Монголын төр хямралаас гарахын тулд 12 мянган албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлж арга замаа олов. Ингэхэд төрийн хямрал, ард түмний хямрал гэж хоёр тусдаа ойлголт байдаг байх нь. Үүнийг бид мэдэлгүй “Төр хямрахад ард түмэн хямардаг эсвэл ард түмэн хямрахад төр хямардаг” хэмээн хэт хамааралтай бодож ирсэн нь алдаатай бодлого байсныг илтгэж байна. Ард түмнээ хямрааж, сульдааж байж эдийн засгийн хүндрэл болон тасарсан төсвөө бүтэн болгож төр хямралаа давж чадаж байвал“Төрийн сүлд өршөө” хэмээн төрөө дээдэлдэг монгол хүн бүхэн залбирч болно. Ажлаасаа халагдаж буй 12 мянган албан хаагч ч бас ингэж залбирч, үг дуугүй ажлаа өгөөд явж болох ч энэ нь Монголын төр “Ард түмэнгүй төр байгуулна” гэсэн хувилбарт шилжих анхны алхам ч байж бас мэдэх юм. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт нь гэхэд“Made in China” хүн шүү дээ. Цаашлаад бүр лавшруулбал гадаадад оффшор данстай, гэр бүл нь бараг гадаадад амьдардаг, үр хүүхэд нь монголоор ч ярьж чаддаггүй сайд дарга олон бий. Тиймээс тэдэнд “Ард түмэнтэй төр байгаад хямарсан нь дээр үү, ард түмэнгүй төр байгуулаад хямралаас гарах нь зөв үү” гэдэг асуулт тулгарсан байх. Үүнд тэд“Төрөө хямралаас аврахын тулд ард түмнийг хямрааж, энэ улсаас дүрвүүлэх нь зөв зүйтэй” гэсэн хариултыг хэлж, зөвлөөд өгөх хүн олдсон юм байгаа биз. Ажилгүй болсон12 мянган иргэний цаана 2-3 дахин олон хүн хямарна гэсэн. Нэгэнт ажилгүй, дээрээс нь улс орон хямарсан энэ үед ямар нэгэн аргаар ажил олж хийх, амьд явах эрхээ хамгаалахын тулд гадаад улс орон руу явах л гарц иргэдэд үлдэнэ. Бүгд дүрвэнэ. Харин дандаа ажилтай, мөнхийн орлоготой дарга нар үлдэж, “Ард түмэнгүй төр л хямралаас хурдан гардаг” гэх онолыг бүтээж, баталж, ардчилсан үлгэр дууриалыг дэлхий нийтэд таниулж, түүнийгээ сурталчлах болно. 12 мянган иргэний цаана хамгийн багадаа 40 гаруй мянган иргэн Монголын төрд хэрэггүй, мөн эдгээрийн цаана гээд үржүүлээд бодвол та бид ч бас энэ төрд хэрэггүй. Хэрэв Монголд амьдарна гээд зүтгэвэл төсөв бүрдүүлэхийн тулд бүгдийг нь бас торгоно гээд байгаа. Мэдээж, “Made in China” болон бусад нь торгуулахгүй, зөвхөн ард түмэн л торгуулна. Нэгэн цагт бид төр улстай байлаа. Төр буй дор татвар байлаа. Татвар буй дор ард түмэн байлаа. Харин одоо төр буй дор татвар дээр нь бас торгууль байна. Торгууль буй дор хямрал байна. Хямрал буй дор ард түмэн ажлаасаа халагдаж, эх орноосоо дүрвэх болоод байна. Энэ бүхний эцэст ард түмэнгүй төр улам данхайсаар үлдэх нь байна.
Д.Лхагва-Очир
Эх сурвалж : www.unen.mn