“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.
“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв. Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ. МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ.
Өмнөх нь Ж.Мөнхбат: Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, Н.Энхболд, Ч.Улаан нар сайдын суудал онгойхоор улайрч гүйлддэгээ боль
…УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “…Өчигдөр Оюун-Эрдэнэд зөндөө хэлсэн. Өнөөдрийнхөө жагсаалыг яах вэ, хүн цугласан юм чинь нэгмөр хийчихнэ биз дээ.
Тэгэхдээ ийм аймшигтай янзаар нэгийгээ чөтгөр шулам болгоод, хар овоохой болгож шатаагаад ямар хэрэг байгаа юм бэ. Одоо тэгээд өнөөдрийн чинь жагсаал Төрийн ордонд хийсэн акц, алхам мэдэгдлийн чинь хариу дахиад нэг хэсэг нь гаргаад ЖДҮ гэж яриад акцлах юм хийгээд, жагсаал хийх юм уу. Үүнийгээ яагаад ярьчихаж болохгүй байгаа юм бэ.
Тэгээд минийх үнэн, бусдынх буруу. Бид бурхан, та нар чөтгөр гэдэг хандлагаар бүлэг цааашдаа явах юм уу. Одоо шинэ он гарчихлаа шүү дээ. Хуучин оныхоо хэрүүлийг хуучин ондоо үлдээгээд шинэ юм яриад, жил гаруйн дараа болох сонгуулийнхаа ялалт, намын хамтын эрх ашиг, эв нэгдэл, зөвшилцөл, ойлголцол гэдэг юмаа яриад цаашаа алхахгүй юм уу. Үүний төлөө шаардлагатай бол буулт, санаачилга, зориг гаргах цаг нь болсон юм биш үү. Үүнийгээ яриагүй байж энэ хэдэн хүн нь зөв юм, гүтгүүлж байгаа юм, улс төрийн хэлмэгсэд болж байгаа юм гээд. Эд нар нь чөтгөр юм гэээд. Мөнхбат, Номтойбаяр хоёр энэ 60 тэрбумыг өмөөрөөд, Энхболдыг өмөөрөөд, өнөөдрийн жагсаалыг болиулах гэж хамаг юмыг хийгээд, хүн цуглуулаад, хууль хүчнийхэнд хүртэл нөлөөлж байгаа гэж дөнгөж сая ярьж байна. Нэг ч тийм юм болоогүй. Батзориг сайдын хэлж байгаа үнэн. Би Батзориг сайдад тойргийнхоо хүнийг дэмжчихээч гэсэн. Өрөөндөө дуудаж байгаад Мөнхбатын утсаар ярьснаар чамд зээл өгөхгүй гээд гаргасан байна лээ. Тэр хүн аваагүй юм. Тэр үнэн. Тийм учраас ойлголцол, зөвшилцөл рүүгээ явах нэг гарч үлдсэн байна. Үүний дараа асуудлаа яриад, тэгэхгүй бол УИХ-аа тараа” хэмээв.
Үргэлжлэл бий…
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин