Comment.mn

Бүдгэрч, баларсан авлигын хэргүүд

Хууль хяналтынхан нохой жилийн төгсгөлд улс орны эрх ашиг болоод үндэстэн дамнасан дуулиант хэргүүдийн сэжүүрээс  атгаж байв. Харин жил тойроход үр дүн гарсан уу гэдэг сонин. Гэтэл зарим томоохон хэргүүд дээр үр дүн гарах нь битгий хэл барьцаа ч ахиулж чадсангүй.

Шийтгэл оноох нь битгий хэл хэрэг нь бүдгэрч баларч алга болсон нь ч бий. Нэг ёсондоо хууль хяналтынхны үр дүнгийн хэмжүүр нь авлигын хэрэгтэй тэмцэхдээ том эрх ашгийн өмнө зогсч чадав уу гэдгийн шалгуур юм. Хуулийнхан бусдын зөв бурууг дэнсэлдэг шигээ өөрсдөө ч ажлын үзүүлэлт, шударга байдалдаа дүн тавиулах учиртай.

Уг нь хууль хяналтын байгууллага “дээрээс” чиглэл бүхий ямар нэг арга хэрэгсэлд автаж, анхаарал нь сарних учиргүй юм. Гэвч дуулиант хэргүүд гацдаг, хэдэн он дамжсаны эцэст хэрэгсэхгүй болж байна. Мөн хууль хяналтынхан хэргийн үзэмжээс шалтгаалан шалгах хугацаа өөр, гацаах, шуурхайлахыг шийддэг гэж олон нийт шүүмжилсээр ирсэн. Үүнд хэргийн цар хүрээнээс эхлээд нөлөөлөх зүйл бий. Гэхдээ олны үг ортой гэгчээр нэг хэргийг 4-5 жил шалгаад ч эцэслэж  “чаддаггүй” бол нөгөө нэг хэргийг 4-5 сар ч бололгүй шуурхайлчихдаг аж.

Жилийн өмнөхөн АТГ-аас экс Ерөнхий сайдууд, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг баривчилж, зарим нэг бизнес болоод төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой мөнгөний сүлжээ задарч, “Жаст”-ын Ш.Батхүү зэрэг олон жил хардлага дагуулж ирсэн хэргүүд ч шүүхийн шатанд очиж байв.Монголын түүхэнд сайн, муу аль ч талаараа тод бичигддэг Оюутолгой, Тавантолгойн ордын гэрээг “ухаж” экс сайдуудаа хорьсон бол албан тушаалаа урвуулан ашигласан авлига албан тушаалын дуулиан  Сангийн сайд асан С.Баярцогт, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжаваар  үргэлжилсэн нь саяхан. Түүнчлэн нөлөө бүхий бизнесмэнүүд ч хууль хяналтынхны овоо хараанд өртөөд байлаа.

Харин оны төгсгөлд авлига, албан тушаалын хэргүүд юу болж хувирсныг тоймлоё.

“Стандарт” банкны өрийг Засгийн газар төлж, Ш.Батхүү цагаадав

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж, Африкийн Стандарт банкнаас 170 сая ам.долларын зээл авсан Ш.Батхүүгийн хэрэг арван жил яригдаж байна. Үндсэндээ хамгийн урт хугацаанд шалгагдаж байгаа хэрэг гэж хэлж болно. Зээл явсан үйл явц 2009 онд өрнөж, 2013 онд  мэдээлэл ил болсноор хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Ш.Батхүүтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага 5-6 жил шалгаад эцэслэж чадалгүй хуулийн цоорхойгоор цагаадлаа. АТГ-аас өнгөрсөн сард Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгааг мэдээлсэн бол Хуульзүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр “Жаст”-ын гэгддэг Ш.Батхүүгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусч хэрэгсэхгүй болж байгаа талаар жиргэж байв. Энэ мэтээр хөөн хэлэлцэх хугацаагаа хүлээж хэрэгсэхгүй болсон, энэ жишгийг давтах гээд отож байгаа хэргүүд ч цөөнгүй байгаа. Мөн шүүхэд шилжүүлсэн ч урагшлахгүй, ухрахгүйгээр хэдэн байшингийн дунд төөрөөд 8-9 сар болдог жишээ олон байгааг АТГ мэдээлдэг.

С.Баярын хэргийг шүүх тааваараа уншиж байна

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг 2015 оноос эхэлж шалгасан. Экс Ерөнхий сайдыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаж байцаалт авч, цагдан хориод байсан юм.

Тэгвэл хэдэн он дамжин шалгагдаж байгаа экс Ерөнхий сайд С.Баярын хэргийг өнгөрсөн есдүгээр сард шалгаж дууссан. Шүүхэд шилжүүлээд 2-3 сар болж байгаа ч хууль шүүхийнхэн өнөөг хүртэл ямар нэг үйлдэл хийсэнгүй. С.Баярын хэргийг тааваараа уншиж байгаа бололтой.

Ч.Сайханбилэг Монголд хэзээ ирэх вэ?

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор албан тушаалаа урвуулсан, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татаж шалгасан. Тэгвэл төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой авлига, албан тушаалын хэргийг мөрдөн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Мөн хуулийнхан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг  интерполоор эрэн сурвалжилж эхлээд 20 гаруй хонож байна. Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар хилийн хоригоо цуцлуулж гадагшаа явсан ч Монголд ирэх хугацаа нь 2-3 удаа хойшилсон учраас оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлжээ. Хамгийн сүүлийн мэдээллээр АТГ-ынхан Ч.Сайханбилэгийн байршлыг тогтоосон. Оны өмнө Монголд ирэхгүй бол албадан авчрах гэнэ.

“Хүргэн” Г.Дэнзэнгийн хэрэг хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдав

– ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнг албан тушаалаа урвуулан ашиглаж “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр 2015 оноос эхлэн шалгагдсан. Шүүхээс  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнг буруутай гэж үзсэн ч хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаагаар хаагдлаа. Г.Дэнзэнд холбогдох хэргийг өнгөрсөн сарын 1-нд шүүх хянасан ч  хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн юм.

Д.Дорлигжавын хэргийг хаах уу 

Оны эхэнд АТГ-аас Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжав болон түүний дүү Д.Баатар, Ч.Бямбаа нарыг саатуулж гэр болон ажлын байранд нь нэгжлэг хийж байв. Тэгвэл ерөнхий прокуророор ажиллаж байхдаа дүү Д.Баатарынхаа компаниар дамжуулж, “Алтан дорнод Монгол” компанийн дэд захирал Ч.Бямбаагаар зуучлуулан дөрвөн сая ам.долларын хахууль авсан гэх дуулианд холбогдсон Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг саяхан НПГ-т хүргүүлжээ. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэр бүхий улс төрчид хэлсэн юм гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох саналыг АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн гэх мэдээлэл бий.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэрэг хэрэгсэхгүй болов

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарын хэргийг 2018 оны есдүгээр сард шүүхэд шилжүүлсэн боловч удааширсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусаж, хэрэгсэхгүй болсон. Үүнтэй адил “Жаст”-ын  Ш.Батхүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Э.Бат-Үүл, Б.Чулуудай нар ч ял завшиж мэдэхээр байгааг хуулийнхан хэлж байв.

Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах нөхцөл үүсэв үү 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлээд сар гаруй болж байна.  Эх сурвалжийн мэдээллээр Ц.Элбэгдоржийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй дөрвөн хэрэгтэй холбоотойгоор дууджээ.

Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон, “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” ХХК, тус үйлдвэрийн нягтлан Б нарыг цагдан хориод шалгаж буй  “Эрдэнэт”-ийн оффшорын хэрэгтэй холбоотойгоор их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэрэг¬тэй холбоотой, 2012 онд П.Цагааны хамт  БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх хэргүүдтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Ц.Элбэгдорж нь эдгээр хэрэгт гэрч, сэжигтэн, яллагдагчийн хувьд холбогдож буй талаар манай сонин мэдээлж байсан. Тэгвэл прокурорын мэдэгдэх хуудсын хуулийн хугацаа 14 хоног өмнө дуусчээ. Прокуророос авах дараагийн арга хэмжээ буюу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг интерполоор эрэн сурвалжлах нөхцөл байдал үүссэнийг эх сурвалж хэлж байгаа. Харин одоогоор экс Ерөнхийлөгч хуулийн байгууллагад “очсон” эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Олны анхаарал татсан, ил болсон нь эдгээр хэргүүд боловч цаана нь Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл, Ерөнхий сайд асан М.Энхсайхан,  ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнууд холбогдох хэрэг, Хөгжлийн банк, Улаанбаатар төмөр зам, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарын хэрэг хэзээ хэрхэн шийдэгдэх нь бүрхэг байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.12.24  МЯГМАР  №254  (6221)

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.