Comment.mn

УБ-Налайхын замын түүхээр 5 минут аялаарай

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км шинэ автозамын хөдөлгөөнийг өчигдөр нээсэн билээ. 

Автозамыг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон иргэдийн төлөөлөл оролцов. Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгах ажээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар хотын хувьд, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын авто зам, Яармаг, Баянзүрх, Сонсголонгийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан сайхан жил боллоо. Монгол Улсын Засгийн газраас бүтээн байгуулалтыг нэгдүгээр сард  эхлүүлсэн Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж буйд баяртай байна. Тус чиглэлийн хуучин зам нь 60 гаруй жилийн турш арчилгаа хийгдээгүйн улмаас эвдэрч, аюулгүй зорчиход хүндрэл учруулж байсан. Ерөнхий сайдаас өгсөн даалгаврыг товлосон хугацаанд нь амжилттай гүйцэтгэж буй холбогдох яам, нийслэлийн авто замын газар, төслийн багийнханд талархаж байна” гэлээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Сүүлийн 60 жилийн хугацаанд огт шинэчлэл хийгээгүй хоёр эгнээ 7 метр өргөн Налайхын зам өдгөө дөрвөн эгнээ бүхий 26 метрийн өргөнтэй олон улсын стандарт, технологийн горимоор тавигдаж ашиглалтад орлоо. Энэ зам зүүн болон зүүн өмнөд аймгийг холбохоос гадна Монгол, ОХУ, БНХАУ-ын ачаа тээвэр дамжин өнгөрнө. Тиймээс энэ бол хөгжлийн зам. Мөн эзэн хааны өлгий нутаг Хан Хэнтий хийгээд Горхи, Тэрэлжийн цогцолборт газрыг холбох аялал жуулчлалын зам. Эцэст нь, энэ бол спорт, эрүүл мэндийн зам гэж болно. Учир нь ирэх жил тавих явган болон дугуйн зам нь Маршалын гүүр, цаашлаад Яармаг хүртэл үргэлжлэх юм” гэсэн юм.

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  “Синохайдро Лимитед корпорейшн”,  зөвлөх үйлчилгээг “Мөнхөд ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани ажиллаж байгаа юм. 

Ийнхүү 60 жилийн турш ямар ч засвар, шинэчлэл хийгдээгүй байсан замын түүхээр 5 минут аялана уу. 

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.