Comment.mn

Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хассан базуудын базаа

Төрийн ажил үйлчилгээг тендер нэрийн дор хуваарилдаг болсон нь нэг талдаа авлига, хээл хахуулийг цэцэглүүлж, нөгөө талдаа тендерийн монополь компаниудыг төрүүлдэг болсон олон баримт бий. Олон тэрбум төгрөгийн  тендерийн цаана иргэдийн татварын мөнгө үр дүнгүй үрэгдэж, хэн нэгэн, хэсэг бүлэг нь хожиж, үр дүнд нь нийтээрээ хохирч байдаг.  

Засгийн газраас  зарласан тендерийн нэгэн жишээг дурдъя. Сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийж, алслагдсан айл өрхүүдэд өргөн нэвтрүүлэг хийх тендерийг жил бүр зарладаг. Дэлхийн тойрог замд байрласан харилцаа холбооны зориулалттай хиймэл дагуултай холбогдон агаараас телевизийн нэвтрүүлгүүдийг хүргэх үүрэг хүлээсэн энэ тендерийн ялагч нь сүүлийн олон жилийн турш ДДэШ ТВ компани болж ирсэн байдаг.

2008 оноос хойш ДДэш ТВ компани энэ тендерийн мөнгө жил дараалан авч, 2009 оноос 18 суваг, 2011 оноос 50 суваг, 2013 оноос эхлэн 64 суваг дамжуулж байгаа гэхээр тус компани энэ тендерийг 10 жил атгасан байгаа нь харагдана. Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газар 2019 онд сансрын хиймэл дагуулаар дахин дамжуулалт хийх ээлжит тендерээ зарлаж, энэ тендерт Монголсат гэх компани ялжээ. Энэ компанийн үнийн санал нь ДДэш ТВ компанийн нэг жилийн улсын төсвөөс авдаг мөнгөнөөс 5 дахин хямд буюу 400 орчим сая төгрөг байсан нь тендерт ялах шалтгаан болсон гэж тендерийн хорооныхон ярьж байна.

ДДэш ТВ компани жил бүр хиймэл дагуулаас өргөн нэвтрүүлэг түгээх үйлчилгээний хөлсөнд улсаас 1.2 сая ам.доллар авч иржээ. Энэ нь өнөөдрийн зах зээлийн ханшаар 3 тэрбум 240 мянган төгрөг гэсэн үг. Уг компани харин энэ үйлчилгээг 5 дахин хямд хүрэх болзолтойгоор тендерийг 10 жил атгасан ДДэш ТВ компанийг буулгаж авсан нь энэ.

Гэвч энэ оны тендерийн ялагч тодорсон үеэс хойш буюу сүүлийн хэдэн сар Улаанбаатарын харьяанд байдаг ч хотоос зайдуу амьдардаг айлууд,  мөн Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь, Говь-Алтай, Хөвсгөл аймгийн 200 гаруй мянган айл өрх мэдээ мэдээллээр тасарчээ. Цаашлаад иргэдийг 2020 онд ч мэдээ мэдээллийн хувьд таг харанхуй суух аюултай тулгарчээ. 2019 оныг дуустал гэрээгээр хүлээсэн ажлаа хийх учиртай ДДэш ТВ компани тендерт ялагдсан уурандаа айл өрхүүдийн, иргэд олон нийтийн мэдээлэл авах эрхэнд ноцтой халдаж, дамжуулалтаа таслаад байгаа юм. Гэрээний үүргээ биелүүлэхгүй гэдийсэн нь ердөө л өөр компани тендерт ялсанд уурссаных. Ийм дураараа байж болох уу.  Мөнгийг нь авчихсан атлаа өөр компани ялсны төлөө 200 гаруй мянган өрхийг хохироогоод сууж байгаа энэ хохирлыг энэ компани төлөх үү. Эсвэл эдний ард байгаа эрхтэн дархтан төлөх үү. Яагаад ингэж зоргоороо аяглаж байгааг хайж үзлээ. Нөгөө талд нь Монгол Улсын Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тус компанийн тендерт ирэх ёстой мөнгийг 2020 оны улсын төсвөөс хасчихаад, юу ч болоогүй мэт гэмгүй царайлаад сууж байна.  Сангийн сайд чухам яагаад ирэх оны төсвөөс энэ мөнгийг хасав. 

Жилдээ улсын төсвөөс 1.2 сая доллар сааж, монополь эрх тогтоосон, эрх дураараа ДДэш ТВ компанийн 49 хувийг MCS групп эзэмшдэг. Харин 51 хувийг улсын гарьд Ц.Цэрэнпунцаг эзэмшдэг юм. MCS групп нь төрийн мөнгөнөөс ихээхэн хамааралтай, УИХ-д эдний компанийн эрх ашгийн өмнөөс кнопчин болоод сууж байдаг олон гишүүн байдгийг бид мэддэг болсон. Монголын хамгийн том тендерүүдийг авч сурсан гэдгийг Монголчууд мэднэ. Энэ групп харилцаа холбооны салбарт хослон үйл ажиллагаа явуулдаг ДДэш ТВ, Юнивишн компаниудаас жилдээ 500 гаруй тэрбумын орлого олдог байна. 

Харин МСS группийн охин компани Юнител  ХХК-ийн ТУЗ-ийн дарга, MCS-ийн томоохон хувьцаа эзэмшигч, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Р.Ганболд нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хүргэн ах. Өөрөөр хэлбэл базууд юм байна. Иймээс л эрхэм сайд  гэр бүл, ураг төрлийн хэлхээ, амин хувийн жижиг сонирхлоо 200 гаруй мянган айл өрхөд гаргаж, тендерт ялагдсан ДДэШ ТВ компанийхаа өшөөг ялсан компаниас ийнхүү авчээ.  

Орон даяар газрын тоон дахин дамжуулалтыг хийх үүрэг хүлээсэн Радио, телевизийн үндэсний сүлжээ улсын үйлдвэрийн газарт орон даяар телевизийн 20, үндэсний радиогийн сувгуудыг дамжуулахад шаардлагатай техникийн шинэчлэл хийх төсөв мөнгийг мөн хасчээ.  Төсөв хасагдснаар 2020 оноос эхлэн орон даяар 200 гаруй мянган өрх телевизийн 20, үндэсний радиогийн сувгуудыг бүрэн үзэх, сонсох боломжгүй болжээ.

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын Дахин дамжуулалтын мөнгийг төсвөөс хассан базуудын базааны уршиг хэнийг хохироох нь тодорхойгоос тодорхой юм. 

эх сурвалж: сонин.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.