Comment.mn

Ч.Бат-Эрдэнэ: Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум долларын алдагдал хүлээсэн

Дубайн гэрээтэй холбоотой Ерөнхий сайдын дөрвөн захирамжийг хүчингүй болгох шийдвэртэй холбогдуулан өчигдөр их хурлын гишүүд болон бусад талууд байр сууриа илэрхийлж эхлэв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Дубайн гэрээг байгуулсан нь анхнаасаа буруу байсан.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар анх хамтарсан засаг барьж байх үедээ энэ гэрээг байгуулсан. Дубай руу явж гэрээ хийх гэж байгааг нь засгийн газрын сайд нар нь ч мэдээгүй байсан. Сүүлд Дубайн гэрээ хууль зөрчсөн тул цуцлах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж УИХ-д өгсөн. Одоо УИХ-аас Засгийн газар луу чиглэл гаргасан тогтоол боловсруулах явц явагдаж байна” гэсэн бол Б.Баттөмөр гишүүн “Дубайн төлөвлөгөөнд олон зөрчил гарсан.  Энэ төлөвлөгөө нь олон улсын гэрээ биш. Оюутолгой төслийн төлөвлөгөө ёсоор 2041 онд Монгол Улс одоо байгаа 34 хувь дээр 16 хувь нэмж худалдаж авах боломжтой болж байгаа. Энэ асуудлыг авч үзээд Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгээс “Дубайн гэрээг цуцал” гэсэн саналыг гаргасан” гэсэн юм.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбогдуулан “Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ-ын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Дубайн гэрээтэй холбоотой дөрвөн захирамжийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн гэж ойлгож болох уу?

-Бид өнгөрсөн жилийн аравдугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбоотой дөрвөн захирамж гаргасан байдаг. Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах 27 дугаар захирамжийг 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр гаргасан. Мөн гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн  гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн 99 дүгээр захирамжийг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр гаргасан. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд эдгээр шийдвэрүүдийг гаргахдаа хууль зөрчсөн гэж үзсэн. Улс орны хувь заяа баялгийн хуваарилалт, стратегийн орд газартай холбоотой маш чухал шийдвэрийг Ерөнхий сайд дангаараа гаргах биш Засгийн газар, УИХ-ын тогтоол гаргах ёстой гэж үзэж шүүхэд хандсан.

Дубайн гэрээтэй холбоотой шийдвэрийг Ерөнхий сайд дангаараа гаргасан ч гэсэн улс орны эрх ашигт нийцэж байсан бол нэг хэрэг. Монгол Улсад, монголчуудад ашигтай байсан бол маргахгүй. Гэвч Ерөнхий сайдын шийдвэрээр байгуулагдсан Дубайн гэрээ Монголд ашиггүй, хохироосон олон баримт байдаг. Захиргааны хэргийн шүүхээс бидний нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснээр Дубайн гэрээтэй холбоотойгоор Ажлын хэсэг байгуулсан, гэрээнд гарын үсэг зурах хүмүүсийг томилсон нь бүгд хууль бус боллоо. Ерөнхий сайдын дөрвөн захирамж илт хууль бус байжээ гэдгийг шүүх тогтоосон.

-Шүүхийн шийдвэр Дубайн гэрээнд нөлөөлөхгүй гэсэн хуульчид ч байна лээ? 

-Шүүхийн шийдвэр Дубайн буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд нөлөөлөх нь ойлгомжтой. Ерөнхий сайдын захирамжаар гэрээнд гарын үсэг зурсан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн  гүйцэтгэх захирал Д.Ганболд нарыг хууль бусаар томилсон болж таарч байна. Тэгэхээр гэрээний хүчин төгөлдөр эсэх эргэлзээтэй болно. Цаашлаад далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт, зээл авсан гээд гэрээтэй холбоотой олон асуудал хөндөгдөнө. Анхнаасаа бидний зорилго бол Дубайн гэрээ хийгдсэнээр монголчууд хохирсныг нотлох байсан. Олон улсын арбитрын шүүхэд хандахад хэдийгээр бид ялах ч процедур ихтэй бүрхэг.

Тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүн анхнаасаа хуумгай, эсвэл зорилготойгоор ганцаараа шийдсэн үйлдэл байсныг шүүхээр нотлуулснаар гэрээтэй холбоотой хэлэлцээрүүд, санхүүжилтийг засах үндэслэлтэй боллоо гэж харж байна.

-Гэрээний заалтуудыг хөндөхийн тулд арбитрын шүүхэд хандана гэсэн үг үү. Мөн та бүхний дараагийн алхам юу байх вэ? 

-Монголчуудын эрх ашигт нөлөөлж байгаа ч гэрээний алдаа дутагдлыг засч сайжруулах, Монголд ашигтай болгох нь УИХ, Засгийн газар гээд төр засгийн эрх мэдэлтэй хүмүүсийн хариуцах асуудал болж үлдэж байна. Бидний тооцооллоор бол Монгол Улс Дубайн гэрээнээс дор хаяж 20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн. Хэрэв энэ янзаараа үргэлжлээд явах юм бол 2050 оноос л ноогдол ашиг авах бүрхэг асуудал үүсч байна. Тэр үед улс орон болоод дэлхий дахины нөхцөл байдал яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй. Тиймээс энэ хууль бус  алдагдалтай гэрээг үргэлжлүүлэх үү, өөрчлөх үү гэдэг суурийг тавьж өглөө.

Бид Засгийн газар, Их хурлыг ажлаа хийхийг шаардана. Дубайн гэрээг Монголд ашигтайгаар өөрчлөх ёстой. Гэрээг хэрхэн хийх талаар бодит шийдэл гарц бидэнд бий. Саналуудаа эрх мэдэл бүхий хүмүүст нь хүргүүлж шаардлага тавьж дараа дараагийн алхмаа төлөвлөнө. Арван жил ажлаа хийгээгүй хүмүүс улс орон, ард түмнийхээ эрх ашгийн төлөө одоо хөдлөх ёстой.

-Монгол Улс 20 тэрбум ам.доллараар хохирсон гэсэн тооцооллыг хэрхэн гаргасан бэ?

-Оюутолгойн 400 тэрбум ам.долларын асар их баялаг бий. Тэр баялаг монголчуудад хүртээлгүйгээр гадагшаа гарч байна. 2013 оны долдугаар сараас хойш өнөөдрийг хүртэл өдөр шөнөгүй Монголд ямар ч үр ашиггүйгээр урсч байна. 2013 онд Засгийн газраас Ажлын хэсэг гарч Оюутолгойг шалгаж гурван тэрбум ам.долларын зөрүү байгаа гэж дүгнэсэн байдаг. Гэтэл тэр алга болсон гурван тэрбум долларыг Дубайн гэрээнд очоод зурчихсан. Энэ мэтчилэн тооцвол хамгийн бага дүнгээр 20 тэрбум ам.доллар болж байна гэж үзэж байна. Монголын 400 тэрбум ам.долларын баялаг 2050 он хүртэл ямар ч хүртээл, үр ашиггүйгээр урсч гарч магадгүй. Ингэж хохирохгүйн тулд гэрээг зайлшгүй өөрчлөх ёстой гэж үзэж асуудлыг гаргаж тавьж үр дүнд хүрлээ.

Монголчууд арван жил Оюутолгойн гэрээ сайн, муу гэж хэрэлдсэн ч энэ удаагийнх шиг бодит алхам хийж, үр дүнд хүрсэн удаа байхгүй. Ярихаас хэтрэхгүй бол 10, 20 жилийн дараа ч энэ янзаараа л байна.

-Дубайн гэрээтэй холбоотой маргаанд Ерөнхий сайдын талаас ямар байдлаар оролцов. Та бүхний зүгээс хэр их баримт мэдээлэл гаргаж өгсөн бэ? 

-Дубайн гэрээнээс болж “Дархан Монгол ногоон нэгдэл” хохирсон зүйл алга. Хоёрдугаарт, гэрээний асуудлыг сөхөх эрхзүйн чадамжгүй гэх мэтээр олон удаа шүүхээс буцаасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээж авахгүй гэдэг. Хүлээж авахаараа хэрэг үүсгэхгүй, 20 тэрбум ам.доллараар хохирсноо нотолж чадахгүй байна гэх мэтээр олон удаа давж заалдаж багагүй саад бэрхшээлийг даван туулсан. Бид нотлох баримт, хуульзүйн үндэслэлээ хангалттай гаргаж өгсөн. Шүүх хурал жил гаруйн хугацаанд арав гаруй удаа хуралдаж хойшилсон. Бараг сар бүр л хуралдсан.

Анх “Эрдэнэс Монгол” компанийн  хуульчид Ерөнхий сайдыг төлөөлж байсан бол сүүлдээ Төрийн өмчийн хорооны төлөөлөл шүүх хуралдаанд оролцоод явсан. Улс орны газар нутгийг барьцаанд тавьсан зэргээр баримт нотолгоо болгож хоёр хавтаст хэрэг материал бүрдсэн байдаг. Шүүх Монгол Улсад хохиролтой гэдгийг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргасан байх.

-Хариуцагч талаас давж заалдана гэсэн үү?

-Давж заалдах эрх нь нээлттэй. Одоогоор тийм мэдээлэл ирээгүй байна. Бид шүүхийн тогтоолоо ч гар дээрээ авч амжаагүй байна.

C.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.