Comment.mn

1072 хувьцааны ноогдол ашиг ч тараасангүй, IPO ч хийсэнгүй бүтэн жил өнгөрлөө

Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хөрөнгийг олон улсын зах зээлээс татах бодлогыг төр, засгаас баримталж байгаа. Тиймдээ ч “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 хувьцаа эзэмшигчдэд хувьцааны данс нээж, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг цэгцлэн IPO гаргах бэлтгэл ажлаа хангахаар ажиллаж, орон нутгийн иргэдэд үүний үр ашгийн талаар танилцуулж яваа билээ.

Газрын хэвлий дэх үүцээ задалж буй манай орны хувьд байгалийн баялгаа гадаадынхантай хамтарч ашиглахдаа харийнханд шулуулчихгүй, эх орондоо үр өгөөжийг нь шингээж, ард түмний ахуй амьдралд нэмэр болохуйц байдлаар ахиухан хувь хүртээхийн төлөө төрийнхөн нь ч, улстөрчид ч, иргэний нийгмийн байгууллагынхан ч тал бүртээ толгойгоо гашилгаж, ухаан бодлоо уралдуулж буй. Алдаа, оноо бол аль аль талд нь бий.

Гэхдээ ард түмэнд хувь хүртээхийн тулд төр засгаас шат дараалсан арга хэмжээ авч буй ч өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа нь харамсалтай. Тухайлбал, УИХ 2018 оны зургадугаар сарын 29-нд “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоол баталсан. Үүндээ хамгийн эхэнд нь “УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолын 1 дэх заалтын 2 дахь дэд заалтын “б”, “в”-д заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалан, шаардлагатай хөрөнгө оруулалтыг татсаны үндсэн дээр Тавантолгойн ордын үнэ цэнийг өсгөх хүрээнд холбогдох дэд бүтцийн болон шаардлагатай бусад төсөл, хөтөлбөрийн тодорхой хэсгийг санхүүжүүлэх” хэмээн заасан. Мөн “Энэ тогтоолын 1 дэх заалтын 1 дэх дэд заалтад тусгагдсан биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулж, 2018 онд багтаан УИХ-д танилцуулах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх”-ийг тусгасан билээ. Улмаар 2019 оны улсын төсөвт зөвлөх үйлчилгээний зардал хэмээн их хэмжээний хөрөнгө хуваарилуулснаас хойш нэг жил шувтарч байхад дээрх тогтоолыг Засгийн газар биелүүлэлгүй өдий хүрэв.

Уг нь “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 720 тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1072 хувьцаа эзэмшигч 2.5 сая иргэн тус бүрийн нэгж хувьцаанд 25, нийтдээ 26 800 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар тооцсон байдаг. Тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ч “Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана” хэмээн 2018 оны есдүгээр сарын 12-нд хэлж байснаас хойш жилийн гаруйн хугацаа улирсан ч бас л таг чиг.

Олон улсын зах зээлд буюу Нью-Йорк, Хонконг, Шанхайн хөрөнгийн биржийн аль нэгэнд хувьцаагаа гаргаж, гурав хүртэлх тэрбум ам.долларын хөрөнгө босгох гэж байгаа дээрх компанийн маань төлөвлөсөн уг ажил өнөөдөр ямар шатанд байгааг хэлэх хүн алга.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил.

Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр юм” гэж онцолж байв. Гэтэл ногдол ашиг өгөх бол, олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэй арилжих төлөвлөгөө, амлалт ажил хэрэг болсонгүй. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Тавантолгойн IPO-г хийх болно” гэж мэдэгдсэнээс хойш багагүй хугацаан өнгөрөөд байна. Олон улсын хөрөнгийн биржид хувьцаагаа нээлттэйгээр арилжихтай холбоотойгоор аудит, хууль болон санхүүгийн зөвлөх үйлчилгээ авах, ордын нөөцийг шинэчлэн тогтоох зэрэг ажил хийж буй гэдэг. Гэтэл ажил хэрэг болсонгүй.

Шалтгаан нь ард түмний болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн ажилчдыг нэрийг барьсан тэмцэгчдээс шалтгаалж буй гэх мэдээлэл байна. “Эрдэнэс-Таван толгой” компанийн удирдлага Засгийн газрын шийдвэрийг, УУХҮ-ийн сайдын тушаал зааврыг хэрэгжүүлэхээс “түдгэлзэж” байгаа бололтой гэсэн хардлага ч байгаа юм. Ингэж хэлэхийн учир нь юуны өмнө IPO гаргасан тохиолдолд тухайн компанийн бүх мэдээлэл гадаад зах зээлд ил болох ёстой учраас “Эрдэнэс-Таван толгой” болон гүйцэтгэгч компаниудаас ил, далд байдлаар нүүрсний хувь авдаг, шантааж хийдэг, айлгаж дарамталдаг, авлига нэхдэг хүмүүсийн орлого хаагдах гээд байгаатай холбож ярих хүн ч бий. Зарим мэдээллийн хэрэгслээр ч энэ талаар бичсэн байв.

Түүгээр зогсохгүй “Эрдэнэс-Таван толгой” IPO гаргах нь ашиггүй гэдэг санаатай “бор шувуу”-г тус компанийн дэргэдэх “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ хэлж сууж байгаа нь хачирхалтай. Тэрбээр дээрх компанийн уурхайд операторчин гэх албан тушаал хашдаг хэмээдэг ч сул цалин авч, үүнийхээ хариуд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн бодлогыг шүүмжилсэн, гүйцэтгэх захирлыг нь буруутгасан хэний ч өмнөөс улайран тэмцдэг болсон. Төрөөс цалинждаг атлаа төрийн бодлогыг буруу хэмээн бусдад уриалан, салбарын яамны ажлыг гацаах болсон хэмээн цөөнгүй уурхайчин нь ярьж байгаа юм.

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.