Аудитын шалгалтын ажлын хэсэг эрүүл мэндийн даатгалд иргэдийг бүрэн хамруулаагүйгээс сангийн орлого нэмж бүрдэх боломжийг алдсан гэж үзжээ. Эрүүл мэндийн даатгалын сангийн харилцах дансанд байршиж байгаа нийт харилцах, хадгаламжийн үлдэгдэл 250.2 тэрбум төгрөгийн 22.4 хувь буюу 56 тэрбум төгрөгийг Төрийн санд байршуулсан нь ойролцоогоор 3.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох боломжийг алдсан нь шалгалтаар тодорхой болжээ. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг журам зөрчин санхүүжүүлсэн, Эрүүл мэндийн даатгалын сангийн цахим мэдээллийн баазад даатгуулагчийн мэдээлэл зөрүүтэй бүртгэгдсэн зөрчил илэрчээ.
Монгол Улсын иргэнд тэтгэврийн нэрийн дансыг нээх үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгааг аудитын шалгалтаар тогтоосон байна. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө хийсвэрээр бүртгэгдээд явж байгаа ажээ.
Аудитын явцад цуглуулсан нотлох зүйлс, аудитын дүнд үндэслэн Үндэсний аудитын газраас эрүүл мэндийн даатгалын сангаас эмнэлгүүдэд олгож байгаа санхүүжилт нь эмнэлгүүдийн хүрэлцэхгүй байгаа зардлын зүйлийг санхүүжүүлэхэд ашиглагдаж байгаа тул эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах хэрэгсэл болж чадахгүй байна гэж дүгнэжээ. Мөн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц нь даатгуулагчийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн тусламж, үйлчилгээг бүрэн хамардаггүй, даатгуулагч олон төрлийн шинжилгээ, оношилгооны төлбөрийг өөрөөсөө төлж байгаа нь тэдний эрх ашигт нийцэхгүй байна гэж дүгнэсэн байна.
Түүнчлэн иргэний нэрийн дансанд мөнгөн хөрөнгийг бодитой хуримтлуулахгүй байгаагаас Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийг хэрэгжүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэж дүгнэлтдээ дурджээ.
Аудитын тайлантай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд иргэдийн нэрийн дансны үлдэгдэл, түүнийг мөнгөжүүлж баталгаажуулах, энэ асуудлаар Байнгын хорооны тогтоол гаргах, Ажлын хэсэг байгуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Эрүүл мэндийн даатгалын чөлөөт үлдэгдлийг Төрийн дансанд байршуулах нь буруу гээд иргэдийн нэрийн дансны үлдэгдлийг хийсвэрээр бүртгэх бус баталгаажуулж, мөнгөжүүлэх нь зүйтэй гэсэн саналтай байлаа. УИХ-ын гишүүн Н.Батбаяр, тодорхой түвшинд хариуцлага алдсан хүмүүстэй хариуцлага тооцох нь зүйтэй хэмээсэн. Гишүүд ийнхүү хэлэлцээд Байнгын хорооны тогтоол гаргах нь зүйтэй гэж үзсэн тул тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Ганбаатараар ахлуулан байгуулав.
Үүний дараа Байнгын хорооны даргыг чөлөөлөх болон нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Үүний дараа УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Төсвийн байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Болорыг нэр дэвшүүлж буйг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан юм. Ингээд санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд тус Байнгын хорооны даргаар Б.Болорыг сонгохыг санал нэгтэй дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Эх сурвалж http://www.info.mn