Comment.mn

М.Энхсайхан: Монгол Улсыг хар жагсаалт руу чирэх нөхцөл болох вий

Монгол Улсын Ерөнхий Сайд асан, эдийн засгийн ухааны доктор М.Энхсайхантай ярилцлаа.

Өнөөгийн Монгол Улсын  улстөр, эдийн засгийн байдлыг та хэрхэн үнэлж байна вэ?

Ер нь бол хэцүү  байгаа. Нэгдүгээрт, уул уурхайн бүтээгдэхүүний супер цикл унасан үе тохиож байна. Дэлхий өөрөө хямралтай, худалдааны дайнтай, том гүрнүүд хоорондоо геополитикийн зодоонтой, олон газар популистууд төрийн эрхэнд гарчихсан, тэр дундаа би Монголд популистууд төрийн толгойд гарсан гэдгийг шулуухан хэлж байгаа. Энэ цаг үед хамгийн гол нь алсын бодлоготой явах ёстой. Популизм хэзээ ч алсын бодлого хүнд өгдөггүй, тийм бололцоо өгдөггүй. Мөн популизм бол хүмүүсийн өөдрөг үзлийг үхүүлдэг. Ийм нөхцөлд хэцүү байгаа.

Тэгэхээр  таны асуусан асуултад хариулахад саарал жагсаалтаас өмнөх болон хойших үе гээд ангилах цаг ирэх байх гэж бодож байна.

-Саарал жагсаалт гэдэг маань тийм их уршигтай эд үү?

Уршигтай байлгүй яах вэ. Манайхан саарал жагсаалтын тухай хэрхэн ярьж байгааг би харж байгаа. Терроризм, мөнгө угаах гэдгийг нь илүү их яриад байгаа. Гэтэл үнэн хэрэг дээрээ үүний ард улс орнуудын санхүүгийн тогтолцоо эрүүл байх, дэлхийн санхүүгийн тогтолцоо эрүүл байх гэдэг том үүргийг энэ байгууллага өөр дээрээ авдаг. Тийм учраас саарал жагсаалтад Монгол орны нэр орно гэдэг нь бидэнд бүгдэд маань тавьж байгаа дүн. Яах вэ, нэг их сүртэй биш гэдэг суртал нэвтрүүлэг гараад байх шиг байна.

-Харин тийм, юу ч биш ээ гээд л байна шүү дээ?

-Тэр маш дутуу үнэлж  байгаа хэрэг. Хэрвээ юу ч биш л юм бол саарал жагсаалтын хэрэг байхгүй шүү дээ. ФАТФ гэж байгууллага дэлхийн 130-аад орныг хянаж, харж байдаг. Тэрэндээ үнэлгээ өгч байдаг. Дэлхийн 130 гаруй орноос бид сүүлийн 10 хэд дэх орон болоод, саарал жагсаалтад орно гэдэг маань бидэнд асар муу үнэлгээ өгч байгаа юм. Муу үнэлгээг хараад, мэдээж шууд тийм, ийм арга хэмжээ авъя гээд, хориг арга хэмжээ ярихгүй байх. Гэхдээ халдварт өвчтэй хүнтэй хүн яаж харьцах вэ гэдэгтэй л адилхан. Саарал жагсаалтад орсон улс оронтой их олон улс орон болгоомжтой харьцана. Олон юман дээр саарал жагсаалтаас гарсны чинь дараа асуудлаа ярилцья гэж хэлэх байх. Энэ бол зөвхөн улс орны хоорондын асуудлаас гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, шашны байгууллага гээд бүхий л салбарт сүүдрээ буулгах аюултай. Тийм  учраас нэг, хоёр хүн дээр хариуцлага тооцож, шоудахаасаа илүү бид өөрсдийнхөө бодлогыг цэгцтэйгээр дахин эргэж харах нөхцөлийн өмнө ирсэн байгаа. Харамсалтай нь тийм зүйл хийгдэхгүй байна. Аажимдаа ухаарах байх гэж бодож байна.

-Манай улс өмнө нь саарал жагсаалтад 2011-2013 онд орсон гээд ярьж байсан. Тэр үнэн юм уу?

-Саарал жагсаалтад орж байсан. Манайхан тэрнийг яаж үнэлж байна вэ гэхээр “Саарал жагсаалт”-д нэг удаа орсон, гараад явж болдог. Хоёр дахь удаагаа орлоо, дахиад л гараад явчихна гэх маягтай, өөрийгөө тайвшруулах юм яриад байгаа. Тэр үед саарал жагсаалт яагаад анхаарлын гадна байсан бэ гэхээр супер цикл тохиож байсан, уул уурхайн бүтээгдэхүүний асар их өсөлттэй байгаа үед өөр дээрээ ирэх хохирлыг анзаараагүй байх. Тэр үед мөн одоо яригдаж байгаа олон хэргүүд дөнгөж л эхэлж байсан байх. Тэр утгаараа том анхааралд ороогүй, төд удалгүй жагсаалтаас гарсан байх. Гэхдээ би арай өөр өнцгөөр хармаар байгаа юм. Нэг удаа жагсаалтад орсон, хоёр дахь удаа жагсаалтад орсон. Гурав дахь удаагаа ороод, гарна гэх байддаар хандаж болохгүй. Энэ жагсаалтад орсноор бид олон улсад муу үнэлгээгээр л харагдана. Орж л байдаг, гарч л байдаг гэж хандаж болохгүй.

-Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлээд, тэрний эх үүсвэрт ОУВС-гаас шалгалт оруулахыг шаардсан. Ингээд банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа асуудал байх шиг байна. Энэ асуудал саарал жагсаалттай холбоотой юу?

Саарал жагсаалт гэдэг бол Монголбанканд өгч байгаа үнэлгээ биш. Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яаманд өгч байгаа ч үнэлгээ биш. Энэ бол Монголд өгч байгаа үнэлгээ юм. Монгол Улс эрүүл биш байна гэдэг л үнэлгээ. Тэр үнэлгээг сонсонгуутаа Сангийн яам нь нэг мэдэгдэл гаргаад, Монголбанк бас нэг мэдэгдэл гаргаад, Хууль зүйн яам нь бас нэг өөр хүнийг буруутгаад явж байгаа нь их эмгэнэлтэй.

Бүхэлдээ ямар асуудал вэ гэхээр ганц хоёр асуудал биш. Ер нь бол системээрээ эрүүл биш байна гэж дүгнэж байгаа. Системээрээ эрүүл биш байна гэж үзэж байгаа бол бодлогын маш олон арга хэмжээ авах ёстой гэдгийг л хэлж байгаа дохио юм. Тэгэхээр системийг цэгцэлнэ гэвэл нэлээд их цаг орох байх. Магадгүй 2020 онд саарал жагсаалтаас гарна гэж хэлж байна. Миний хувьд арай ч үгүй байх л гэж бодож байна. Бодлогын арга хэмжээг авч, бодлогыг цэгцэлнэ гэдэг маш их цаг хугацаа шаардах ажил.

-Бодлого гэдэг маань хуулиудаа өөрчлөхөөс эхлэх үү?

Тийм, хуулиудаа өөрчлөхөөс эхэлнэ. Би саарал жагсаалтыг манай улсын гадаад ялагдал гэж харж байгаа. Яагаад гэвэл жилийн өмнө хуралдаад, манай хамгийн ойрын, стратегийн түнш гэж байсан Америк, Хятад, Орос гурван улс саарал жагсаалтад оруулах хэрэгтэй гээд дүгнэлт бичиж байхад Гадаад харилцааны яам юу хийж байсан юм бэ гэдэг асуудал. Стратегийн түншлэгч юм бол тэр харилцаагаа ашиглахгүй яасан юм бэ гэж харж байгаа. Ер нь бол “саарал жагсаалт” гэдэг зүйл манай гуравдагч хөрштэй харьцах харилцаанд асар их сөрөг нөлөөтэй гэж харж байгаа. Сүр бадруулж, өөрөө өөрсдийгөө айлгахдаа гол нь биш. Өөрсдөдөө зөв дүгнэлт хийж, бодлогын аажим алхмуудаар асуудлыг засах нь чухал гэж хэлмээр байна. Нэг, хоёр хүн дээр тооцоо бодоод асуудал явахгүй л дээ. Ялангуяа сүүлийн үед хоёр хүн дээр тооцоо бодно гээд байна шүү дээ. Жишээлбэл, Монголбанкны Ерөнхийлөгч дээр тооцоо бодно гэдэг бол маш гүнзгий үндэслэлтэй байх ёстой. Би санаа зовж байгаа. Яагаад гэвэл Монголбанк Засгийн газар, улстөрчдөөс хамааралгүйгээр бие даасан үйл ажиллагаа явуулах ёстой. Тэгж бодож, бид анх Төв банкны тухай хууль, банкны тухай хуулиа хийж байсан.

Мөнгөний бодлого төсвийн бодлоготой холилдож болохгүй. Цаасан мөнгийг хамаагүй хэвлээд байж болохгүй. Тийм дарамт, шахалт Монголбанкинд урд өмнө ирдэг л байсан. Одоо популизм дэлгэрсэн үед тийм шахалт бур ч их ирж байгаа. Одоо тэгээд саарал жагсаалт гэдгээр далимдуулаад, Монголбанкны Ерөнхийлөгчийг өөрчиллөө гэхэд дараагийн хүн нь ирээд, ямар бодлого явуулах вэ, бие даасан бодлогоо хэрэгжүүлж чадах уу гэдэг дээр эргэлзээ төрүүлнэ.

Тэр эргэлзээ санхүүгийн тогтолцоог эрүүл бус байдалд улам оруулах аюул байгаад байна. Би сайн, муу гэж хүний тухай ярьж байгаа юм биш. Дараа нь юу хийх гэж байна вэ гэдгээ харахгүй бол, биднийг саарлаас бүр хар жагсаалт руу чирэх нөхцөл болчих вий дээ гэж болгоомжилж байна. Тэрнээс гадна СЗХ-ны дарга С.Даваасүрэн гэж хүнтэй тооцоо хийнэ гэж байна. Бодвол тооцоо бодож болох л хүн нь юм байлгүй дээ. Гэхдээ би санаа зовоод, бас энэ хүний чадал, чансаа нь юу билээ гээд үзсэн. Ер нь баруунд боловсрол эзэмшчихсэн, туршлагатай л хүн юм билээ. Нэг юм бодсон. Энэ хүн тухайн үед саарал жагсаалтад орох аюул байна гэдгийг элдвээр хэлж л байсан байх. Гэтэл манайд чихгүй толгойнууд маш их байгаа шүү дээ. Чихгүй толгойнуудын асуудлыг бид засч, сайжруулах ёстой болохоос биш, тооцоо бодож байгаа нь энэ гээд, дараа нь бүр мэдэхгүй хүн орж ирээд байвал хэцүү шүү дээ. Зовлон үзсэн чавганц нь дээр гэж үг бий. Асуудлаа туулаад явчихсан хүмүүс нь харьцангуй дээр байж магадгүй. Хэн нэгнийг өмөөрч байгаа юм биш. Дараачийн гарах үр дагавраас нь болгоомжилж байна.

сонин.мн

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.