Comment.mn

Х.Мандахбаяр: Мөнгөгүй байгаа нь сэтгүүлч худалдагдах эрсдэлийг өсгөөд байна

Сэтгүүлч А.Бүрэнбаатар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяртай холбоотой мэдээлэл хийсэн. Тэрбээр сэтгүүлчийн нэр хүнд унаж байгааг МСНЭ-ийн ерөнхийлөгчтэй холбон тайлбарлаж, ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан юм. Энэ талаар Х.Мандахбаяртай ярилцлаа.

-Саяхан сэтгүүлч А.Бүрэнбаатар тантай холбоотой мэдээлэл хийж, ажлаа хугацаанаасаа өмнө өгөхийг шаардсан. Уг асуудалд та хэрхэн хандаж байна вэ?

-А.Бүрэнбаатар гэж хүн мэдээлэл хийж байгаа боловч цаана нь улстөрчид бий. Монголын томоохон улстөрч, олигархи байгаа. Энэ нь тун удахгүй ил болно. Өөрсдийнх нь дотоод зөрчил, тэмцэл нь эздээ зарлана. Би тодорхой мэдээллүүд авсан. Энэ бол хувь Мандахбаяр руу дайрч байгаа, ажил хэрэгч шүүмжлэл биш юм. Харин Монголын сэтгүүл зүйг хагалган бутаргах, сэтгүүлчийг хүчгүй байлгах гэсэн оролдлого. Нөгөөтэйгүүр, МҮОНРТ гэж томоохон байгууллага бий. Энэ байгууллагыг дандаа улстөржүүлж ирсэн. Сэтгүүлчид биш, улстөрчид улстөржүүлдэг байхгүй юу. Яагаад гэвэл социалист, ардчилсан нийгэмд ч улс төрийн том карьер хөөж байгаа улстөрчид хэвлэл мэдээллийн хэрэгслийг ардчиллын үнэт эрхэм зүйл гэж бодохоос илүүтэйгээр суртал ухуулгын томоохон зэвсэг гэж хардаг. Өөртөө үйлчлэх ёстой хэрэгсэл гэж харж, ханддаг болохоос яг сэтгүүлчид бидний өөрийн, иргэн хүний үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэх ардчиллын үнэт зүйл гэдгийг ойлгож ухаардаг улстөрч бага. Гэхдээ эцсийн эцэст улстөрчийн эрх ашгийг хамгийн их хөнддөг хүмүүс нь сэтгүүлчид шүү дээ. Нийгэмд үнэн бодит мэдээлэл задраад ирэхийн цагт сэтгүүлчдийн амыг хамхихын тулд ил, далд ажиллаж эхэлдэг. Одоо бол ил гараад ажиллаж байна. Хэдийгээр Бүрэнбаатарын ард нуугдаж байгаа ч удахгүй ил гарна.

-Сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийн нэр хүнд унаад байна гэсэн. Та үүнийг хүлээн зөвшөөрөх үү?

-Би хүлээн зөвшөөрч байна. Сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унасан. Өнөөдөр гэнэт уначихсан юм биш. 30 жил унаж байна.

1990 оноос өмнө социалист системийн үед хэвлэлийн эрх чөлөөний тухай ярих боломжгүй байсан. Гэхдээ тэр үеийн Монголын сэтгүүлчид соён гэгээрүүлэх үүргээ маш сайн гүйцэтгэж байсан. Лодонгийн Түдэв, Бямбын Ренчин гэх зэрэг хүмүүсээс сэтгүүл зүйн олон төрөл жанрыг дараагийн үе нь суралцаж гарч ирсэн. Сэтгүүл зүй нийгмийн өмнө ямар үүрэгтэй гэхээр би хоёр багцалж хардаг. Нэгдүгээрт, ардчилсан улсын сэтгүүлч шударга үнэний дуу хоолой байх ёстой. Хоёрдугаарт, нийгмийг соён гэгээрүүлэх үйлсийг дэлгэрүүлэх учиртай. Ерөөсөө сэтгүүлчийн хөдөлмөр тэмцэгчийн ажил гэсэн үг. Зүгээр аясаар яваад бүтдэг зүйл гэж байхгүй.

Ингээд 1990 оноос хойш ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэн. Манай ахмад сэтгүүлчдийн ур ухаан, зориг тэвчээр, ёс зүйгээр сэтгүүл зүйн салбар хуваагдахгүй үлдэж чадсан шүү дээ. Нэг хэсэг хоёр холбоотой байсныг манай салбарынхан мэднэ. Нэг талд нь Монголын сэтгүүлчдийн холбоо гээд 1951 онд байгуулсан. Нөгөө талд ардчилсан тогтолцоог дэмжсэн, жинхэнэ чөлөөт сэтгүүл зүйг дээдэлсэн холбоо гарч ирсэн. Үүний эцэг бол манай Ц.Дашдондов гуай шүү дээ. Ц.Дашдондов гуайгаар ахлуулсан ахмад сэтгүүлчид Монголын чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл гэдгийг байгуулсан. Ц.Дашдондов гуай “Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн холбоог татан буулгавал Монголын сэтгүүл зүйн 100 жилийн түүхийг үгүйсгэх гээд байсан учир энэ холбоог үлдээсэн юм” гэж ярьсан байдаг.

Ингээд чөлөөт өрсөлдөөн дээр суурилсан хувийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг бий болгох үзэл санаа руу явсан. Энэ үзэл санаан дээр Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсан. Мэдээж чөлөөт нийгмийн жам ёсны үзэгдэл, гажуудлууд гарч ирсэн. Нэг хэсэг мэргэжлийн сэтгүүл зүй дээр суурилаагүй шар хэвлэлүүд гарч ирлээ. Улмаар энэ байдал цэгцэрч, анхны чөлөөт хэвлэлүүд бойжсон түүхтэй. Үүний дараа 1996 оноос интернэт орж ирлээ. Анхны сайтууд гарлаа. Цахим сэтгүүл зүй нэвтэрсэн. Энэ мэтээр бид сүүлийн 30 жилд маш олон өөрчлөлтүүд авсан. Одоо бол телевизийн “бүүм” явж байна. Ер нь нийгмийн хөгжлийн явцад хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухайн цаг үеийн онцлогоос хамаарч уг салбарт олон тэсрэлт явагдаж байсан. Одоо бол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хумигдаж, редакциуд нь хүчирхэгжээд ирлээ.

Өнгөрсөн хугацаанд бид шударга үнэний дуу хоолой байхыг эрмэлзэж ирсэн. Магадгүй 10-15 жилийн өмнө чөлөөт сэтгүүл зүйг эрхэмлэж байсан сэтгүүлчид шударга үнэний дуу хоолойн талд хатуу зогсож байсан байх. Энэ нь гажуудсан. Интернэтэд суурилсан нийгмийн сүлжээний хөгжлийг дагаад энэ асуудал гажуудаж байгаа юм. Сэтгүүлчийн нэр, сэтгүүл зүйн нэр барьж сошиал орчинд гүтгэлэг явуулж байгаа хүмүүсийн гайгаар өнөөдөр Монголын сэтгүүл зүйн нэр хүнд ард түмэнд уначихаад байна. Шударга ёсны төлөө байх ёстой сэтгүүлчид худалдагдах явдал газар авсан. Гэхдээ тэр худалдагдаж байгаа сэтгүүлчийг хараарай. Сэтгүүлчийнхээ хувьд хэн бэ, энэ салбарт юу хийсэн бэ гэдгийг харах хэрэгтэй. Хоёрдугаарт, хэнд үйлчлээд байгааг харах нь зүйтэй. Ерөөсөө сэтгүүлчийг хэнд худалдагдсаныг бичиж байгаа зүйл нь илчлээд өгдөг. Тиймээс сэтгүүлчид бидэнд алдаа бий. Сэтгүүлчид шударга үнэний талд хатуу зогсох ёстой. Бид хэвлэлийн эрх чөлөөгөө эдэлж байна гээд бусдыг гутаан доромжилж, дайрч болохгүй. Бичих ур чадвараа сошиал орчинд нүүрээ нууж байгаад бусдыг гүтгэхэд зориулж болохгүй. Нөгөө талд нийгмийг соён гэгээрүүлэх ёстой. Бид сайн сайханд хөрөнгө оруулах шаардлагатай шүү дээ. Ингэж байж Монголын сэтгүүлчдийн нэр хүнд дээшилнэ.

-Сэтгүүлчид Зөрчлийн хуулиар торгуулж, шийтгүүлэх асуудал гарсаар байна. Тэгвэл Зөрчлийн хуульд туссан тодорхой зүйл заалтыг Эрүүгийн хууль руу оруулах асуудал яригдаж байгаа юм билээ. Ингэснээр сэтгүүлчийг хамгаалсан бодитой ахиц гарах уу?

-Зөрчлийн хууль дээр МСНЭ оройлон ажилласан. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа олон жилийн түүхтэй 15 төрийн бус байгууллагыг нэгтгэж, хамтдаа яг тэр хууль дээр үзэл санаагаа нэгтгээд Зөрчлийн хуулийн 6.21 буюу хувь сэтгүүлчийг хоёр сая, хуулийн этгээдийг 20 саяар торгож, хуульгүйгээр “заазалж” байгаа явдалтай эрс хатуу тэмцсэн. Үүний үр дүнд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ажиллаж буй хоёр ажлын хэсэг Зөрчлийн хуульд байгаа холбогдох заалт гажуудалтайг хүлээн зөвшөөрсөн. 6.21 дүгээр заалтыг авч хаяна гэдэг дээр төр, сэтгүүлч, салбар нь ч тодорхой хэмжээнд нэгдээд байна гэсэн үг. Анхнаасаа энэ заалт улс төрийн захиалгатай орж ирсэн гэж хувь хүний хувьд үздэг.

Нөгөө талд Эрүүгийн хуульд 6.21 дүгээр заалт бүр чангараад ороод ирэх вий. Баривчилдаг, хорьдог, насаараа эрүүгийн зүйл заалттай байдаг заалтыг сэтгүүлчдэд хэрэглэх асуудал явж байхыг үгүйсгэхгүй. Үүн дээр сэтгүүлчид маань нийлж тэмцэх ёстой. Энэ сарын 18-нд “Хараат бус сэтгүүл зүй ба хууль эрх зүйн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна. Үүнд яам, шүүх, прокурор, цагдаа зэрэг төрийн байгууллага, мөн сэтгүүлчид өргөнөөр оролцно. Уг хэлэлцүүлгээр тал бүрээс нь ярих байх. Илүү тодорхой хариулт гарч ирэх болов уу гэж бодож байна.

-Та сэтгүүлчид шударга үнэний дуу хоолой байх ёстой гэж хэллээ. Гэтэл шударга үнэний дуу хоолой болсныхоо төлөө дарамт шахалтад өртөж байгаа сэтгүүлчид олон бий. Тэдний ард МСНЭ хэрхэн хамгаалалт болж чадаж байна вэ?

-Шинээр сонгогдсон удирдлагууд хамгийн эхний хурлаар таны хэлсэн ажлыг хийсэн. Бид шүүх дээр очсон, цагдаад баригдсан сэтгүүлчээ хэрхэн хамгаалах вэ гэж ярилцсан. Нэгэнт хууль нь ийм юм чинь бид үүний дагуу л явж таарна. Үүн дээр гол нь өмгөөллийн үйл ажиллагаа юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд орон тооны өмгөөлөгч, хуулийн зөвлөх ажилд авсан. Г.Балжмаа өмгөөлөгч ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд маш олон асуудлыг шийдсэн. “Монголын мэдээ” сонин 10 сая төгрөгөөр торгуулах гэж байхад болиулж чадсан. Ерөнхий сайд байсан хүн Д.Оюун-Эрдэнэ гэж сэтгүүлчийг Зөрчлийн хуулиар цагдаад өгсөн. Бид мөн хамгаалж хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Үнэн чанартаа Ерөнхий сайд байсан хүн нь сэтгүүлчийг гүтгэсэн байсан. Мөн Эрдэнэтэд сэтгүүлчийн асуудал босч ирсэн. Түүнийг хамгаалж тэмцсэн. Ялалт байгуулсан. Одоо бол “Гацуурт” компанийн үүсгэн байгуулагч Л.Чинбат хоёр сэтгүүлчийг цагдаад өгсөн байгаа. Үүн дээр МСНЭ өмгөөллийн эрх зүйн туслалцаа үзүүлээд явж байна.

Сэтгүүлч баримт дэлгэж тавихаар нэг эрх мэдэлтэн, олигарх сэтгүүлчийг мохоож унагаах нь хамгийн шилдэг арга болчихоод байна. Тэгээд сэтгүүлчийг шийтгүүлчих юм бол “За хараа биз. Манай компани зүгээр, миний үйл ажиллагаа шударга. Сэтгүүлч л худлаа ярьсан байгаа биз” гэж өөрсдийгөө хамгаалж байгаа юм. Нэг инээдтэй жишээ ярья. Аймгийн ИТХ-ын дарга нэг жилийн дотор 15 удаа гадаадад аялсан байгаа юм. Түүнийг нь сэтгүүлч дэлгэж, 13 орчим удаа аялсан гээд биччихсэн. Гэтэл цагдаа сэтгүүлчийг торгосон. Үндэслэл нь юу гээч, 15 удаа аялсан байхад 13 гэж гүтгэсэн байна гэсэн. Энэ бол яг бодитой жишээ. Асуудал ийм л байна. Эрх мэдэлтэн, мөнгөтэй хүмүүсийн өмнө сэтгүүлч, сэтгүүлзүй хүчгүй байна. Ямар ч байсан МСНЭ хуульч ажиллуулаад сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалахын төлөө явж байгаа. Ний нуугүй хэлэхэд, ингээд бүгдийг шийдэж чадахгүй. Тийм учраас бидний хамгийн том хамгаалалт бол эв санааны нэгдэл юм. Бид эв санаагаар нэгдэх ёстой. Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандах учиртай. Чөлөөт сэтгүүл зүйг дэмждэг олон улсын сэтгүүл зүйн байгууллагууд, хүний эрхийг хамгаалдаг байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой. Энэ хамтын ажиллагаа бий болж байж хамгаалагдана. Ийм учраас 2019 оныг бид гадаад харилцааны жил болгон зарласан. Одоогоор бид 30 гаруй орны сэтгүүл зүйн байгууллагатай буюу сэтгүүлчдийн холбоодтой хамтын ажиллагааны санамж бичиг зураад байна. Үүний цаана олон улсад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг байгууллага хүлээн зөвшөөрөгдөх, дээрээс нь ерөөсөө л эв санааны нэгдэл гэсэн малгайн доор орох ёстой. Бид олон улсын хамгаалалтад орж байж дотоодын дайснуудтайгаа тэмцэж чадна. Гаднаас Монголын сэтгүүл зүй рүү орж ирж байгаа улс төрийн зорилготой янз бүрийн сан, төрийн бус байгууллагуудын дайралт, мөнгөний бөгөөд бодлогын дайралтыг зогсоож чадна.

Би Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгчийн хувьд гүтгүүлж, дайралт, дарамтад орж байгаа. Хэн байх нь надад хамаагүй. Ямар ч хүн сэтгүүл зүйн салбарт ажил үүргээ гүйцэтгэж явж байгаад дарамт шахалтад орох, заналхийлэлд өртөх, хуулийн хайчин дунд эрх ашиг нь зөрчигдөх, хувийн алдар хүнд нь унах асуудалд хатуу зогсоно. Өөрийнхөө бүх зүйлийг зориулж тэмцэнэ. Үүнийг би хатуу хэлж байна. Би тэмцэхгүй, үүний араас гүйхгүй бол хэн хамгаалах юм бэ. МСНЭ-ийг толгойлж байгаагийн хувьд ямар ч байсан өөрийнхөө үед сэтгүүлчээ өмгөөлж хатуу зогсоно.

-Сэтгүүлчийн ёс зүй, шударга байдал гэх зэргээр хариуцлагатай холбоотой олон асуудлыг ярилаа. Гэтэл тэдний нийгмийн асуудалд анхаарлаа хандуулж байгаа хэвлэл цөөн байна. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?

-Та бид хоёр эв санааны нэгдэл, хууль эрх зүй, сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүй, сэтгүүл зүйн салбарын нэр хүнд унаад байна гэх зэргээр ярилаа. Эцсийн бүлэгт хамгийн том шалтгаан мөнгөн дээр байна. Үүнийг би шууд хэлж байгаа. Би анх гарч ирээд хэлсэн. Манай ерөнхийлөгч гарч ирээд сэтгүүлчээ ярихгүй мөнгө яриад эхэллээ гэж зарим нь шүүмжилсэн. Харин одоо олон сэтгүүлч ойлгодог болсон. Мөнгөгүй редакци яаж оршин тогтнох юм. Мөнгөгүй сэтгүүлч яаж амьдралаа авч явах юм бэ. Хүүхдүүдээ мэргэжлийн ёс зүй, сэтгүүлч мэргэжлийн итгэл үнэмшил, хуулиар тэжээх юм уу. Эцэг хүн хөдөлмөрөөрөө олсон мөнгөөр л гэр бүлээ тэжээнэ. Гол нь олж байгаа цалин орлого хууль ёсных байх ёстой. Хоёрдугаарт, сэтгүүлч мэргэжлийнхээ ёс зүйг сахиж олсон байх учиртай. Ийм байвал сэтгүүлч та баатар. Ийм аргаар явж байгаа сэтгүүлч болгон баатар юм шүү.

Нийгмийн асуудал нь шийдэгдвэл мэргэжлээ худалдахгүй байх, ёс зүйгээ сахин хамгаалах чин хүсэл бий болно. Даанч ар гэр нь хоосон хонох гээд байхад өнөөдөр таван “цаас” аваад Мандахбаярыг гүтгэх үү гэсэн сонголт хийх шаардлагатай тулгарч байна. Цалингаа тавьж чадахгүй байгаа эрхлэгч эзнийхээ өмнө нүдээ бүлтэлзүүлээд сууж байгаа. Цалингаа тавиач ээ, чамд зориулж өчнөөн хөрөнгө оруулалт хийсэн биз дээ хэмээн цаадуул нь загнадаг. Тэр эрхлэгч Мандахбаярыг гүтгээд 10 сая төгрөг авчихвал цаадах чинь сэтгүүлч юм даа, ойлгох байлгүй гэдэг. Ийм үзэгдэл байна. Энэ нь эргээд салбарын нэр хүндийг унагаж байгааг ойлгох хэрэгтэй.

Тэгэхээр сэтгүүл зүйн салбарын санхүүгийн хараат бус байдлыг бүх түвшинд дээшлүүлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй. Сэтгүүлчийн цалинг өсгөхгүйгээр шийдэгдэхгүй. Ядаж МСНЭ-ийн өөрийнх нь санхүүгийн хараат бус байдлыг шийдэхгүйгээр цаашаа явахгүй гэдгийг би хатуу ойлгож байна. Би 1998 оноос энэ салбарт тасралтгүй 21 дэх жилдээ ажиллаж байна. Эндээс миний олж авсан хамгийн том ухаарал, итгэл үнэмшил ерөөсөө л энэ. Би сэтгүүлч, редакторын ажил хийхийн хажуугаар медиа менежер хийсэн хүн. Өөрийгөө боломжийн сэтгүүлч гэдгийг мэднэ. Дээрээс нь бизнесийн арга ухаанд суралцсан. Тэгэхээр би энэ хос туршлагаа салбартаа зориулж байна. Ямар ч байсан Мандахбаярын үед Монголын сэтгүүлзүйн санхүүгийн хараат бус байдлыг дээшлүүлэхийг хүсдэг.

Үүний тулд 1000 сэтгүүлчийн орон сууцыг барихын төлөө хичээн ажиллаж байна. Харамсалтай нь уг төслийг хамтарч хэрэгжүүлж байсан компанийн газрыг цуцлаад хаячихсан. Янз бүрийн шалтгаан байгаа байх. Гэхдээ яагаад компанийн иргэдээс худалдаад авчихсан газрыг цуцалсан бэ гэж гайхаж байна.

Сэтгүүлч ордон барихыг хичээж байгаа. 16 давхар байшингийн зураг гаргаад тавьчихсан. Хөрөнгө мөнгөгүй зогссон. Гэхдээ мөнгө олдоно. Заавал барина. Өөрийнхөө үед энэ 16 давхар ордонг барьж байж санаа амарна.

Нөгөө талд мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх “Дэлхийн монгол сэтгүүлч” үндэсний хөтөлбөр байна. Уг хөтөлбөрийг ивээлдээ авч ажиллаач гэж Ерөнхийлөгчид хандсан. Дараа нь Ерөнхий сайдад хандсан. Засгийн газрын хэвлэл мэдээллийн алба уг асуудлыг нухацтай судалж байна, хамтарч ажиллая гэсэн чиг өгсөн. Гэхдээ бүрэн шийгдээгүй л байна. Тэгэхээр санхүүгийн асуудлаа шийдсэн сэтгүүлч мэргэжлийн ёс зүйгээ баримтална. Мөнгөгүй байгаа нь сэтгүүлч худалдагдах эрсдэлийг өсгөөд байна. Бид асуудлыг сууриар нь олж харах ёстой. МСНЭ маш их ажил хийдэг шүү дээ. Би та бүхэнд хийсэн ажлын тайлан гаргаад өгчихье. Тэндээс юу хийж байгааг харж болно. Мандахбаяр ганцаараа хийгээд байгаа юм биш. Удирдах зөвлөлийн 15, хяналтын зөвлөлийн долоон гишүүн гэх зэргээр энэ салбарын ажлыг урагшлуулахын төлөө сэтгэл зүрхээ гарган ажиллаж байна. Мөн 61 хүнтэй бага хурал ажиллаж байгаа. Бүгд л зүтгэж байна.

Ер нь сэтгүүлчийг ядуу, өлмөн зэлмүүн байлгах сонирхолтой улстөрч, олигархиуд олон байна. Ингээд худалдаж авах гэж дайрдаг. Худалдагдахгүй болохоор нэр хүндийг нь гутаан доромжилж, шившиглэдэг асуудал байна.

-МСНЭ-ийн удирдах зөвлөл хууль бус гэж ярьж байгаа шүү дээ?

-МСНЭ-ийн их хурал хууль ёсных. Бүх хууль дүрмийн хүрээнд зохион байгуулсан. Одоогийн энэ эсэргүүцээд яваад байгаа Ц.Шаравдорж болон бусад хүмүүс нийлж зохион байгуулсан. Тэр үед би МСНЭ-ийн жирийн гишүүн байсан. Шаравдоржтой хамт байсан хүмүүс тухайн үед удирдах зөвлөлдөө олонх байсан юм шүү. Өөрсдөө мэдэж мандат хуваарилсан байсан. Гэтэл надад их хуралд орох мандат олдохгүй байсан шүү дээ. Тэгсэн атал Мандахбаяр МСНЭ-ийн их хурлыг зохион байгуулж, хайрцаглаад сонгогдчихлоо гэж гүтгэж байгааг ойлгохгүй юм. Надад хуралд оролцох мандат олгоогүй. Бүр сошиалаар Мандахбаярт мандат олгооч гэж хөдөлгөөн хүртэл бий болсон. Тэгж байж ганц мандат олдсон. Нийт 305 мандат тараагдсанаас 270 гаруй хүн ирж 190 мандатаар би сонгогдсон. Бүх дүрэм журмын хүрээнд сонгогдсон. Үүний дараа Шаравдорж гэж хүн над руу ил, далд дайралт хийсэн асуудлууд бий.

Шаравдорж МСНЭ-ийг шүүхэд өгсөн. Эхлээд их хурал хүчингүй гэж маргасан. Гэтэл энэ асуудал нь тодорхой нотлох баримтаар үгүйсгэгдээд ирэхээр одоо МСНЭ-ийн орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгчийг сонгосон салбар хуралдаан хүчингүй гэж маргаж байна. Тэгвэл намайг дэд ерөнхийлөгч болго гээд орон нутгийн салбар зөвлөлийн хурлыг хуралдсан мэтээр тогтоол үйлдэж, дэд ерөнхийлөгчөөс Батбаярыг чөлөөлөх, өөрийгөө томилуулах бүх сценарыг бичээд энэ дагуу яв гэж явуулсан байдаг. Үүнийг манай хуульчийн цахим хаяг руу илгээсэн. Энэ асуудал нь илрэх гээд сандаргаж байгаа юм. Угаасаа ч илэрнэ. Иргэний журмаар шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа учир би нотлох баримтуудыг ил гаргаж тавьж болохгүй байна.

-Таны уул уурхайтай тэмцэж байгаагийн цаана ямар ашиг сонирхол байна вэ?

-Би байгаль эхээ хамгаалах, уул уурхайг хариуцлагатай байлгахын төлөө тэмцэж байна. Ингэснээр би уул уурхайн ажил хийж байгаа юм биш. Сэтгүүлчийнхээ хувьд ажиллаж байна. Хамгийн том асуудлууд уг салбарт байна. Энэ гажуудсан салбарыг засах, хариуцлагатай байлгах, булхайг илчлэх нь сэтгүүлчээс эр зориг шаарддаг. Олон сэтгүүлч үүний төлөө тэмцэж ирсэн. Тухайлбал, Ц.Балдорж агсан “Далай ээж цаазын тавцанд” хэмээн бичиж байсан. Мөн Л.Болормаа сэтгүүлч зэрэг олон хүнийг дурдаж болно. Ер нь уул уурхайн салбарт асар их хэмжээний мөнгө эргэлддэг. Үүнийг дагаад мафижсан, хууль бус үйл ажиллагаанууд их байдаг. Би энэ бүхний эсрэг зогссоноор үлгэр дуурайл үзүүлж, уриалан дуудаж байгаа юм. Би зогсохгүй, ухрахгүй, няцахгүй.

Г.БАТЗОРИГ

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН

Төр Төмбөгөр

Your Header Sidebar area is currently empty. Hurry up and add some widgets.