Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг 2019 оны зургаадугаар сарын 12-ноос хойш хэлэлцэж эхэлсэн билээ.
Хуваарь ёсоор энэ долоо хоногт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг явуулж дуусгахаар төлөвлөөд буй. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нар зөвшилцөлд хүрч, Үндсэн хуульд хийх зарим өөрчлөлтүүдийг тодорхой болгоод байна.
Тодруулбал Монгол Улсын Ерөнхий сайд танхимаа буюу сайд нараа өөрөө бүрдүүлж, томилдог болох, УИХ-ын сонгуулийг мажоритар ба процорпионал хосолсон холимог тогтолцоотой холбоотой болгох, Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш УИХ-аас томилдог болох гэсэн гурван саналыг талууд аль аль нь дэмжсэн байна. Гэхдээ УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг 2024 оноос, Монгол Улсын Ерөнхийлөгчийг бүх ард түмнээс биш УИХ-аас сонгодог болох саналыг 2025 оноос тус тус хэрэгжүүлье гэдэг хувилбараар шийдэх нь зөв гэж үзэж буй аж.
Өөрөөр хэлбэл МАН-ынхан УИХ-ын 2020 оны сонгуульд одоогийн сонгуулийн тогтолцоогоор өрсөлдөж, Х.Баттулгад дахин Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж нь нээлттэй байх юм байна.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн дийлэнхи нь УИХ-ын сонгуулийг явуулахдаа холимог мөртлөө хүн дугуйлдаг байх зарчмыг баримталъя гэдэг саналтай байгаа аж.
Хэрэв Монгол Улсын Үндсэн хуулинд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд дээрх гурван заалт тусгагдаж чадвал Халтмаагийн Х.Баттулга ард түмнээс сонгогдсон сүүлчийн Ерөнхийлөгч болох юм.
Э.Мягмар
сонин.мн