Comment.mn

Гурилын үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс дэд сайд асан Ш.Лхамсүрэн ЗУРГААН тэрбум төгрөгийн зээл авчээ

“Нүүдэлчин групп” гэж том толгой компани бий. Дороо олон охин компанитай. Эзэн нь Монгол Улсын гавьяат эдийн засагч, банкир Б.Шүхэрт. Тэрбээр гэр бүлийнхээ хамт буюу үр хүүхдүүдийнхээ нэр дээр өчнөөн олон компани байгуулж, үйл ажиллагаа явуулдаг нэгэн.

Гэхдээ тэрбээр толгой баячуудын нэг байж хүүхдүүдийнхээ нэр дээр байдаг компаниар дамжуулан Жижиг дунд үйлдвэрээс болон Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс зээл авч, жирийн иргэдийн боломжийг хумсалсан байгаа юм.

Тухайлбал, түүний хүү Барилга хот байгуулалтын дэд сайд байсан Ш.Лхамсүрэн нь ЖДҮХС-аас зээл авч байсныг баримтаар гаргасан.

“Нүүдэлчин групп” ХХК-ийн охин компани болох “Нүүдэлчин агро фирм” гэх компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан байна.

Тэгвэл түүний “Эрдэнэт фүүдс” ХХК нь Гурилын үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрөөс 6 тэрбум төгрөгийн зээл авсан баримт нь байна. Зээлээ эргэн төлсөн эсэх нь эргэлзээтэй.

Дэд сайд асан Ш.Лхамсүрэн нь “Нүүдэлчин групп” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2016 оноос Барилга, хот байгуулалтын дэд сайдаар ажиллаж байгаад ЖДҮ-гийн асуудал болон өөр асуудлаас болж өөрөө ажлаа өгч байсан юм.

Тэрбээр эцэг Б.Шүхэртийн компани дээр олон хувьцаа эзэмшдэг юм байна.

Тухайлбал, “Нүүдэлчин групп” ХХК-ийн 30 ширхэг, “Мондулаан трейд” ХХК-ийн 120 400 ширхэг, “Нүүдэлчин айрон ресорс” ХХК-ийн 409.488 ширхэг, “Эрдэнэт фүүдс” ХХК-ийн 163.7012 ширхэг хувьцааг эзэмшдэг.

Мөн 2010-2014 онд “Нүүдэлчин групп” ХХК-ийн ерөнхий захирал, ТУЗ-ийн дарга, 2014 онд Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-ийн ТУЗ-ийн дарга, 2015-2016 оноос хойш “Мондулаан трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа юм.

Үнэ тогтворжуулах дэд хөтөлбөрөөс авсан зээлэнд нь арилжааны гэх “Чингис хаан” банк ч холбоотой байгаа юм. Тус банкны гүйцэтгэх захирал С.Сүхбаатарын нэр зээлийн жагсаалтад байна.

“Чингис хаан” банк бол иргэдийн төлөө нэртэй ашгийн төлөө ажилладаг арилжааны жижиг банк.

Сүүлийн үед эрүүгийн хариуцлагад яллагдагчаар татагдан шалгагдаад байгаа банк юм.

Тодруулбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 30 тэрбум төгрөгийг банкиндаа бага хүүтэй байршуулан эргэлдүүлж ашиг олж, тус газрын даргад нь хахууль өгсөн гэх үндэслэлээр буруутгагдаж байгаа юм.

Үүнээс харахаар “Чингис хаан” банк хувьцаа эзэмшдэг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтарч төсөл хөтөлбөрүүдээс зээл авч, арилжааны банкиндаа эргэлдүүлдэг юм биш биздээ гэсэн хардлага төрж байгаа юм. Жирийн иргэдийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж, эдийн засгийн эргэлтэд оруулж, амьдрал ахуйг нь дээшлүүлэх зорилготой зээл хөтөлбөрийн мөнгө жижиг арилжааны банкаар угаагддаг байхыг үгүйсгэхгүй юм.

Учир нь тус банкийг үүсгэн байгуулагч, хувьцааг нь эзэмшигч “Ньюстандарт финанс” хариуцлагатай хязгаарлагдмал компани 100 хувь эзэмшдэг.

“Ньюстандарт финанс” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн өмчлөгч нь Монгол улсын иргэн Д.Батаа, Ш.Бүтэд, Ц.Баярсайхан нар юм.

Тэгвэл дээрх компанийн удирдлага нь Ш.Бүтэд бөгөөд гишүүдийн тоо нь зургаа бөгөөд Шүхэртийн хүүхдүүд эзэмшдэг ажаа. Тухайлбал, Балжиннямын Шүхэрт эцэг нь бол Ш.Жаргал, Ш.Бүтэд, Ш.Батнасан, Ш.Лхамсүрэн нар хүүхдүүд нь ажээ.

Эх сурвалж: www.Asu.mn

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.