сэтгэгдлийг чөлөөтэй нэвтрүүлнэ гэдэг бол маш том боломж. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлэх, түүнд нь цензур тавихгүй байна гэдэг бол тухайн хүний үгээ хэлэх эрх чөлөөг эдлүүлж байгаа хэрэг мөн. Үзэгчид маань хэд хэдэн төрөлтэй. Зарим нь биднийг дэмждэг. Наадах чинь зөв зүйтэй гэж хэлээд үзэл бодлоо нэмэрлэдэг. Гэтэл нэг хэсэг нь “Энэ хоёр дандаа хов хутгадаг. Хов базахаас өөр юм байхгүй” гэж шүүмжилдэг.

Тэр хүмүүсийн хувьд манай нэвтрүүлгийг үзэхгүй байх эрх нь байгаа шүү дээ. Заавал нервтэн байж үзэх шаардлагагүй. Гэтэл зарим нь зүгээр л бид хоёроос өө эрдэг. Юуг буруу хэлэх нь вэ, хэн нь цамцныхаа товчийг товчлохгүй сууж байна вэ, хэн нь амнаасаа муухай үг унагах нь вэ гэдгийг амдаад сууж байдаг. Тэгээд тэрийгээ маш том алдаа олчихсон баатар мэт бодоод түүгээрээ сэтгэгдэл бичдэгт нь харамсдаг юм. Тийм сэтгэгдэл бичихийнхээ оронд хэлэлцэж буй асуудалд үзэл бодлоо нэмдэг байх хэрэгтэй. Жишээ нь, нийтийн тээврийн асуудлыг хөндөж хүмүүс сэтгэгдэл бичиж байхад тэр хүн зүгээр л нийтийн тээврээр зорчсон сэтгэгдлээ бичихэд л болж байгаа юм, уг нь. Тэгтэл “Та хоёр ингэхэд автобусанд суудаг юм уу” гэж бид хоёр руу дайрна. Бид үзэгчдийнхээ үг, үзэл бодлыг дамжуулж байгаа мэдээлэл дунд суудаг хүмүүс. Бид дүгнэлт хийгээд байх ч шаардлагагүй л дээ.

Бид чадах чинээгээрээ л хүмүүст тус болох гэж хичээж байна. Маш олон захидал ирнэ. Тэрэн дундаас өвчтэй зовлонтой хүмүүст тусалж, хандив хэрэгтэй болсон гэх захидлуудыг олон захидлын өмнүүр оруулж уншдаг л даа. Хором, минутаар хэмжигдэж буй амьдралыг нь аврах, туслахын тулд бид тэгж захидлыг нь хүмүүст уншиж өгч, тусалдаг. Манай Билгээ өөрөө ч тийм зовлон бэрхшээлийг амссан хүн учраас тэр тал дээр бид тийм байр суурь баримталдаг. Хүмүүс бид хоёрыг мөнгө, хөлс авч захидлыг нь уншдаг гэж бодоод байдаг. Бид ямар ч үнэ, хөлс хэзээ ч хаанаас ч авч байгаагүй. Манай нэвтрүүлгийн мөрөөр хийсэн нэвтрүүлэг, хандивын аян, сайн сайхан үйлс зөндөө байна.

-Нийгмийг нэг хүн гэж бодъё л доо. Тэр хүн 2011 онд голдуу ямар сэтгэгдэл бичиж байв. Одоо сүүлийн үед ямар сэтгэгдэл бичиж байна вэ?

-Нэвтрүүлгийн үеэр ирсэн сэтгэгдлийг унших нь голдуу миний ажил байдаг л даа. Юм алхам алхмаар хөгжиж байна. Анх Yahoo messenger гэж байсан бол дараа нь Фэйсбүүк гарч ирлээ. Ya­hoo мессенжерийн сэтгэгдэл цонх цонхоор гарч ирдэг байсан. Шууд нэвтрүүлгийн үеэр хүмүүсээс янз бүрийн хэллэгтэй сэтгэгдэл ирнэ. Тэрний муухай үгсийг нь хаачихдаг байсан. Одоо лайвын үеэр урсаж байгаа сэтгэгдлүүдийг бид удирдах боломжгүй болсон. Тэр чигээрээ урсдаг. Өмнө нь бид хоёрыг захиалгатай хоёр “баагий” сууж байна гэж хардаг өнцөг их байсан. Одоо тэр нь байхгүй болсон. Хоёрдугаарт, хүмүүс маш их хараал бичдэг байсан. Тухайн асуудлаа харааж байгаа юм. “Өө, п…наадах чинь тэгчихсэн новш байна шүү дээ” гээд л бөөн хараал хэлнэ. Оюу толгойн асуудал дээр тэр хүн тэгчихжээ гэхээр “Оо, тэрийг ал, дүүжил. Цаазал” гээд л харааж гарна. Одоо бол харьцангуй гайгүй болсон. Гарц гаргалгаагаа ярьдаг болсон байна. Хүмүүс “Одоо тэгээд яах уу, наадхыг чинь. АТГ нь ажлаа хийгээд наад асуудлаа шүүхээр оруулж шийдмээр байна шүү”, “Наад хүмүүстээ хариуцлага тооцоод оффшор бүст нуусан мөнгийг нь олж ирээд өрийг нь даруул” гэдэг зүйлийг их бичдэг болоод байгаа. Гэхдээ мэдээж 100 хувь сайхан болчихоогүй л байна. Бид хоёр “Зарыг зарлуулсан байгууллага, хувь хүн өөрөө бүрэн хариуцна” гэдэг шиг сэтгэгдлийнхээ бодит үнэнийг та бүхэн хариуцаарай, бид хоёр зөвхөн дамжуулж байгаа шүү гэдэг зүйлийг байнга хэлдэг. Яагаад тэгдэг вэ гэхээр, “Төддүгээр сургуулийн багш мөнгө хураагаад байна” гэдэг. Гэтэл тэр багш мөнгө хураагаагүй байж болно. Эсвэл тэр багштай муудалцсан найз нь тэр хүнийг гутаан доромжлох гэж манай нэвтрүүлгийг ашиглаж байж мэдэх байхгүй юу. Тийм зүйлээс бид аль болох татгалздаг. Бид регистрийн дугаартай, хороо хорины хаягтай, утасны дугаартай захидлыг хүлээн авдаг.

Та хоёр их олон жил хамтдаа эфирт сууж, иргэдийн сэтгэгдлийг унших байх даа?

-Бид хоёр нэвтрүүлгээ больё гэсэн юм хэзээ ч ярьж үзээгүй. Гэхдээ насаараа, буурал үстэй болтлоо сууна гэж байхгүй шүү дээ. Энэ бол залуу насныхаа эрч хүчээр хийж байгаа ажил. Гэхдээ “Монгол коммент” нэвтрүүлэг үзэгчдэдээ хүрсээр л байх болно.

Танай нэвтрүүлэг заасан цагтаа гарахгүй бол үзэгчид нэхнэ биз?

-Нэхнэ л дээ. Зуны цагт тэгж асууна. Тэгэхээр нь бидний хариулт бэлэн л дээ. “Энэ хоёр хүн чинь ээлжийн амралт авах эрхтэй. Энэ хоёр хүн бас амрах эрхтэй. Зун болж байна” гэж хариулна. Долдугаар сарын 1-нээс есдүгээр сарын нэгэн хүртэл завсарладаг юм. Угаасаа есдүгээр сарын 1-нээс нийгмийн он тоолол эхэлдэг учраас тэр үед нь бид эргэж уулзана аа гэдэг. Бид нэвтрүүлгээ завсарлахгүй явж болно л доо. Хэрвээ тэгвэл үзэгчид уйдна биз дээ. Наадмын өдрүүдээр бид хоёр жишээ нь юу яриад тэнд суух юм бэ (инээв).

Ямар ч утгагүй. Нэг удаа Мартын найман буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр “Монгол коммент” нэвтрүүлгээ хуваарийн дагуу хийж, бид хоёр эфирт сууж үзлээ. Бүх нийтийн амралтын өдрийг ч хэлэх үү. “Монголд төдөн эмэгтэй бий. Төчнөөн нь тийм ажил эрхэлдэг, тийм боловсролтой” гээд хэдэн тоо баримт л уншлаа. Тэгтэл ард нь үлдэж байгаа 30, 40 минут хоосон үлдэж байгаа байхгүй юу. Тэгтэл цэцэгт мэндчилгээ, утасны мэндчилгээ гэдэг шиг юм болж олон зуун мэндчилгээ ар араасаа ирж билээ.

“Монгол коммент” биш “Монгол мэндчилгээ” болж дээ, тэгвэл. Та хоёр тэр мэндчилгээнүүдийг уншсан биз дээ?

-Уншилгүй яадаг юм (инээв). Үзэгчид бичиж байгаа юм чинь. Тийм үйл явдал болсон доо. Түүнээс хойш бүх нийтийн баярын өдрөөр амарч байх нь зүйтэй юм байна гэж шийдэцгээсэн.

Өдрийн сонин

Төр Төмбөгөр

1 сэтгэгдэл

  • Тийм ч муу нэвтрүүлэг биш л дээ. Өөлөх юм бол бараан тал нь арай хэтрээд байх шиг. Гол нь иргэдийн тавьсан асуудлын мөрөөр явж хариу шийдлийг олоод мэдээлдэг байвал илүү сайн болно. Нийт нэвтрүүлгийнхээ цагийг хуваагаад талд нь мэдээллийн хариу өгдөг ч юм уу. Эсвэл 5 удаагийн дугаарын 2 ийг мэдээллийн мөрөөр явсан тухай байдаг бол. Батбилэгийн өөрийнх нь уянгын халил, хувь хүний үзэл бодол, тайлбар нь зонхилоод байгаа харагддаг. Миний хувийн бодол шүү. Хүлээж авах эсэх нь та хоёрын л асуудал юм даа.

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.