Нийслэлийн төв талбайд байршуулсан чулуунууд сүүлийн үед цахим орчинд гол сэдэв болоод байгаа билээ. Энэ ням гарагаас эхэлж буюу энэ сарын 15-16-нд шилжих шөнө Төв талбайн баруун, зүүн хэсэгт дөрвөлжин хэлбэртэй, боржин чулуунуудыг байршуулсан.
Тавьсан даруйдаа олны анхааралд өртөн зарим нэг нь үүнийг фотошоп программ ашиглан булшны чулуу мэтээр ч харагдуулах болсон
Тэгвэл тус чулууны талаар өнөөдөр холбогдох удирдлагууд болох төрийн тусгай хамгаалалттай газрын дарга н.Алтаншагай, Нийслэлийн захирагч С.Амарсайхан нар уулзаж, хэвлэлд уг асуудлаар тодруулга өгчээ.
ТТХГ-аас тус боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд, 100 гаруй сая төгрөг зарцуулсан гэдгийг мэдээлэв. Нийт 34 ширхэг чулуу байршуулаад буй учир нэг бүрийн төсөв 3 сая гаруй төгрөг болжээ.
ТТХГ-ын дарга н.Алтаншагай, “Дэлхийн олон орнууд Төрийн ордныхоо ойролцоо дөрвөлжин чулуу байршуулдаг. Нөгөө талаар Төв талбай дээр олон нийтийн арга хэмжээ ихээр зохион байгуулагддаг. Иймээс аюулгүй байдлыг хангах үүднээс эдгээр боржин чулуунуудыг байршуулсан бөгөөд энэ ажил 2018 оноос яригдсаар өнөө жил хэрэгжсэн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Төв талбай руу нэвтэрсэн зэрэг хэрэг тохиолдож байсан. Үүнийг хийхдээ олон улсын стандартыг барьсан бөгөөд, цэвэр монгол чулуу ашиглаж бүтээсэн. Том нь 300 гаруй килограммын масстай” хэмээв.
Харин Нийслэлийн захирагч С.Амарсайхан: Эдгээр чулуунуудын загвар дизайнд дахин анхаарах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлж, “Нийслэлээс төсөв хөрөнгийг нь гаргасан ч загвар дизайныг нь сайжруул. Төрийн тусгай хамгаалалтын газар хариуцаж хийсэн учраас хариуцаад ахиад өөрчил. Гадны улсуудад ийм байдаг гээд дөрвөлжин чулуу тавьж болохгүй” гэж хэлсэн юм.