Comment.mn

Саппорогийн тойргийн дэргэд 24 цагийн ажиллагаатай цагдаагийн кабон байгууллаа

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-өөс гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараатай арга хэмжээ авч буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн XII хороо, Саппорогийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, өнөөдрөөс үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Саппоро орчимд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, зөрчил олноор үйлдэгддэг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тухайн хэсэгт цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргасныг НГХУСАЗЗ-өөс дэмжиж ажил болгосон юм. НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба кабоны нээлтийн үеэр “Цагдаагийн байгууллагаас Саппоро орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистик мэдээллийг гаргасан байдаг. Гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд уг кабоныг ажиллуулж байна. Тухайн ажлын санжхүүжилт 2019 онд төсөвт суугаагүй ч НГХУСАЗЗ-аас хөрөнгө шийдвэрлэж, кабоныг байршуулж буй. Нийслэлийн удирдлагын үндсэн үүрэг бол иргэдийг ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхэд онцгойлон анхаарах явдал юм. Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран арга хэмжээ авч байгаа юм” гэв.

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Хархорин” захын орчимд мөн ийм кабон байршуулсан бөгөөд үр дүнд нь тухайн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. “Цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулсанаар хэрэг, зөрчил гарах нь цөөрдөг гэдгийг “Хархорин” захын дэргэд байршуулсан кабоны жишээнээс харж болно. Тухайн орчинд мөн л гар дээрээс худалдаа эрхлэх, архидан согтуурах, хулгай, танхайн хэрэг олон гардаг байсан тул цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргаж, дүүргийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр шийдүүлж байсан. Энэ удаа НГХУСАЗЗ-ийн хөрөнгөөр Саппорогийн автобусны буудлын дэргэд кабон байршуулуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгч байна. Энэ хавьд гэмт хэрэг олон гардаг. Үүнийг шийдэхийн тулд эхний ээлжинд цагдаагийн байнгын посттой болгож байгаа юм. Тус кабон 24 цагийн турш үйл ажиллагаа явуулах тул Саппоро орчимд гэмт хэрэг, зөрчил гарах тохиолдол багасна” гэж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун онцолсон.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.